“Зөөлөн хот 2025” фестиваль энэ долоо хоногийн бямба гараг буюу дөрөвдүгээр сарын 19-нд болно. Нэрнээсээ анхаарал татах энэ фестиваль хотоо илүү сайхан болгоход мэргэжилтнүүдийн төдийгүй иргэдийн ойлголт мэдлэгийг дээшлүүлэх, манай улсад болон олон улсад байгаа сайн туршлага, мэдлэгийг түгээх зорилготой. Энэ зорилгын дор бэлтгэсэн илтгэлүүд нь үнэхээр сонирхолтой юм. Бас онцлог юм.
“Хотын гэр хороолол: сорилт, боломж, гарц”, “Иргэд ба автомашин”, “Хотын дүрэм ба иргэдийн ойлголт” гээд яах аргагүй өнөөгийн Улаанбаатарын тулгамдсан асуудлуудыг хөндөхөөс гадна “Чухал биш иргэдийн оролцоо”, “Гэр суурьшлын бүс дэх олон нийтийн төв”, “Хотын иргэдийн эв санааны нэгдэл” гээд монголчууд бидэнд төдийлөн танил бус нэр томъёо, ойлголтуудыг танилцуулах сонирхолтой илтгэлүүд хэлэлцэгдэх нь. Бас “CU ая тухай дэлгүүр ба хүмүүсийн амьдралын хэв маягт гарсан өөрчлөлт”, “Улаанбаатар хотын эдийн засаг таатай боломж”, “Нийтийн эзэмшлийн талбай хаачсан бэ?”, “Бидний мэддэг бас мэддэггүй СӨХ”, “Soft city-Hovd city” зэрэг илтгэлүүд анхаарал татаж байгаа биз. “Дэлхийн хотуудын өрсөлдөөн ба бидний ондоошил” гэхээр яах аргагүй бид, бидний хот дэлхийн хотуудтай юугаараа өрсөлдөх вэ, юугаараа ондоошин ялгарах вэ гэж бодож эхэлж байна.
Хот төлөвлөлт, архитектурын шилдэг мэргэжилтнүүд дээрх сэдвүүдээр илтгэл тавьж, хэлэлцүүлнэ. Мэдээлэл солилцоно. Фестивалийн онцлох сэдэв нь мэдээж “Зөөлөн хот”. Ийм нэртэй номыг “20 минутын хот” Үндэсний хорооны мэргэжилтэн П.Мөнгөнчимэг орчуулан монгол уншигчдын гар дээр тавьжээ. Уг номын зохиогч нь Хүнд ээлтэй хот төлөвлөлтийн дэлхийн нэрт мэргэжилтэн Ян Гейлийн (Jan Gehl) шавь, дэлхийн олон том хотуудын төлөвлөгчөөр ажилласан нэрт архитектор Дэвид Сим аж. Энэ алдартай эрхмийн мастер класс, лекц “Зөөлөн хот” фестивалийн оргил хэсэг нь байх ажээ. Уг лекцээс шинэ санаа, ухаалаг шийдлүүдийг олж авч, “Зөөлөн хот”-ын үзэл сэнээ, төлөвлөлтийн талаар мэдлэг, мэдээлэлтэй болно. Онцлох мэдээлэл энэ яах аргагүй мөн.
Ийнхүү “Зөөлөн хот 2025” фестивалийг зохион байгуулагчид хотоо илүү сайхан болгоход өөрсдийн хувь нэмрээ оруулж, илтгэлээрээ дамжуулан олон нийтэд чухал мэдлэг, мэдээлэл хуваалцах гэж байгаа ажээ. Фестивалийн ерөнхий зохион байгуулагчаар “Зөөлөн хот” номын орчуулагч П.Мөнгөнчимэг, “Мэгүүн медиа” ХХК, хамтрагчаар “20 минутын хот” Үндэсний хороо, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам ажиллаж байгаа юм байна.
Фестивальд хүрэлцэн очсон хүмүүс тасалбар авахгүйгээр дотор болон гадна талбайн үзэсгэлэнгийн хэсэгт зочлох, олон сонирхолтой үйл ажиллагаанд оролцох боломжтой. Харин “Зөөлөн хот” номын зохиогч Дэвид Симийн мастеркласс лекцэд оролцох бол тасалбар худалдан авах юм билээ.


