Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал болжээ. Шүүх хуралдаанаас түүнийг үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргасан байна. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хэвлэлийн албанаас албан ёсны мэдээллийг танилцуулахдаа “Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийн шүүх хуралдааныг зургадугаар сарын 17-ны өдрийг хүртэл хойшлуулж, шүүгдэгч нарт урд авсан цагдан хорьж, таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэлээ” гэсэн байна.
Н.Номтойбаярын өмгөөлөгч Н.Мандах шүүхийн шийдвэртэй холбогдуулан байр сууриа илэрхийлэхдээ “Монгол Улсад цагдан хорих байрнаас нэг хүн сонгуульд оролцож буй ийм жишиг энэ сарын 24-ний өдөр хүртэл үргэлжлэх ийм л нөхцөл байдалд хүрч байна. Энэ байдалд сонгогчид нь дүн тавьчих байх аа. Монголын ард түмэн ухаантай шүү дээ. Баяраа сая надад “Иргэд хүчтэй шүү дээ” л гэж надад хэлж байна. Би энийг дахиад хэлье. Иргэд хүчтэй. Ийм учраас надад өөр олон тайлбар хэлэх шаардлагагүй. Шүүх хэргийн бусад оролцогчийн хүсэлтийг их түргэн шуурхай шийддэг. Бидний хүсэлтийг шийдэхгүй, хэлэлцэхгүй орхиж байснаа өнөөдрийн хуралдаан дээр хангахгүй орхиж байна гэсэн. Үндэслэл тодорхой бус байдлаар. Улсын яллагч, хяналтын прокурор, хэргийн бусад оролцогчдоос аливаа байдлаар хүсэлт гаргаагүй байхад шүүгч захирамжиндаа хүсэлт гаргасан мэтээр биччихсэн. Энэ нь хуралдааныхаа тэмдэглэлтэй зөрчилддөг. Ийм л нөхцөл байдалд байсан. Өнөөдөр манай шүүхэд ийм л нөхцөл байдал үүсээд байгаа юм.
Нийгэмд нэг зүйл дээр буруу ойлголт яваад байх шиг байна. Өнөөдөр Нямтайширын Номтойбаяр гэдэг хүний УИХ-ын гишүүний бүрэн эрх түдгэлзсэн боловч УИХ-ын гишүүн хэвээрээ байгаа. Цаг хугацааны хувьд ч тэр, УИХ-ын тодорхой шийдвэрүүдээр ч тэр чөлөөлөгдөөгүй хүн юм шүү гэдэг залруулгыг нэгдүгээрт хэлж өгье. Хоёрдугаарт, хэргийн оролцогч нар, ялангуяа Номтойбаярын өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийг шүүх хангахгүй орхиж шийдвэрлэхдээ үндэслэлтэй байдлаар шийдвэрлэх ёстой шүү дээ. Хүсэлт гаргаж байгаа этгээддээ. Тэр үндэслэл тодорхой бус байна гэж хэлээд байгаа юм. Шүүх үндэслэлээ хэлж өгдөггүй, бичигддэггүй ийм л нөхцөл байдал үүсч байна. Энд хуулийн гажуудал гэхээс илүүтэй хуулийн хийдлийн тухай асуудал яригдах байх. Гэхдээ анхан шатны шүүх дээр хууль тайлбарлах эрх олгогдоогүй юм. Хуулиар Улсын дээд шүүх албан ёсны тайлбар хийнэ. Сонгуулийн тухай хуультай холбоотойгоор албан ёсны тайлбар гараагүй байхад шүүгч хуулийг өөрөө дур мэдэн тайлбарлаж буй нөхцөл байдал үүсч байна. Энэ бол хуульч нарын хувьд маш том хууль бус үндлэслэл гэж хэлэхээс өөр арга байхгүй.
Хэрвээ зургадугаар сарын 24-ний өдөр Номтойбаяр УИХ-ын гишүүнээр сонгогдсон тохиолдолд шүүх түүнийг хорих эсэх асуудлыг шийдэх байх. Энд мэдээж шүүх хуралдааны явцад шийдэгдэх процедурын шинжтэй нөхцөл байдал үүсэх учраас тэрийг таамаглах байдлаар хэлж болохгүй байна. Одоогийн байдлаар Улсын дээд шүүхээс өмгөөлөгч нарын хүсэлтэд албан ёсоор хариу өгөөгүй байна. Хариугаа гардаж аваад энэ талаар та бүхэнд тодорхой мэдээлэл өгье. Н.Номтойбаярын хувьд тавдугаар сарын 28-ны өдрөөс хойш хоригдож байна.
Цагдан хоригдох хугацаанд өмгөөлөгч нарт үйлчлүүлэгчтэйгээ уулзах асуудал дээр ямар нэгэн хүндрэл бэрхшээл гараагүй. Надад нэг итгэл үнэмшил төрж байна. Яагаад гэвэл би өөрөө энэ хэргийн оролцогч. Сонгууль дуустал гаргахгүй юм байна. Энийг би шулуухан хэлчихье. Хэрвээ зургадугаар сарын 17-нд шүүх хурал хойшилвол сонгууль дуустал гаргахгүй юм байна гэсэн итгэл үнэмшил надад төрж байна. Шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх ёстой, хуульд заасан үндэслэлээ бариач ээ гэж хэлмээр байна. Шүүхийг Сонгуулийн ерөнхий хорооноос зөвшөөрөл авах талаар хандах юм болов уу гэж харсан. Гэтэл зөвшөөрөл аваагүй, нэр дэвшигчийн бүрэн эрхтэй холбоотой баримтуудыг ирүүлээч ээ гэсэн хүсэлт явуулсан байна лээ. Энэ дагуу СЕХ-ноос зургадугаар сарын 8-ны өдөр албан бичиг ирүүлсэн байсан. Энд хорих арга хэмжээтэй холбоотой зөвшөөрлийн асуудал яригдаагүй байгаа биз. Та бүхнийг үүнийг анхаарч үзээрэй гэж хүсч байна” гэсэн байна.