Монгол Улс дахь хүн худалдаалах гэмт хэргийн нөхцөл байдлын 2020 оны тайлан монгол, англи хэл дээр гарчээ. АНУ Монгол Улс төдийгүй нийт 188 орны Засгийн газрууд хүн худалдаалах гэмт хэргийн эсрэг дэлхий даяар хэрхэн тэмцэж буй талаар жил бүр тайлан гаргадаг юм. Ташрамд дурдахад АНУ-ын Элчин сайдын яамны зүгээс Монгол Улсын Засгийн газар болон иргэний нийгэмтэй хамтран Монгол Улс дахь хүүхэд худалдаалах бүх төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх зорилготой таван сая ам.доллар буюу 15 сая тэрбум төгрөгийн Хүүхэд хамгааллын компакт хөтөлбөр дээр хамтран ажиллаж байгаа юм. Монгол Улс дахь хүн худалдаалах гэмт хэргийн нөхцөл байдлын 2020 оны тайланг бүрэн эхээр нь хүргэж байна.
МОНГОЛ УЛС: 2-р Шатлал
Монгол Улсын Засгийн газар хүн худалдаалах гэмт хэргийг таслан зогсооход тавигдах суурь шаардлагыг бүрэн хангаж чадахгүй байгаа хэдий ч энэ чиглэлээр ихээхэн хүчин чармайлт гаргаж байна.
Засгийн газар өмнөх жилийн тайлант хугацаатай харьцуулахад өөрөөс гаргах ерөнхий хүчин чармайлтаа нэмэгдүүлсэн учраас Монгол Улс 2-р шатлалд хэвээр үлдсэн. Тухайлбал, өмнөх тайлант үеийнхээс дурдахуйц олон тооны хүний наймаачдыг яллаж, илүү олон хохирогчдыг илрүүлсэн. Гэсэн хэдий ч, Засгийн Газар хэд хэдэн гол чиглэлээр суурь шаардлагыг хангаагүй. Холбогдох эрх бүхий байгууллагаас гадаадын харьяат эсхүл эрэгтэй хохирогчийг олж тогтоогоогүй, мөн хохирогч таньж илрүүлэх буюу холбон зуучлах стандарт журам нэвтрүүлэх талаар хангалттай хүч нөөц зориулаагүй болно. Хөнгөн ял шийтгэл оногдуулах, хүүхдээр гуйлга гуйлгах гэх зүйл ангиар хэдэн хэрэгт яллах дүгнэлт үйлдсэнээс бусдаар эрх бүхий байгууллагаас хүүхдийн албадан хөдөлмөр эрхлэлтийг илрүүлсэн эсхүл мөрдөн байцааж, прокуророос хэрэг үүсгэсэн тохиолдол байхгүй байна.
МОНГОЛ УЛСАД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ
Хүн худалдаалах гэмт хэргийг мөрдөн шалгаж, хэрэг үүсгэхдээ Эрүүгийн хуулийн хөнгөн ял шийтгэл дагуулах зүйл, заалтаас илүү тус хуулийн 12.3 болон 13.1-р зүйлчлэх байдлыг нэмэгдүүлэх.
• Албадан хөдөлмөр эрхлүүлэх гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах, хэрэг үүсгэх болон шүүхээр ял шийтгэл оногдуулах хүчин чармайлтаа нэмэгдүүлэх.
• Хүн худалдаалсан гэм буруутай этгээдэд хорих ял багтаасан зүй ёсны ял шийтгэлийг оногдуулах.
• Хүн худалдаалсан сэжигтэнд албан ёсоор эрүүгийн хэрэг үүсгэсэн эсэхээс үл шалтгаалан хохирогчид хамгаалах үйлчилгээ авах боломжийг хангах үүднээс холбогдох хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах.
• Цагдаа, гадаадын иргэн, харьяатын газар болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн байгууллагуудын албан хаагчдад хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийг, ялангуяа гадаадын ажилчид, томоохон хилийн боомтуудаар дамжин өнгөрч буй дотоод, гадаадын иргэд, уул уурхайн бүсэд амьдарч буй хүүхэд, эмэгтэйчүүд, болон ЛГБТИ хүмүүсийн дунд түлхүү таньж илрүүлэх, хамгаалах үйлчилгээнд холбон зуучлахад удирдлага болгох албан ёсны журмуудыг системтэй болгож, бүрэн хэрэгжүүлэх.
• Хүн худалдаалахтай тэмцэх, хохирогчийг хамгаалах чиглэлээр байгууллага хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх.
• Эрүүгийн хуулийн 16.1 болон 16.4-р зүйлд нэмэлт өөрчлөлт оруулж, түүнд хамаарах ял шийтгэлийг хүүхэд худалдаалах бусад гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлтэй дүйцэх хэмжээний хүнд ял шийтгэлтэй болгох.
• Холбогдох албан хаагчид, ялангуяа орон нутгийн прокуроруудад Эрүүгийн хуулийн хүн худалдаалахтай тэмцэх заалтуудыг хэрэгжүүлэхэд нэмэлт хөрөнгө нөөц хуваарилж, эрчимтэй сургах.
• Төрийн болон ТББ-уудын ажиллуулдаг хохирогч хамгаалах байрны үйл ажиллагаа, мөн эрэгтэй хохирогч болон хүүхдүүд зэрэгт чиглэсэн хохирогчийг хамгаалж, тусламж үзүүлэх бусад хэлбэрийн тусгай үйл ажиллагааг өргөтгөж, дэмжихэд нэмэлт санхүүжилт олгох.
• Худалдаалагдсан хэлбэрээс үл харгалзан гадаадад хохирогчоор тогтоогдсон Монгол Улсын бүх иргэдэд тусламж үзүүлэхэд зориулсан санхүүжилтийг нэмэгдүүлэх.
• Хөдөлмөрийн хяналтын байцаагч нарын санхүүжилтийг нэмэгдүүлж, гэнэтийн шалгалт хийх эрхтэй болгох зэргээр Монгол Улсад хөдөлмөр эрхэлж буй гадаадын ажилчдын хөдөлмөрийн нөхцөлд тавих хяналтыг сайжруулах, тэдгээрийг хөдөлмөрийн мөлжлөгийн шалгуур үзүүлэлтээр таньж, үнэлэх.
ЯЛ ШИЙТГЭЛ ОНОГДУУЛАХ
Засгийн газар нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах хүчин чармайлт гаргасан хэвээр байна. Эрүүгийн хуулийн 13.1-р зүйлээр хөдөлмөрийн болон бэлгийн мөлжлөгийн зорилгоор хүн худалдаалахыг гэмт хэрэгт тооцдог болсон. 13.1-р зүйлд хүн худалдаалах гэмт хэргийг насанд хүрсэн хүний эсрэг үйлдсэн бол 2-8 жилийн хорих ял, хүүхдийн эсрэг үйлдсэн бол 5-12 жил хүртэлх хугацаагаар хорих ял оноохоор заасан. Эдгээр ял шийтгэл нь хангалттай чанга бөгөөд бэлгийн мөлжлөгийн зорилгоор хүн худалдаалах гэмт хэргийн ял нь хүчин гэх мэт бусад хүнд гэмт хэрэгт оногдуулдаг ялтай дүйхүйц хүнд заалт болсон. Эрүүгийн хуулийн 12.3-р зүйлд бэлгийн мөлжлөгийг гэмт хэрэгт тооцсон бөгөөд үүнд бэлгийн мөлжлөгийн зорилгоор хүн худалдаалах зарим хэлбэрүүдийг мөн хамаарсан. 12.3-р зүйлд бэлгийн мөлжлөгийн зорилгоор хүн худалдаалах гэмт хэргийг 14-өөс дээш насны хүний эсрэг үйлдсэн бол 2-8 жилийн хорих ял, 14-өөс доош насны хүүхдийн эсрэг үйлдсэн бол 12-20 жил хүртэлх хугацаагаар хорих ял оноохоор заасан. Өмнөх жилүүдийн адилаар эрх бүхий байгууллагаас заримдаа хүн худалдаалах гэмт хэрэгт яллахдаа хөнгөн ялаар зүйлчилсэн байна. 16.1 болон 16.4-р зүйлд “хүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах”, “хүүхдээр гуйлга гуйлгах” үйлдлийг гэмт хэрэгт тооцож, хоёуланд нь зорчих эрхийг хязгаарлаж, нэгээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан. Зарим прокурор хүүхдээр гуйлга гуйлгасан хэргийг эрүүгийн бус зөрчлийн хуулиар шийдвэрлэсэн гэх мэдээлэл байна. Хэрэгт хавтаст хэрэг нээж, холбон зуучлах журам ярвигтайн дээр хүн худалдаалахтай тэмцэх цагдаа, прокурорууд хоорондын харилцах байдлыг хязгаарласан байдаг нь мөрдөн шалгах, яллах ажиллагаанд саад учруулж буй гэж талууд онцолсон.
Тайлант хугацаанд төрөөс 24 сэжигтэн холбогдогчтой 10 хэрэгт мөрдөн байцаалт явуулсан (2018 онд 62 сэжигтэн холбогдогчтой 17 хэрэг байсан). Цагдаагийн ерөнхий газар (ЦЕГ)-аас хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн бүтцийг хэвээр хадгалж, тус тасгаас дээрх бүх хэргүүдэд мөрдөн байцаалт явуулсан (2018 онд 11 хэрэг, 2017 хэрэг мөрдөөгүй).
Өмнөх тайлант хугацаанд хавтаст хэрэг нээсэн бэлгийн мөлжлөгийн зорилгоор хүн худалдаалсан гэх зургаан хэргийн мөрдөн шалгах ажиллагаа жил дамнан үргэлжилсэн. Прокурорын байгууллагаас тайлант хугацаанд албадан хөдөлмөр эрхлүүлсэн үндэслэлээр шинэ хэрэг үүсгэсэн эсхүл яллах дүгнэлт үйлдсэн тохиолдол байхгүй боловч өмнөх жил эхлүүлсэн гурван албадан хөдөлмөрийн хэргийг шийдвэрлүүлсэн байна. Тэд гурван шүүгдэгчийг 12.3-р зүйл, зургаан шүүгдэгчийг 13.1-р зүйлээр шинээр ялласан (2018 онд 6 болон 15 шүүгдэгчид тус тус байсан). 2018 онд эрүүгийн хэрэг үүсгэсэн хэргүүдээс 12.3-р зүйлээр 12 хэрэг, 13.1-р зүйлээр 13 хэрэг тайлант хугацааны эцэст шийдвэрлэх явцдаа байсан. Прокурорын байгууллага 12.3-р зүйл ангиар ялласан хэргийн 2-ыг, 13.1-р зүйл ангиар ялласан хэргийн 4-ийг 2019 онд шүүхийн шатанд шилжүүлсэн. Шүүхээс 2019 онд хүн худалдаалах зүйл ангиар 12 иргэнийг гэм буруутайд тооцсон (гурав нь албадан хөдөлмөр эрхлэлт, ес нь бэлгийн мөлжлөгт гэм буруутай) бол 2018 онд уг үзүүлэлт нийт зургаа, 2017 онд хэрэг бүртгэгдээгүй байна. Шүүхээс 16.1-р зүйл ангиар 10 иргэнийг, 16.4-р зүйл ангиар хоёр иргэнийг гэм буруутайд мөн тооцсон (2018 онд мэдээлэл бүртгэгдээгүй). Эрх бүхий байгууллагуудаас оногдуулсан ял шийтгэлийн бүрэн мэдээллийг тайлагнаагүй боловч Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс хүн худалдаалсан есөн гэмт этгээдэд таваас найман жилийн хорих ял оногдуулж, дор хаяж нэг хохирогчид 798,400 төгрөгийн хохирлын нөхөн төлбөр төлүүлэх шүүхийн шийдвэр гаргасан гэж мэдээлсэн.
Эрүүгийн шинэ хууль 2017 онд хэрэгжиж эхэлснээр прокурорууд хүчингүй болсон Эрүүгийн хуулийн зүйл, заалтаар үүсгэсэн байсан 26 хэргийг шинэ хуулийн 13.1, 12.3-р зүйлд хамаарах эсэхийг нэг бүрчлэн шалгалгүйгээр хэрэгсэхгүй болгосон. Улсын ерөнхий прокурорын газраас хэрэгсэхгүй болсон дээрх хэргүүдийг дахин үнэлж, албан ёсоор сэргээх эсэхийг шалгах ажлын хэсэг 2018 онд байгуулсан боловч ажлын хэсгийн дүгнэлтийн талаарх мэдээллийг тайлант хугацаанд ирүүлээгүй бөгөөд аль ч хэргийг сэргээгээгүй байна. Өмнөх тайлант хугацаанд, олон улсын ажиглагчид хүн худалдаалсан хорих ялтныг хугацаанаас нь өмнө суллаж буй төрийн үйлдлийг хэт өршөөнгүй бөгөөд энэ төрлийн гэмт хэрэг зогсохгүй байхад хүргэж байж болзошгүй хэмээн санаа зовниж буйгаа илэрхийлсэн байна.
Төрийн алба хаагчдын дунд зөвхөн охид, эмэгтэйчүүд хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болдог гэх нийтлэг ташаа ойлголт байдгаас үүдэн эрэгтэй хохирогчтой хүн худалдаалах гэмт хэрэгт 13.1, 12.3-р зүйл ангиар бус харин илүү хөнгөн ялтай зүйл ангиар яллаж байна. Засгийн газраас хууль сахиулах байгууллагын ажилчид болон нийгмийн ажилтнуудад хүн худалдаалах гэмт хэргийн чиглэлээр тусгай сургалт зохион байгуулж, холбогдох санхүүжилт болон мөнгөн бус дэмжлэг үзүүлсэн хэвээр байна. Гэвч хууль сахиулах байгууллагуудын мэдээлж байгаагаар шүүх байгууллагын албан тушаалтнууд Эрүүгийн хуулийн хүн худалдаалах гэмт хэрэгтэй холбоотой тодорхой заалтуудын талаар сайн мэдэхгүй байгаа нь зарим хэргүүдэд хөнгөн ял шийтгэл оногдуулахад хүргэдэг байна. Хүн худалдаалах гэмт хэргийг зохих ёсоор шийдвэрлэхэд нэмэлт сургалт, хөрөнгө нөөц болон мэргэжлийн хүн хүч нэн шаардлагатай байгаа талаар холбогдох талууд илэрхийлсэн байна.
Монгол Улс нь Хятад, Тайланд болон Малайз улсуудтай эрх зүйн харилцан туслалцааны гэрээтэй ажиллаж байна. Өмнөх жилүүдийн адилаар, төрийн албан хаагчийн хамтран оролцсон хэрэгт мөрдөн байцаалт явуулсан, ялласан эсхүл шүүхээр гэм буруутайд тооцсон эсэх талаар төрөөс мэдээлэл өгөөгүй.
ХОХИРОГЧ ХАМГААЛАЛТ
Засгийн газар хохирогчдыг хамгаалах хүчин чармайлтаа бага зэрэг нэмэгдүүлсэн. Хумигдмал хэвээр байгаа хохирогч хамгаалах үйлчилгээний дийлэнхийг ТББ-ууд, бага хэсгийг төрийн байгууллагаас үзүүлсэн хэвээр байна. ТББ-ын ажиллуулдаг хоёр хамгаалах байр нь улсын хэмжээнд хохирогчдод үйлчилдэг гол байгууллага бөгөөд тэдгээрийн нэг нь л эрэгтэй хохирогч авах боломжтой, хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх нөхцөл бүрдээгүй. Гэр бүлийн болон бусад төрлийн хүчирхийллийн хохирогчдын хамт хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдыг байлгадаг хоёр байрыг төрөөс ажиллуулдаг. Хүнд худалдаалагдаж, бэлгийн мөлжлөгт өртсөн хохирогч хүүхдүүд эдгээр хоёр байранд байхдаа хараа хяналт сул, тусгайлсан халамж, үйлчилгээ дутмагаас болж дахин бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж талууд мэдээлсэн. ЦЕГ-ын мөрдөн байцаагчид хохирогчийг таних 11 асуулт бүхий хүн худалдаалах эрсдэлийн хяналтын хуудас ашигладаг гэж мэдээлсэн. Гэвч өмнө нь мэдээлж байснаас эсэргээр эмзэг бүлгийнхнийг таньж, үнэлэх ажиллагаа энэхүү процессод суугдаагүй байна. Бодит практик дээр, хохирогчдыг олж тогтоох, тэднийг үйлчилгээнд хамруулах журам тодорхой бус, хангалттай хэмжээнд системчилсэн биш, мөн ихэнх тохиолдолд тухайн мөрдөн байцаагчийн мэдлэг, идэвх санаачилгаас ихээхэн хамаардаг болохыг ТББ-ууд мэдэгдсэн.
Тайлант хугацаанд эдгээр хоёр бүлэгт хүн худалдаалах гэмт хэргийн тархалт их байсан ч төрийн өмчит болон голлох үйлчилгээ үзүүлэгч ТББ-ын аль алинаас гадаадын болон эрэгтэй хохирогч иргэдийг илрүүлээгүй. Төрөөс хохирогчийг таньж олох эсхүл үйлчилгээ үзүүлэх талаар бүрэн статистик бүртгэл хөтлөөгүй. Байгаа мэдээллээс харахад, цагдаагийн байгууллага хүн худалдаалах гэмт хэргийн 68 эмэгтэй хохирогч, түүний дотор 20 охидыг илрүүлсэн нь 2018 онд тогтоогдсон нийт 20 хохирогчдоос өссөн үзүүлэлт болсон. Холбогдох эрх бүхий байгууллагаас тайлант хугацаанд таван монгол хохирогчийг ТББ-ын хамгаалах үйлчилгээнд (2018 онд сэтгэл засал, нийгмийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээнд найман хохирогч), 11 хохирогчийг ТББ-аас үзүүлэх эрх зүйн туслалцаанд (2018 онд бүртгэгдээгүй) тус тус зуучилсан байна. Нэг ТББ нь бэлгийн мөлжлөгийн 34 хохирогчдод (2018 онд албадан хөдөлмөрийн нэг, 38 хүн бэлгийн мөлжлөгийн хохирогч) туслалцаа үзүүлсэн. Эдгээрт Филиппин улсаас буцаж ирсэн нэг хохирогч, Хятад улсаас буцаж ирсэн нэг, мөн Монгол Улсад хүн худалдаалагчдын хохирогч болсон 32 хүн орж байна. Тус ТББ нь холбогдох сэжигтнүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар 20 хохирогчтой холбоотой 12 хэргийн талаар ЦЕГ-т мэдээлсэн. ЦЕГ-ын Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтэс гэр бүлийн хүчирхийллийн хэрэг дээр ажиллахад бэлтгэгдсэн сэтгэл зүйчдийг ажилд авсан гэж мэдэгдсэн боловч 2019 онд хүн худалдаалах гэмт хэргийн ямар нэг хохирогчдод үйлчилгээ үзүүлээгүй байна. 2019 онд тогтоогдсон хохирогчдоос 25 нь эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, бэлгийн мөлжлөгийн хохирогчдод тусламж үзүүлэхэд түлхүү чиглэсэн Өмнөд Солонгосын санхүүжилттэй төслийн хүрээнд хамгааллын үйлчилгээ авсан. Тухайлбал, 12 иргэнд шууд тусламж үйлчилгээ үзүүлсэн, 10 иргэнийг нийгмийн хөтөлбөрт, гурван иргэнийг мэргэжлийн сургалтад зуучилсан байна. Өөр нэг ТББ нь Хятадтай залгаа гол хилийн боомтуудаар эрсдэлтэй охид, эмэгтэйчүүдийг таньж, тогтоох ажил хийж, зарим нэгд нь аялж явахгүй байхыг зөвлөж, тусламж авах боломжийн талаар тэдэнд мэдээлэл өгч ажилласан байна. Гэсэн хэдий ч хилийн хяналтын байгууллагууд болон хууль сахиулах байгууллагын албан хаагчид энэхүү мэдээллийг урьдчилан таньж тогтоох, холбон зуучлахад ашигласан гэж мэдээлээгүй байна.
Монгол Улс нь урьдчилан сэргийлэлт, хамгаалалтын арга хэмжээгээ сайжруулах зорилгоор “Хүн худалдаалахтай тэмцэх үндэсний хөтөлбөр” (2017-2021) болон түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлж буй юм. Засгийн газраас энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 509 сая төгрөг (186,210 ам.доллар) (2018 онд 709 сая төгрөг (259,370 ам.доллар), 2017 онд төсөвгүй) төсөвлөсөн. Энэхүү төсвийг хуваарилснаар эцэг эх, хууль ёсны асран хамгаалагчтайгаа болоод бие даан гадаадад зорчиж буй олон зуун монгол хүүхдүүдийг хүний наймааны үзүүлэлтээр таньж, үнэлэх цагаачлалын програм хангамжийг үргэлжлүүлэн ашиглах боломжийг хилийн хяналтын байгууллагуудад олгосон. Хэдийгээр эдгээр хүүхдүүдийн дунд хохирогч болох эрсдэл байгаа эсэхийг тогтоогоогүй ч хилийн хяналтын байгууллагуудын тогтоосноор эрсдэлт бүлгийн 105 хүүхдийг зорчихоос урьдчилан сэргийлсэн (2018 онд тохиолдол бүртгэгдээгүй).
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1-р зүйлд прокурор холбогдох сэжигтэнд эрүүгийн хэрэг үүсгэхээс нааш хохирогч хамгаалах үйлчилгээ авах эрхгүй утга бүхий хэллэг орсон нь зарим хохирогчид хамгаалах үйлчилгээ авахад саад болсон. Хууль зүй, дотоод хэргийн яам (ХЗДХЯ)-наас 2018 онд энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор ажлын хэсэг байгуулж, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай эсэх талаар төрийн байгууллагуудаас санал авах ажлыг эхлүүлсэн. Гэсэн хэдий ч холбогдох байгууллагуудаас энэхүү ажлын явцын үр дүн ямар шатандаа яваа, хэдийд эцэслэх талаар мэдээлэл өгөөгүй бөгөөд зарим албан тушаалтнууд холбогдох этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн эсэхээс үл хамааран хохирогч хамгаалах үйлчилгээнд хамрагдах боломжтой гэж мэдэгдсэн. Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн 15-р зүйлд хохирогч нь хохирлын нөхөн төлбөрийг гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй хэмээн заасан боловч Эрүүгийн хууль болон Иргэний хууль хоорондын зөрчилтэй зохицуулалт энэхүү заалтыг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх боломжгүй болгож байгаад төрийн албан хаагчид болон ТББ-ын ажиглагчид санал нэгдэж байна. Гадаадын иргэн, харьяатын газар (ГИХГ), Хил хамгаалах ерөнхий газар (ХХЕГ), Гадаад харилцааны яамны (ГХЯ) Консулын газар гадаадад үйлдэгдсэн монгол хохирогчтой хүн худалдаалах гэмт хэргийг шийдвэрлэх чиг үүргийг хамтран хэрэгжүүлдэг. Гадаадад гэмт хэргийн хохирогч болсон монгол иргэдэд туслах сан байдаг хэдий ч, тус сангийн хөрөнгийг зөвхөн зохион байгуулалттай гэмт хэрэг, эсвэл “онц ноцтой гэмт хэргийн” хохирогчид зарцуулдаг байна. 2019 онд холбогдох эрх бүхий байгууллагууд Хятад, Киргиз, Филиппин улсаас тус бүр нэг, нийт гурван монгол хохирогчийг эх оронд нь эргүүлэн авсан. Энэ нь 2018 онд нийт татан авсан 20 иргэнээс эрс буурсан үзүүлэлт юм. Холбогдох эрх бүхий байгууллагаас эдгээр хохирогчдод сэтгэл зүйн болон бусад сэргээн заслын үйлчилгээ үзүүлсэн талаар мэдээлээгүй болно.
2018 оноос ялгаатай нь холбогдох эрх бүхий байгууллагуудаас тайлангийн хугацаанд биеэ үнэлэлтийн эсрэг хийсэн нэгжлэг, шалгалтын үеэр насанд хүрээгүй хүүхдийг баривчлаагүй гэж мэдэгджээ. Зөрчлийн тухай хуулиар биеэ үнэлсэн хэмээн сэжиглэгдсэн хүмүүсийг 7-30 хоног хүртэлх хугацаагаар хорих зөвшөөрлийг эрх бүхий байгууллагуудад олгосон байдаг нь хүний худалдаачдын албадлага дор үйлдсэн хууль бус гэмт хэрэгт шийтгэл авах эрсдэлт нөхцөлд хохирогчдыг оруулсан хэвээр байна. Зарим хохирогчид ийм гэмт хэрэгт ялтнаар татагдахаас эмээсэн тул хүн худалдаалах гэмт хэргийн талаар мэдээлэх буюу мэдүүлэг өгөхөөс цааргалж байсныг талууд мөн тэмдэглэсэн болно. Монгол Улсын хууль тогтоомжид залхаан цээрлүүлж, шийтгэл хүлээлгэж мэдэх байсан ч гадаадын хохирогч иргэдийг тухайн улс оронд шилжүүлэн өгөхөөс өөр альтернатив зохицуулалт байхгүй. ГИХГ нь тайлант хугацаанд нийт 1,500 гаруй иргэнийг 26 оронд албадан гаргасан. Хохирогчийг таньж илрүүлэх журмыг бүх нийтээр хэрэгжүүлээгүйн дээр хүн худалдаалах бүх хэргийг илрүүлэхэд хангалтгүй тул эдгээр тоонд хүн худалдаалах гэмт хэргийн илрээгүй хохирогч орсон байх магадлалтай юм.
УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ
Засгийн газар хүн худалдаалахаас урьдчилан сэргийлэх хүчин чармайлт гаргасан хэвээр байна. Засгийн газар нь “Хүн худалдаалахтай тэмцэх үндэсний хөтөлбөр” (2017- 2021) болон түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд зориулсан төсвөө нэмсэн. Үндэсний дэд зөвлөлийн удирдлага дор хэрэгжүүлэх уг хөтөлбөр нь хүн худалдаалахаас урьдчилан сэргийлэхэд мэргэжлийн удирдлагаар хангах, холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд байгууллага хоорондын уялдаа зохицуулалтаар хангах зорилготой юм. Гэсэн хэдий ч талууд байгууллага хоорондын уялдаа, зохицуулалт сул байсаар байгааг онцолсон. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (ХНХЯ) нь нэгэн ТББ-тай хамтран Өмнөд Солонгосын Засгийн газрын санхүүжилтээр хүн худалдаалах гэмт хэргийн элементүүдийг хамарсан “биеэ үнэлэлт ба бэлгийн мөлжлөгийн эмзэг байдал”-ын судалгааг хийсэн. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (МХЕГ)-аас тайлант хугацаанд хүүхдийн хөдөлмөр, хүүхэд хамгааллын чиглэлээр гурван томоохон хэмжээний судалгаа хийсэн. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар эрсдэлт хүн амын бүлгийн талаарх мэдээллийг агуулсан томоохон мэдээллийн санг бүрдүүлж эхэлсэн бөгөөд олон улсын байгууллагатай хамтран дүүрэг, аймгийн төвд эрсдэлтэй хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр салбар дундын хамтарсан хороо байгуулах чиглэлээр ажиллаж байна. Энэ ажилд хүн худалдаалахтай тэмцэхэд жендэрийн асуудлыг тусгах талаар мөн хамруулсан болно. Засгийн газрын зүгээс тусламжийн утас ажиллуулахаар ТББ-д 20 сая төгрөг (7,320 ам.доллар) олгосон бөгөөд тус утсаар дамжуулан хүн худалдаалж, бэлгийн мөлжлөг үйлдсэн нэг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэн.
Албаны хүмүүс хүн худалдаалах гэмт хэргийн талаар өдөр тутам олон нийтийн сүлжээ болон зурагтын сувгуудаар нийтэд сэрэмжлүүлэг түгээсэн бөгөөд тус сэрэмжлүүлэг түгээх ажлыг Монгол, Орос болон Хятадыг холбосон төмөр замын гол шугамд хамруулсан. Түүнчлэн, төрөөс энэ сэрэмжлүүлгийг хөдөө аймгийн бүх цагдаагийн хэлтэст тараасан хэвээр байна. Хилийн хяналтын албан хаагчид 50,000 орчим монгол иргэний паспортад хүн худалдаалах гэмт хэргийн эрсдэл, хохирогчийн үйлчилгээ авах боломжийн талаарх мэдээлэл, тайлбар бүхий хуудас хавсаргасан. Тэдгээр иргэдэд морин уралдаан, акробат үзүүлбэр, уран нугаралт зэрэг хүн худалдаалах эрсдэл өндөртэй спортын уралдаан тэмцээн, соёлын арга хэмжээнд гадаад руу зорчсон 1,000 орчим монгол хүүхэд багтсан болно. Хөдөлмөр эрхлэх боломж эрэлхийлж Хятад улсыг зорих залуучуудын хүн худалдаалах гэмт хэрэгт өртөх эрсдэлийг шийдвэрлэх зорилгоор эрх бүхий байгууллагууд улсын өмнөд хэсэгт олон зуун оюутан болоод өсвөр насны тусламж, үйлчилгээнд мэргэшсэн орон нутгийн эрүүл мэндийн ажилчдад чиглэсэн хүн худалдаалах гэмт хэргийн талаарх мэдлэг, мэдээлэл дээшлүүлэх үйл ажиллагааг зохион байгуулсан хэвээр байна.
ХНХЯ-ны харьяа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас Монголд гэрээгээр ажиллаж буй гадаадын ажилчид болон Монгол улстай хоёр талт гэрээтэй улсад ажиллаж буй Монгол иргэдийн хөдөлмөрийн гэрээнд хяналт тавих чиг үүрэгтэй юм. Монгол Улс нь Өмнөд Солонгос, Чех болон Япон гэх улсуудтай хоёр талт гэрээтэй. Ажиглагчид эдгээр гэрээг хүн худалдаалах зэрэг хөдөлмөрийн мөлжлөг гарахаас сэргийлэх хэмжээнд хэрэгжүүлдэггүй хэмээн тэмдэглэсэн. МХЕГ нь бүрэн эрхийнхээ хүрээнд Монголд хөдөлмөр эрхэлж буй бүх иргэдийн хөдөлмөрийн гэрээнд хяналт шалгалт хийж, хууль тогтоомжтой нийцсэн эсэхэд хяналт тавьдаг бөгөөд Монголын албан ёсны салбар дахь аж ахуйн нэгж, байгууллагуудын хөдөлмөрийн нөхцөлд шалгалт хийдэг. Гэсэн хэдий ч, улсын байцаагчдад зориулсан санхүүжилт, хүч нөөц дутмаг байдгаас үүдэн хяналтыг цогц байдлаар хийхэд учир дутагдалтай болохыг төрийн албан хаагчид болон ТББ-уудын төлөөлөл онцлон тэмдэглэсэн. Түүнчлэн, төрийн зүгээс хяналт шалгалтын үр дүн буюу статистик мэдээлэл өгөөгүй болно. Цаашилбал, МХЕГ хяналт шалгалтыг хийхээс тав хоногийн өмнө ажил олгогчдод мэдэгдэх ёстой гэх шаардлага нь ихэнх тохиолдолд ажил олгогч зөрчлөө нуун дарагдуулахад хугацаа олгож буй гэх болгоомжлол үүсгэж байна. Эрх бүхий байгууллагууд гэнэтийн шалгалт хийх эрх олгох нэмэлт өөрчлөлт оруулахаар албан ёсны үйл явцыг эхлүүлсэн гэж мэдэгдсэн ч тайлант хугацаа дуусах үед түүнийг эцэслэж амжаагүй хэвээр байна. Өмнөх жилээс ялгаатай нь Засгийн газрын зүгээс ашиг олох зорилгоор биеэ үнэлэх эрэлтийг бууруулах талаар арга хэмжээ аваагүй байна. 2018 онд Засгийн газар олон улсын байгууллагатай хамтран бэлгийн мөлжлөгийн зорилгоор хүн худалдаалах, албадан хөдөлмөр эрхлүүлэхэд хүргэх цахим залилангийн талаар олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлж, тэдгээрийг мөрдөн шалгаж, таслан зогсоох мэдээллийн аян эхлүүлсэн. Энэхүү тайлант хугацаанд тус аяныг үргэлжлүүлэн хэрэгжүүлээгүй.
ХҮН ХУДАЛДААЛАХ АСУУДЛЫН ТӨЛӨВ БАЙДАЛ
Сүүлийн 5 жилийн хугацаанд тайлагнасанчлан хүн худалдаалах гэмт хэрэгтнүүд Монгол улсын нутаг дэвсгэрт дотоод, гадаадын хохирогчдыг мөлжиж, мөн хилийн чанад руу худалдаж байна. Гэмт этгээдүүд хохирогч болсон гадаад иргэдийг Монгол улсаар дамжуулан Орос, Хятад зэрэг улс руу худалдаалдаг байж болзошгүй байна. Монголын эрэгтэй, эмэгтэй хүмүүс болон хүүхдүүдийг албадан хөдөлмөрлүүлэхээр Хятад, Казакстан, Норвеги, Швед, Турк улсуудад, харин бэлгийн мөлжлөгт ашиглахаар Бельги, Камбож, Хятад, Герман, Хонконг, Япон, Макао, Малайз, Филлипин, Өмнөд Солонгос, Швед, Турк, АНУ руу болон Монгол Улс дотор худалдаж байна. Хүний наймаачид зарим үед хар тамхи, олон нийтийн хуурамч сүлжээ, ажлын байрны цахим зар, англи хэлний хөтөлбөрүүд зэргийг ашиглан хохирогчдыг хууран мэхлэх замаар бэлгийн мөлжлөгт татан оруулдаг ажээ. Хөдөө орон нутгийн ба эдийн засгийн хувьд ядуу хорооллын хохирогч нар Улаанбаатар хотод, аймгийн төвүүдэд болон хилийн ойр орчим бэлгийн мөлжлөгт олноороо өртөж байна. Иргэний нийгмийн байгууллагын сүүлийн үед хийсэн судалгаагаар гэр бүлийн хүчирхийлэл нь ихэнх монгол хохирогчдыг хөдөлмөр эрхлэлтийн аюултай сонголт хийхэд хүргэж, хүний наймааны хохирогч болгоход хүргэж, хүн худалдаалдаг гэмт этгээдүүдийн гарт ороход нь нөлөөлж байна гэжээ. Охид, эмэгтэйчүүд массажны газар, хууль бус эмсийн хүрээлэн, зочид буудал, бар цэнгээний газар, караоке клубүүд болон зарим тохиолдолд орон нутгийн цагдаагийн ажилтнуудын гар бие оролцсон байдлаар бэлгийн мөлжлөгийн зорилго бүхий хүний наймаанд дотооддоо өртөж байна. Трансжендэр эмэгтэйчүүдийг албан салбарт хөдөлмөр эрхлүүлэхээс гадуурхдаг нийгмийн жигшил зэвүүцэл өргөн тархсан учраас тэд бэлгийн мөлжлөгийн зорилго бүхий хүний наймаанд өртөх өндөр эрсдэлтэй. Япон, Өмнөд Солонгос улсын жуулчид хүүхэдтэй бэлгийн харьцаанд орох сонирхлоор Монголд ирдэг гэж өмнөх жилүүдэд тайлагнаж байсан бол иргэний нийгмийн зарим бүлгүүдийн мэдээлж байгаагаар энэ явдал буурахгүй байна.
Монгол Улсын өмнөд хэсэгт өрнөж буй уул уурхайн салбарын хөгжил дотоодын болон олон улсын шилжилт хөдөлгөөнийг эрчимжүүлсэн нь ялангуяа Хятад-Монголын хилийн эргэн тойронд хүн худалдаалах гэмт хэргийн эрсдлийг нэмэгдүүлж байна.
Өмнөговь аймагт Хятадын хилээр нүүрс тээвэрлэж буй ачааны машины жолооч нарын паспортыг ажил олгогчид нь тээврийн хэрэгслийн барьцаа болгож хураан авч байгаа нь тэднийг хөдөлмөрийн мөлжлөгт өртөх хүчин зүйл болж байна. Эдгээр жолооч нар хилээр нэвтрэх зөвшөөрөл авч, Хятадад нүүрсээ хүргэж өгөх хүртэл хэдэн долоо хоног, хэдэн сарын туршид нойргүй шахам ачааны машины цуваанд байнгын хүлээлгэд зогсдог байна. Хүргэлт хоцроход үйлчлүүлэгчид цалин хөлсийг нь бууруулдаг учир ийм алдагдал нь тэднийг хөдөлмөрийн мөлжлөгт өртөх эрсдэлд оруулдаг байна. Залуу охид, эмэгтэйчүүд уул уурхайн компаниудыг Хятадын хилтэй холбодог нүүрс тээвэрлэх зам дагуу хил нэвтрэхээр хүлээж буй жолооч нарт болон уул уурхайн жижиг тосгон, хотууд, Өвөр Монголын хил дагуух шөнийн цэнгээний газруудад биеэ үнэлж ашиглуулах эрсдэл өндөр байна. Уул уурхайд ажиллаж буй ажилчид урт хугацааны ээлжийн гарааны үеэр үр хүүхдээ гэртээ орхисноор тэд бэлгийн мөлжлөгт өртөх өндөр эрсдэлд орж байна. Түүнчлэн бага насны хүүхдүүд бичил уурхайтай холбоотойгоор албадан хөдөлмөр эрхлэлтийн мөлжлөгт өртөж байна.
Зарим хүүхэд гуйлга гуйх, хулгай хийх болон хурдан морь унах, мал маллах, эсвэл хогийн цэг дээр хог түүх, барилга зэрэг эдийн засгийн албан бус салбарт албадан хөдөлмөр эрхэлж байна. Зарим тохиолдолд гэр бүлийн гишүүдийн зүгээс хүүхдийг албадан хөдөлмөр эрхлүүлж бэлгийн мөлжлөгт оруулахад хамсаатан болж байна. Өмнөх жилүүдэд эцэг эхийнх нь гарын үсэг зурж байгуулсан гэрээний дагуу ажиллаж буй уран нугараач Монгол охидыг гол төлөв Монгол, Турк, мөн цөөн тоогоор Хонконг, Сингапурт албадан хөдөлмөр эрхлүүлж байсан. Монгол хөвгүүд Хятад улсын хилийн боомт дээр хурдан морь унаач болон циркийн жүжигчнээр тодорхойгүй хугацаагаар ажиллаж, сар тутам хүн дагуулж гэрт нь очуулах гэсэн нөхцөлтэйгөөр ажиллуулдаг нь албадан хөдөлмөр эрхлүүлэх, бэлгийн мөлжлөгт өртөх өндөр эрсдэлд хүргэж байна. Ийнхүү олон давтамжтай хилийн дээс алхуулж нүүлгэх нь тэднийг хүний наймаанд өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Монгол эмэгтэйчүүдийг Хятад эрчүүд, мөн сүүлийн үед давтамж нь буурсан ч Өмнөд Солонгосын эрчүүдэд арилжааны зорилготой зуучлалаар гэр бүл болгосны дараа гэртээ зарцлах, эсвэл албадан биеийг нь үнэлүүлж байна.
Сүүлийн үед Хятад компаниуд монгол хөвгүүд, эрчүүдийг хөдөө аж ахуйн чиглэлээр хөдөлмөрийн доод хөлснөөс хэт доогуур цалин, тодорхой бус цагаачлал, харьяатын статустайгаар ажиллуулж байгаа нь тэднийг хүний наймаанд өртөх өндөр эрсдэлд оруулж байна. Зарим бичил зээл олгодог Хятад байгууллагууд Монголчуудын паспортыг барьцаанд авдаг нь тэднийг цагаачлал, харьяатын статустай холбоотой албадлагад өртөхөд хүргэдэг байна.
Монгол Улсад барилга, үйлдвэрлэл, газар тариалан, ой мод, загас, ан агнуур, бөөний болон жижиглэнгийн худалдаа, автомашины засвар, уул уурхайн салбарт гэрээгээр ажиллаж буй Хятад ажилчид хүний наймаанд өртөх магадлалтай байна. Тэдний заримыг хилээр орж ирмэгц гэрээг нь өөрчилж, цагаачлал, харьяатын албаны хууль дүрмийг зөрчсөн нэрийдлээр албадан эрхшээлдээ оруулах эрсдэл байна. Өмнөх жилүүдэд Хойд Солонгосчууд эдгээр салбарт хүнд, хэцүү нөхцөлд ажиллаж, амьдарч байсан ба чөлөөтэй зорчих, ажлын байраа сонгох эрхгүйн дээр цалин хөлснийхөө өчүүхэн хэсгийг гар дээрээ авдаг байсан. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс 2017 онд тогтоол гаргаж, онцгой зарим нэг тохиолдлоос бусдаар гадаадад орлого олж буй Хойд Солонгосчуудыг бүгдийг нь нутаг буцаахыг шаардсаны дагуу Засгийн газраас түүнд хамаарах бүх Хойд Солонгосын ажилчдыг Монголоос гаргасан гэж мэдээлсэн. Албаны хүмүүсийн мэдээлж байгаагаар Хятадаас ирж буй Орос, Украйн эмэгтэйчүүд визгүй, богино хугацаанд хил нэвтэрснээр бэлгийн мөлжлөгийн хохирогч болох магадлалтай байна. Монголын зарим албаны хүмүүсийн авлигын асуудал нь хууль бус үйл ажиллагаа явуулж буй газрууд дахь бэлгийн мөлжлөгийн зорилгоор хүн худалдаалах гэмт хэргийг өөгшүүлснээр, хүний наймааг таслан зогсоох засгийн газрын хүчин чармайлтад сөргөөр нөлөөлж байгаа тухай ажиглагчид дурдсан байна.