Ерөнхий сайдын дэргэд байгуулсан Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, Дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх Шуурхай штаб байгуулагдан ажиллаад 100 гаруй хоножээ. Шуурхай штаб өнгөрсөн хугацаанд есөн удаа хуралдсан байна. Бямба гарагт болсон ээлжит хуралдаанаараа боловсролын салбарын хөрөнгө оруулалт, тулгамдаж байгаа асуудлууд болон Улаанбаатар хотод хэрэгжих мега төслүүдийн эрэмбийг тогтоосон талаар мэдээлэл сонссон байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ “Ирэх 2026 оныг Боловсролын жил болгож байгаа нь нийслэл Улаанбаатар хотод тулгамдаж байгаа асуудлаас үүдэлтэй. Боловсрол бол хөдөлмөрийн зах зээлтэй ч холбоотой, амьдралын чанартай ч холбоотой чухал асуудал. Мөн хот, хөдөөгийн ялгаатай байдалтай ч холбоотой туйлын чухал асуудал. Тийм учраас аль болох хэрхэн богино хугацаанд хоёр ээлжгүйгээр хичээллэх вэ гэдгийг ярьж байна. Цэцэрлэгүүдийн хувьд бид Улаанбаатар хотод шийдэл гаргаж байсан. Хэдэн тооны сургууль, цэцэрлэг байх вэ, энэ ямар хөрөнгө оруулалтаар шийдэх вэ гэдэг асуудалд төвлөрч ярилцлаа. Тоонуудын хувьд нийлж байна. Шийдэл мэдээж байна. Үүнийг 2040-тэй уялдуулах чиглэлээр ярилцлаа. Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт маш их хэмжээний ачаалал байна. Бусад дүүргүүдэд, ялангуяа гэр хорооллын сургууль, цэцэрлэгийн чанар хангалттай биш. 100 гаруй шинэ сургууль, цэцэрлэг яаралтай шаардлагатай болсон байна. Мэдээж энэ бүхэн дан ганц Улаанбаатар хотод бариад байх биш. Орон нутагт бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулж барина. Орон нутгийн сургууль, цэцэрлэгийн чанар, багш мэргэжлийг сонгож байгаа хүний нөөцийн асуудлыг дахин шинээр харах зайлшгүй шаардлагатай болсон байна” гэжээ.
Ирэх долоо хоногоос их, дээд сургууль, цэцэрлэг, багш, эцэг эх гээд сегмегтийн уулзалтуудыг хийхээр төлөвлөжээ. Энэ чиглэлээр ажлын хэсгүүд байгуулагдах юм байна. Мөн Ерөнхий сайд уламжлалт уулзалтуудаа боловсролын салбарт илүү хандуулна гэдгээ мэдэгдэв. Бүсчилсэн хөгжлийн уулзалтуудаар бүсүүдэд тулгамдаж байгаа боловсролын чанар, хүртээмж болон бусад асуудлыг хөндөж ярих аж.
Шуурхай штабын анхны хуралдаан дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэлд хэрэгжих томоохон төслүүдийг эрэмбэлэх үүрэг чиглэл өгсөн. Энэ дагуу Шуурхай штабын хуралдаануудаар мэдээлэл солилцож, танилцууга хийж, шаардлагатай тохиолдолд газар дээр нь очиж танилцсаны үндсэн дээр нийслэл Улаанбаатар хотод хэрэгжүүлэх төслүүдээ ач холбогдлоор нь эрэмбэлжээ. Нийт хэдэн төсөл хэрэгжих, тэдгээр нь яаж санхүүжих вэ гэдгээс эхлээд тухайн төслүүд дээр УИХ, Засгийн газар ямар түвшинд оролцох, ямар төслүүдийг нийслэл дангаараа хэрэгжүүлэх, ямар төсөлд хувийн хэвшил оролцох вэ гэдэг нь ийнхүү тодорхой болж буй юм байна. Өмнө нь Зам, тээврийн яам, нийслэл гээд төр захиргааны төв байгууллагууд тус тусдаа боловсруулж, төлөвлөсөн, өөрөөр хэлбэл салангид байсан төслүүдийг ийнхүү нэгдсэн удирдлага, зохион байгуулалтад оруулж эрэмбэлжээ.
Түүнчлэн нийслэл Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний урсгалыг цахимаар бүрэн хянах бүртгэлийн системд шилжиж байгаа юм байна. Түгжрэлийг шийдэхэд ухаалаг систем, мэдээллийн технологийг ашиглах боломж ийн бүрдэж байгаа гэсэн үг. Шуурхай штаб өнгөрсөн гурван сар гаруйн хугацаанд зохицуулалт болон эрх зүйн орчинтой холбоотой, мөн боловсролын салбарын олон асуудлуудыг богино хугацаанд, хөрөнгө зарцуулалгүйгээр шийдэл гаргаж болох зохицуулалтуудыг олж харж, тодорхойлж чаджээ.



