Өчигдөр буюу даваа гарагт “Аpple” компани жил тутмын WWDC (Worldwide Developers Conference) хөгжүүлэгчдийн чуулганаа анх удаа онлайн горимд зохион байгуулсан нь коронавирусийн цар тахалтай холбоотой байв.
“Apple”-ийн төв оффис дахь Стив Жобсын нэрэмжит театрын хоосон танхимд компанийн гүйцэтгэх захирал Тим Кук, программ хангамж хариуцсан дэд ерөнхийлөгч Крэйг Федериги нар энэ онд зах зээлд гарах шинэ бүтээгдэхүүнүүдийнхээ боломжуудыг танилцуулсан юм.
Шинээр танилцуулсан бүтээгдэхүүнүүдээс хамгийн их анхаарал татсан нь мобайл үйлдлийн систем iOS-ийн 14 дэх хувилбар байв. Мөн “Аpple” компанийн шинээр үйлдвэрлэгдэх Mac компьютерууд цаашдаа Intel компанийн процессороос салж, өөрийнх нь үйлдвэрлэсэн процессортой гарахаар болжээ.
Эдгээрээс гадна “Apple Watch” ухаалаг бугуйн цагны шинэ үйлдлийн системд “Sleep tracking” буюу нойрсолтыг хянах шинэ боломж нэмэгдэхээр болсон байна. Энэ нь Fitbit зэрэг өрсөлдөгчидтэй харьцуулахад дутагдаж байсан гол технологи байв.
Ингээд “Apple”-ийн танилцуулсан шинэ бүтээгдэхүүнүүдтэй дэлгэрэнгүй танилцъя.
iOS 14 буюу iPhone-ий программын шинэчлэл
Ирэх намар зах зээлд гарах iOS 14 нь iPhone-ий нүүр дэлгэцний (home screen) бүтцийг үндсээр нь өөрчилжээ.
iPhone-ийн аппликэйшнүүдийг төрлөөр нь ангилж харуулах App Library энэ өөрчлөлтийн гол цөм юм. Бас widget-үүдийн харагдах, ашиглагдах хэлбэрт томоохон өөрчлөлт орсон байна.
App Clips хэмээх iOS 14-ийн шинэ функц нь аппликэйшнүүдийг бүхлээр нь нээхгүйгээр тодорхой нэг үйлдлийг ашиглах боломж олгох гэнэ. Өөрөөр хэлбэл тухайн нэг аппликэйшний зөвхөн нэг үйлдлийг ашиглахын тулд жижигрүүлсэн хөнгөн хувилбарыг нь ажиллуулах боломжтой болжээ.
iOS 14 хувилбарт нэмэгдсэн бусад боломжуудаас дурдвал
- Messages дотор тодорхой нэг conversation-ийг pin хийх, групп чатаас зөвхөн нэгэнд сонгож хариулах зэрэг шинэ боломжууд
- Аpple Maps-ийн зөвхөн дугуйчдад зориулсан шинэ боломж
- Memoji-д амны хаалттай хувилбараа оруулах боломж
- Автомашины хаалгыг iPhone-ooрoo нээх боломж зэрэг багтжээ.
Өөрийн процессороор тоноглосон Mac компьютерууд
Өөрийн үйлдвэрлэсэн Apple Silicon процессороор ирээдүйн Mac компьютеруудаа тоноглож, Intel компанийн бүтээгдэхүүнээс салахаар болсон нь Apple-ийн хувьд том өөрчлөлт байлаа.
Apple-ийн өөрийнх нь процессорууд iPhone, iPad-тай ижил орчин бүрдүүлэх тул хөгжүүлэгчдэд нэг аппликэйшнаа бүх төхөөрөмжүүдэд зэрэг гаргах боломжийг нэмэгдүүлэх юм байна.
Apple-ийн чиптэй анхны компьютер 2020 оны сүүлээр худалдаанд гарах юм. Гэхдээ Intel процессортой Mac-ууд нэг хэсэгтээ үйлдвэрлэгдсээр байх ажээ.
Apple Watch-д нэмэгдэх шинэ боломжууд
Apple Watch ухаалаг бугуйн цагны шинэ үйлдлийн систем watchOS 7-д анх удаа хүний нойрсолтыг хэмжих, хянах боломж нэмэгдэхээр болжээ.
Хөдөлгөөн мэдрэгч, зүрхний цохилт хэмжигч, микрофоны тусламжтай шөнийн турш хүн хэрхэн унтаж, амарсан тухай мэдээллийг цуглуулах юм байна.
Үүнээс гадна Apple Watch хүнийг гараа угаах үйлдлийг мэдэрч, хангалттай сайн угаасан эсэхийг нь мэдээлдэг болжээ.
Өчигдөр бас Аpple компани iPad, AirPod, Apple TV төхөөрөмжүүд болон Mac компьютерын үйлдлийн системийн шинэ хувилбар macOS Big Sur-т нэмэгдэж буй шинэ боломжуудыг танилцуулсан юм.
Эх сурвалж: Tech Insider