Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймгийн хэмжээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй бүтээн байгуулалтуудын ажлын явц, гүйцэтгэлтэй танилцав. Хэнтий аймагт улсын төсөвт санхүүжилтийг нь тусгаж, он дамнан барьж байгаа барилгын ажлууд үргэлжилж байна. Мөн Засгийн газраас Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс нутгаар зарласантай холбогдуулан Азийн хөгжлийн банкны болон бусад санхүүжилтээр шинээр хийж буй бүтээн байгуулалт ч сумдад өрнөж байгаа юм. Тухайлбал, Батноров, Норовлин, Биндэр, Дадал суманд түүхийн танилцуулга цогцолбор байгууламжуудыг барьж байна.
1206 онд одоогийн Биндэр сумын нутагт эзэн Чингис хаан их хуралдайг хуралдуулж, Их Монгол улсыг тунхагласныг бэлгэдэн “Монгол төрийн их хуралдай орд” цогцолборыг тус газарт нь байгуулж байгаа юм. Эзэнт гүрний тулгын чулууг тавьсан түүхэн газрыг эрдэмтэд сурвалжлан олсноор 1994 онд хөшөөг нь босгосон байдаг.
Мөн тус аймагт аялал жуулчлалын бүс болгох хөгжилд хөтлөх 250 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг эхлүүлж, Биндэр сумын нутагт Онон гол дээгүүр дотоодын аж ахуйн нэгж бие даан гүүр барьж байгаа юм. Харин Баян-Адарга, Дадал сумыг холбосон Онон голын 150 метр төмөр бетон гүүрийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж, ашиглалтад оруулжээ. Баян-Адарга сумын иргэдийн 40 гаруй хувь нь Онон голынхоо хойд талд амьдардаг бөгөөд голын урсацаас хамаарч зорчих хөдөлгөөн хийдэг байсан хүндрэл энэхүү гүүрийг барьснаар арилсан байна. Түүнчлэн Монгол Улс, ОХУ-ын худалдаа, эдийн засгийн шинэ бүс бий болох төдийгүй Хэнтий аймагт Засгийн газраас хэрэгжүүлэх түүхэн аялал жуулчлалын бүс, томоохон цогцолборууд, түүнийг холбох авто замын трассын нэвтрэлт гүүрийг ашиглалтад оруулснаар нэмэгдэнэ хэмээн тооцоолж байгаа юм.