Тэрбээр аз жаргалын бизнес эрхэлдэг. Бусдад инээд хөөр, баяр баясал, аз жаргал бэлэглэж, өөрөө ч тэр бүхнээр бялхаж байдаг азтай хүн. Аз жаргалыг барьж, амталж, бас үнэлж зарж болдог гэхэд итгэмгүй. Гэхдээ яах аргагүй аз жаргалыг амталж, атгаж, хэмжиж чаддагаараа тэр онцгой нэгэн. Гэхдээ ид шидтэн огт биш. Энэ хүн бол хүүхэд багачуудын дуртай гайхамшигт амттан зайрмаг үйлдвэрлэгч. Ингээд “Органик желато” ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Баяржаргалтай ярилцсанаа та бүхэндээ сонирхуулъя.
Италид суралцаж, зайрмагны тогооч мэргэжил эзэмшсэн
-Зайрмагны бизнест хөл тавьсан түүхээс тань ярилцлагаа эхэлье. Яагаад энэ салбар руу орох болов?
-Энэ бүтээгдэхүүн бүх хүнд, тэр тусмаа хүүхэд багачуудад баяр баясал, тайвшрал бэлэглэдэг. Миний хувьд зайрмагны бизнес, зайрмагны ертөнцөд хөл тавьсан үе гэвэл 1995 он. Тухайн үед ахлах ангийн сурагч байхдаа ээжийгээ даган софт буюу зөөлөн зайрмаг хийж сурсан. Хичээлээ тараад зайрмагныхаа жигнэмэгэн торхыг өөрөө хийдэг байлаа. Оюутан болоод зайрмагаа бие даан хийж, нэг ёсондоо бичил бизнесээ өөрөө авч явсан. 2013 оноос хоёр жилийн хугацаанд “Итали зайрмаг” ХХК-д гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад 2015 оноос “Органик Желато” ХХК-г үүсгэн байгуулаад ажиллаж байна.
Зайрмагны үйлдвэрлэлийн талаар өмнөх туршлагадаа үндэслэн, түүхий эд болон тоног төхөөрөмжийг нь маш сайн судалж байж шинээр бизнесээ эхлэх ёстойг ойлгосон. Итали улс бол өөрийн уламжлалт зайрмаг үйлдвэрлэдэг технологитой. Зайрмагны үйлдвэрлэл, худалдаагаар дэлхийд нэгдүгээрт бичигддэг. Тиймээс итали зайрмагийг Монголдоо үйлдвэрлэе гэж шийдсэн. Италид зайрмагны түүхий эд үйлдвэрлэгчид маш олон. Тэднээс алийг нь сонгох вэ гэдгээс эхлээд асуудлууд үүссэн. Хэд хэдэн улсын зайрмагны үзэсгэлэнгээр явж, олон компанийн удирдлагуудтай уулзан амталгаа хийсэн. Ингээд Италийн “Оптима” группийн “МЭК3” компанийг сонгосон. Учир нь энэ компани зайрмагны түүхий эдийг дагнан үйлдвэрлэдэг, мөн түүхий эд нь байгалийн гаралтайгаараа, амт чанараараа бусдаас илүү байсан. Эхэн үедээ бид зөвхөн тус компанийн хэрэглэгч байсан бол 2018 оноос “МЭК3” компанийн Монгол дахь албан ёсны дистрибьютер нь болж ажиллаж байна.
-Итали зайрмаг гэхээр хүмүүс их сонирхдог. Гэхдээ яг итали зайрмагны онцлог юу вэ гэдэгт хариулж чаддаг болов уу?
-Нэг үеэ бодвол монголчуудын зайрмагны хэрэглээ өндөр, тэр хэрээр энэ амттаны талаар мэдлэг, мэдээлэлтэй болсон. Дэлхий дээрх номер нэг зайрмаг бол итали зайрмаг. Итали зайрмагны онцлог нь уламжлалт технологиор хийдэг. Мөн үйлдвэрлэлээс гарсан бүтээгдэхүүнээ шууд үйлчлүүлэгчид хүргэдэг болохоор жинхэнэ шинэ зайрмаг байж чаддаг. Тэгэхээр тухайн бүтээгдэхүүний хувьд цоо шинээрээ хэрэглэгчид хүрч байгаа юм. Үүгээрээ итали зайрмаг бидний сайн мэддэг үйлдвэрийн зайрмагнаас ялгаатай. Тухайн зайрмагны орц, найрлага, түүхий эдийн гарал үүсэл нь тодорхой юу гэдгийг байнга нягтлах шаардлагатай. Яг ямар түүхий эдээр, ямар орчинд үйлдвэрлэж байгааг бид мэдэхгүй. Аливаа хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авахдаа хаяг шошгыг сайтар уншиж хүнсний нэмэлт буюу Е тэмдэгтэй бүтээгдэхүүн аль болох бага орсныг сонгох нь зүйтэй.
Гэтэл манай итали зайрмагийг бол шууд нүдэн дээр савлаж өгдөг. Бид мэргэжлийн хяналтын байгууллагад байнга шинжилгээ өгч, тогтмол шалгуулдаг. Гаднаас ирж байгаа зайрмагийг бол гааль дээр шинжилгээ аваад л болоо. Тэгээд л худалддаг. Үйлдвэрийн зайрмаг, итали зайрмаг хоёрын ялгаа, онцлог гэвэл хамгийн түрүүнд итали зайрмаг бол ямагт шинэ байдгаараа онцлог. Шинээс гадна түүхий эдийн сонголтууд өргөн.
-Яг энэ талаар асуух гэж байлаа. Түүхий эдээ та бүхэн хаанаас авдаг вэ. Итали зайрмаг, орос зайрмаг, монгол зайрмагны ялгаа нь түүхий эддээ байна уу, эсвэл үйлдвэрлэх арга технологидоо байна уу?
-Түүхий эдийн сонголт, чанар дээр том ялгаа бий. Италид зайрмагийг желато гэж нэрлэдэг. Бид желато буюу зайрмагаа цэвэр жимсээр хийдэг. Үйлдвэрийн зайрмагуудыг бол нөөцөлсөн бүтээгдэхүүнээр хийдэг. Энэ мэт олон ялгаа гарч ирдэг. Манай компани үндсэн түүхий эдээ Италиас авдаг. Хөлдөөсөн жимснүүд нэмэлтээр хийдэг. Монгол оронд ургадаг аньс, нэрс, үхрийн нүд, хад зэрэг байгалийн зэрлэг жимсүүдийг боловсруулан, гүн хөлдөөж зайрмагандаа хийсэн нь амжилттай болсон. Бид чанамал болгон гүн хөлдөөж, чанарыг нь алдагдуулалгүй хадгалсан жимсээ дараа жилийн шинэ жимс гартал хэрэглэхдэг.
-Танайхаас өмнө итали зайрмаг үйлдвэрлэдэг компани бий юү?
-Манайхаас гадна нэг компани бий.
-Тэгэхээр Монголын зах зээл дээрх итали зайрмагны үйлдвэрлэлд бас тодорхой өрсөлдөөн бий гэсэн үг байх нь. Танайх ижил төрлийн зайрмаг үйлдвэрлэгчээсээ юугаараа ялгардаг вэ?
-Манай компанийн ялгагдах онцлог гэвэл нэгдүгээрт, Италидаа маш алдартай номер нэг зайрмаг үйлдвэрлэгч, дэлхийн брэнд болсон гэдэг компаниас түүхий эдээ оруулж ирдэг гэдгийг дээр хэлсэн. Хоёрдугаарт, би өөрөө Монголоос Италид очиж зайрмагны тогооч мэргэжлээр суралцсан. Үйлдвэрлэлийн хувьд техник, технологи 100 хувь Италийнх. Тэгэхээр энэ маань бас нэг давуу тал юм даа.
-Зайрмагны тогооч гэхээр сонирхолтой сонсогдож байна. Мэргэжлийн тогоочийн гарын зайрмаг мэдээж өвөрмөц, онцлогтой байх даа?
-Итали хэлээр зайрмагийг желато гэдэг. Зайрмагны мэргэжилтэнг технологич тогооч гэж нэрлэдэг. Яагаад гэвэл зайрмагны уламжлал нь эртнээс соёл болоод хөгжчихсөн. Италийн хотуудын гудамж бүрт зайрмагны худалдаатай. Түүнийгээ Gelateria гэдэг. Зайрмагны төрөлжсөн дэлгүүр болгон нь өөр өөрийн онцлог амтаараа ялгарч байдаг юм билээ. Энэ нь рестораны тогооч нарт өөрсдийн нэрийн хоолтай байдаг шиг л юм. Тухайн дэлгүүр өөрийн нэрийн зайрмагтай байх жишээтэй.
Бид “МЭК3” компанийн зайрмагны тогоочийг урьж зайрмагныхаа орц, технологийг бий болгосон. 2019 онд Итали болон Шанхайд болсон “МЭК3” компанийн албан ёсны сургалтад хамрагдан, зайрмагны тогоочийн үнэмлэх гардан авсан. Мэргэжлийн тогооч болсноор монгол хүний амтлах мэдрэхүйд таарсан зайрмаг гаргахаар ажиллаж байна. Мэргэжлийг нь эзэмшсэний хувьд зайрмагныхаа орц жорыг бэлтгэж найруулаад шинэ шинэ нэр төрлийн зайрмаг хийдэг гэсэн үг л дээ. Юутай ч өөрийн хүссэн амтаа гаргах боломжтой болсон. Одоогоор бид Италийн уламжлалт технологийн дагуу 20 төрлийн зайрмаг үйлдвэрлэж байгаа. Мөн миний тэмдэглэлд 50 орчим зайрмагны орц, технологи бий болоод байна. Энэ бүх нэр төрлийн зайрмагны хувьд амт нь огт давтагдахгүй.
-Зайрмагны тогооч мэргэжлээрээ шавь бэлдэж байна уу?
-Яг зайрмагны тогооч гэхээсээ илүү манайхан үйлдвэрлэл тал дээрээ дадлагажиж л байна. Жил бүр мэргэжлээ дээшлүүлж байхгүй бол шинэ шинэ бүтээгдэхүүнүүд гарч, нэг л мэдэхэд хоцрогдох гээд байдаг.
Агаар ихтэй зайрмаг бол хийжүүлсэн ундаа л гэсэн үг
-Дарс нутаг нутгийнх нь өөр амттай, өвөрмөц онцлогтой байдаг шиг л юм аа даа?
-Тийм. Италийн цаг уур маш өвөрмөц. Үүнээсээ шалтгаалаад жимс их амтлаг, шүүслэг байдаг. Тийм амтлаг, шүүслэг жимсээрээ янз бүрийн амттан бэлтгэдэг. Дарсаа ч эсгэдэг. Жимстэй зайрмаг нь ч олон төрөл байдаг юм билээ. Нэгэнт зайрмагны үйлдвэрлэлээрээ дэлхийд нэгдүгээрт бичигддэг болохоор италичуудын зайрмагны хэрэглээ их өндөр. Гудамж болгонд дэлгүүртэй, зайрмагны худалдаатай. Үйлчлүүлэгч, худалдан авагч олон. Гол онцлог нь Италид үйлдвэрийн зайрмаг хэрэглэх нь тун ховор. Уламжлалт зайрмаг буюу желатогоо хэрэглээд сурчихсан.
-Монголд итали зайрмагны хэрэглээ хэр нэмэгдэж байна вэ?
-Жилээс жилд л нэмэгдэж байгаа.
-Танайх хэр олон салбараар зайрмагаа борлуулдаг вэ?
-Ресторануудад зайрмагаа нийлүүлдэг. Мөн гол салбарууд маань том үйлчилгээний төвүүдэд бий.
-Танай зохиосон 50 гаруй нэр төрлийн зайрмагнаас аль нь илүү эрэлттэй байдаг вэ?
-Хүүхэд багачууд манай азура зайрмаганд илүү дуртай болоод ч тэр үү одоо үйлчлүүлэгч нартаа манай компани “Азура зайрмаг” гэдэг нэршлээрээ илүү их танигдаад байгаа. Азураг хүүхдүүд их авдаг. Өнгөнд нь болдог юм уу, амтанд нь болдог юм уу, мэдэхгүй. Азура гэдэг маань цэнхэр цөцгий л гэсэн үг юм даа. Орц нь терамису, ирис хоёрын холимог байдаг.
-Зайрмагийг их идвэл таргалдаг гэж үнэн үү. Ер нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй юү?
–Эмэгтэйчүүд зайрмаг их идвэл таргалдаг гэж ярьдаг. Манай зайрмагийг идэхэд тэгж таргалахгүй. Учир нь итали зайрмаг агаар, тослог, чихэр аль аль нь бага.
-Тослог, чихэр бол мэдээж зайрмаганд байж таарна. Агаар гэхээр яг юуг хэлж байгаа юм бол?
-Зайрмагны найрлагад агаар заавал байдаг. Зайрмагны үйлдвэрүүд бүтээгдэхүүндээ агаар оруулж өгдөг. Үүнийг жишээлж хэлбэл хийжүүлсэн ундаа, жимсний шүүс хоёр л гэсэн үг. Агаар ихтэй зайрмаг бол хийжүүлсэн ундаа шиг Тэгэхээр агаар л идээд байна гэсэн үг. Харин манай итали зайрмагны агаар тун бага.
Хоёрдугаарт, Италийн уламжлалт зайрмаг бэйкери нарийн боов шиг шинээрээ худалдаалагддаг. Сахарын агууламж багатай, тосны орц маш бага, кокосны тосыг зөвхөн 4 хувьд нь хийдэг, цэвэр байгалийн жимсний орцтой бөгөөд нөөцөлсөн бүтээгдэхүүн ордоггүй, тухайн бүтээгдэхүүний агаарын агууламж бага гэх мэт маш олон давуу талтай. Жишээ нь ОХУ-аас орж ирж байгаа зайрмагны тослог 8-18 хувь байдаг бол манай итали зайрмагных 4 хувь. Орос зайрмагны найрлагад цөцгийн тос, маргарин их ордог бол итали зайрмагийг кокосны тос эсвэл цэвэр цөцгийн тосоор хийдэг. Гуравдугаарт, итали зайрмаганд сахар бага ордог.