Японы мэргэжлийн сүмогийн долоодугаар сарын тэмцээн нагоя башё Токио хотын “Рёогокү кокүгикан” ордонд 15 өдрийн турш үргэлжилж өнөөдөр өндөрлөлөө. Мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд монгол сүмоч Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 13 даваа, хоёр унаатайгаар түрүүлж, Японы эзэн хааны цомыг хоёр дахиа гардлаа. Тэрүнофүжигийн хувьд 2015 оны башёд түрүүлж эзэн хааны цомыг гардаж байсан юм. Тэрбээр дээд зиндээнд озэки цолтой барилдаж байсан ч 2018 оны нэгдүгээр сарын башёд барилдах үедээ өвдгөндөө хүнд бэртэл авснаар амжилттай барилдаж чадалгүй зиндаа буурч, улмаар сүмогийн хамгийн бага зиндаа болох жониданы 48 дугаарт эрэмбэлэгдтэлээ чансаа унасан юм. Өнгөрсөн хугацаанд Тэрүнофүжи хэд хэдэн удаа зодог тайлах болзол сонссон ч өөрийн уйгагүй хичээл зүтгэл, тэсвэр тэвчээрийн хүчээр ийнхүү сүмогийн дээд зиндаанд эргэн ирээд зогсохгүй, хоёр дахиа түрүүллээ. Тэрүнофүжи дээд зиндаанд түрүүлсний зэрэгцээ шукун-шо буюу гарамгай барилдааны шагнал, гино-шо буюу техниктэй бөхийн шагналыг тус тус хүртжээ.
Тэрбээр Японы эзэн хааны цомыг хоёр дахиа гардан авсны дараа “Намайг хүнд бэртэл авч зиндаа буугаад байхад гэр бүлийнхэн, миний менежер гээд ойр дотны маань хүмүүс бүгд дэмжиж байсан. Тэдний хүчээр би эргэн ирж чадсан. Энэ өдөр би инээмсэглэж байна. Хичээж зүтгэвэл зорьсондоо хүрнэ гэж итгэж байсан” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.
Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ энэ сард маэгаширагийн 17-д эрэмбэлэгдэн барилдсан бөгөөд башёгийн тав дахь өдөр Такаяасүд, 14 дэх өдөр Шодайд өвдөг шороодсон юм Тэрбээр бэртэл гэмтлийн улмаас жонидан зиндаанд хүртэл эрэмбэ буурсныхаа дараа яг жилийн өмнө буюу 2019 оны долоодугаар сарын башёд макүшита зиндаанд эргэн дэвшиж, улмаар арваннэгдүгээр сарын башёд уг зиндаанд түрүүлсэн юм. Улмаар энэ оны нэгдүгээр сард жюүрёод түрүүлж, гуравдугаар сард тус зиндааны гуравдугаарт эрэмбэлэгдэн барилдсан бөгөөд ийнхүү долоодугаар сарын башёд дээд зиндаанд орж барилдсанаар түрүүлээд байна.
Мэргэжлийн сүмогийн долоодугаар сарын башёд мөн хамгийн доод зиндаа болох жониданд Миягино дэвжээний бөх, монгол сүмоч Хокүсэйхо А.Даваанинж өвдөг шороодолгүй түрүүлжээ. Тэрбээр энэ жил 18 настай бөгөөд 2 метр өндөртэй аж.