Sunday, November 24, 2024

Түмнээрээ “угжуулж”, төр рүү хараалсан банк бус санхүүгийн байгууллага

Date:

Сүүлийн зуун жилд хүн төрөлхтөн маш олон зүйлийг бодож олжээ. Сайн нь ч их юм, муу нь ч их юм. Харин тоог нь гаргах нь уншигч таны мэдлийн хэрэг. Мөнгийг “Тарих” олон аргуудыг бас бодож олсон байгаа юм. Тэдгээрийг банк, хадгаламж зээлийн хоршоо, банк бус санхүүгийн байгууллага, ломбард, хүүлэх аргаар сайн дэлгэрүүлжээ. Хүүлэхээс бусад нь хуулийн нөмрөг дор бий болсон “Хуультай дээрэм”. Хуулиар тоноглогдож иргэдийн амьдралыг хараалан хүүгээр “Буудан шархдуулах” зэвсэг болсон байна. Хүү, хүүгийн хүү (анз) нь үйлчилгээний боловсон тохиролцоо боловч хохирлыг ард нийт амсдаг нь гашуун үнэн. Ялангуяа манай улс, манай аймгийн хувьд зээлийн “Хүүнд шархадсан” айл өрх, иргэд жингийн туухайны үлэмж хувийг эзэлнэ. Хамгийн харамсалтай нь тэд санхүүгийн мэдлэг дутмаг, амьдралын хэрэглээний нөхцөл тааруу иргэдээр хүрээгээ тэлдэг нь аймшигтай. Төрийн тэтгэмж, цалин хөлс, орон байр, уналга эдлэл бүгд өөрөө хэрэглэж буй харагдавч “Эзэн нь” алга цаасан дээр тамга дарсан байгууллагууд шүү дээ.

Анх 1998 онд НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрөөс хэрэгжүүлж байсан “МикроСтарт” хэмээх төсөл нь Хөгжлийн “Алтан Сан” ХХК-ийн тулгын чулууг тавьсан юм. Тун удалгүй зургаан Төрийн Бус Байгууллага (ТББ)-тай нэгдэн Монгол улсын хамгийн анхны Банк Бус Санхүүгийн Байгууллага (ББСБ) үүсэн байгуулагдсан түүхтэй.
“Банк бус санхүүгийн байгууллага” гэж өөрийн эзэмшигчдийн хөрөнгөөр зээл олгохоос гадна валют арилжаа, төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулга хийх үндсэн үйл ажиллагаа явуулдаг Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авсан ашгийн төлөө байгууллага юм.
Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар “Банк бус санхүүгийн үйл ажиллагаа” гэдэгт
1. Зээл;
2. Факторингийн үйлчилгээ /Бусдын авлагыг худалдан авах/;
3. Төлбөрийн баталгаа гаргах /тодорхой этгээдийн өмнөөс мөнгөн төлбөрийн үүргийг гүйцэтгэх/;
4. Төлбөр тооцооны хэрэгсэл гаргах /төлбөрийн карт, цахим мөнгө зэрэг биет болон биет бус хэрэгсэл/;
5. Цахим төлбөр тооцооны үйлчилгээ /интернэт автомат тоног төхөөрөмж ашиглаж төлбөр тооцоог гүйцэтгэх/;
6. Мөнгөн гуйвуулгын үйлчилгээ /харилцагчийн нэр дээр данс нээхгүйгээр өөрийн харилцах дансаар дамжуулан гүйлгээ, шилжүүлэг хийх/;
7. Гадаад валютын арилжаа /төгрөгөөс бусад валют, мөнгөн дэвсгэртийг солих, шилжүүлэх, худалдах/;
8. Итгэлцлийн үйлчилгээ /итгэл хүлээлгэгчийн хөрөнгийг үнэгүйдлээс хамгаалж, ашиг олох зорилгоор түр хугацаанд хөрөнгийг ашиглах, захиран зарцуулах/;
9. Богино хугацаанд санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх /хөрөнгийг нь нэг жил хүртэл хугацаанд хөрөнгө оруулалтын үнэт цаас зэрэг санхүүгийн хэрэгсэлд хөрвүүлэх/;
10. Хөрөнгө оруулалт, санхүүгийн чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгөх;
11. Үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахтай холбоотой санхүүгийн зуучлалын үйл ажиллагаануудыг хэлнэ.

Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 14.1, 14.2-т зааснаар ББСБ нь өөрийн хөрөнгө буюу ДҮРМИЙН САНТАЙ байх бөгөөд дүрмийн сан нь хувьцаа эзэмшигчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдэнэ. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль 6.1.3, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 14.2-т зааснаар Дүрмийн сангийн доод хэмжээг Санхүүгийн зохицуулах хороо тогтоох бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан журмын дагуу дүрмийн санг өөрчилж, нэмэгдүүлж, хорогдуулна.
Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 10-р сарын 18-ны өдрийн 271 дүгээр тогтоолоор Хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг дараах байдлаар тогтоосон.
ББСБ-ын үйл ажиллагааны зөвшөөрлийг тодорхой хугацаатай олгоно.
ББСБ нь оноосон нэр болон “Банк бус санхүүгийн байгууллага” гэсэн дэлгэрэнгүй тэмдэглэгээ, эсхүл “ББСБ” гэсэн товчилсон тэмдэглэгээнээс бүрдэнэ. Банк бус санхүүгийн байгууллагын нэр, байршлыг Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрөлтэйгээр өөрчилнө.

Монгол Улсын болон гадаад улсын хуулийн этгээд ББСБ-ын үйл ажиллагааг эрхэлнэ. Улсын төсвөөс санхүүждэг хуулийн этгээд, шашны болон улс төрийн байгууллага, төрийн бус байгууллага, сан банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэхийг ХОРИГЛОНО. Хуулийн этгээд нь Компанийн тухай хуулийн 13-16 дугаар зүйлд зааснаар үүсгэн байгуулсан байна.
ЗЭЭЛ ГЭЖ ЮУ ВЭ?
Санхүүгийн байгууллага, хувь хүнээс өөрийн хэрэгцээ болон бизнесийн үйл ажиллагаанд шаардлагатай санхүүжилтийг тодорхой хугацаатай, хүүтэй, эргүүлж төлөх нөхцөлтэй авахыг зээл гэж энгийнээр тодорхойлж болох юм.
ҮНДСЭН ЗЭЭЛ: Зээлийн хүү, шимтгэл ороогүй зээлийн үлдэгдэл дүн.
ЗЭЭЛИЙН ХҮҮ: Зээлийг тодорхой хугацаанд ашигласныхаа төлөө зээлдүүлэгчид төлж буй төлбөр. НЭМЭГДҮҮЛСЭН ХҮҮ: Зээлийг эргэн төлөгдөх хуваарийн дагуу төлөх төлбөрөө хугацаа хэтрүүлсэн тохиолдолд үндсэн зээлийн хүү дээр зээлийн хүүний 20%-иас ихгүйгээр нэмж төлж буй хүү юм.
ЗЭЭЛИЙН ХУГАЦАА: Зээлийн гэрээгээр тохиролцсон зээл авснаас эхлэн төлж дуусах хүртэл хугацааг хэлнэ.

Дорноговь аймгийн хэмжээнд “Нэт капитал” санхүүгийн групп, “Гялс төгрөг” ХЗХоршоо, “Бэрс финанс” ББСБ, “Транскапитал” ББСБ зэрэг байгууллагууд “үйл ажиллагаа явуулж байна”.

САЙНШАНД СУМЫН НЭГДҮГЭЭР БАГИЙН ИРГЭН Б.БАТ-ӨЛЗИЙ:
Манай аймгийн хүн амын иргэд ядуувтар. Тэтгэвэр, тэтгэмжээрээ амьдралаа авч авдаг. Бидний амьдрал ч тийм байсан. 2009 онд хүүхдийнхээ дэвтрийг ломбарданд аваачиж өгөөд тухайн үед 20000-30000 төгрөг авна. Дэвтэр тавьснаар хоногийн 0.5-7 хувийн хүүтэй гэсэн хэр нь хүү нь ерөөсөө багасдаггүй. Очоод хасууллаа гэхэд нэг дэвтэр 20000 байлаа гэж үзэхэд ар дээр нь 10000-15000 төгрөг үлддэг жишээний. Тэгээд ахиад бүтэн сар тэрийгээ нэмэхгүй байна гэж байхгүй. Хэрэглээ, хүнсээ авахаар болоход эргээд л очно. Ингээд нэмэхээр 20000-30000 төгрөг нэмэгдэнэ. Дараа нь авах магадлал байхгүй болдог.
Хүүхдийн өлгий сүүний мөнгө гэж ярьдаг, одоо бол жирэмсний мөн хүүхдийнхээ дэвтрийг тавьдаг болсон. Манай ээж гэхэд л хоёр хүүхдийн дэвтэр тавьсан. Багадаа л зургаан сар болоход хүү нь ерөөсөө хасагдахгүй эсхүл хүүг нь хасуулна гээд очоод дэвтрээ авахад 60000-80000 төгрөг ч юмуу 30000-40000 төгрөгний хүү өгч байж дэвтрээ авдаг.
Тэдгээр хүмүүс тухайн сард үндсэн мөнгө нь 40000 байлаа гэхэд 20000 буулаа гээд үүнийгээ хасаад үлдсэн тал мөнгө нь хүүтэйгээ үлдэнэ. Тэгэхээр бид нарын хувьд бол тэр хүү нь сарын хэдий хэмжээний мөнгө төлдөг байсан жилийн хэдий хэмжээний хүү төлдөг байсан гэдгийг бол мэдэхгүй. Ломбардны гэрээн дээрээ зөвхөн хоногийн 0.5% ч юмуу мэддэггүй байсан. Энэ нь маш их алдагдалтай. Би хамгийн сүүлд 2017 онд 120000 төгрөг өгч байж хоёр хүүхдийнхээ дэвтрийг авсан. Тасралтгүй тавьсан хугацаа бол хоёр жил байдаг.

САЙНШАНД СУМЫН ГУРАВДУГААР БАГИЙН ИРГЭН А.С:
Миний хувьд ББСБ-д зээлтэй учраас нэрээ тавихгүй ээ. Би өмчлөлийн газраа барьцаалж зээл авсан л даа. Нэг талаасаа би ойлгохгүй байгаа ч мөнгөний зайлшгүй хэрэг болоод л ийм зээлд хамрагдсан гэж болно. Жишээлбэл, миний өмчлөх эрхийн гэрчилгээг Улсын бүртгэлийн хэлтсээс өөрийн нэрийг хасуулж тус байгууллагын нэр дээр шилжүүлсний дараа зээл олгох нөхцөл бүрддэг. Тэгэхээр зээлтэй байх хугацаанд гэрчилгээ тэр байгууллагын өмч болдог шиг байгаа юм.
Жилийн хүү бодох тарифтай. Банкинд газар авахгүй, ломбард ч мөн ижил. Тэгэхээр ийм алхам руу л орж байгаа юм. Зээл дууслаа гэж бодоход би гэрчилгээгээ өөр дээрээ дахин шилжүүлэх болно. Энэ бүх үйлдэлд би хувийн мөнгөө зарцуулдаг. Үндсэн зээлэх мөнгөнөөс арай дутуу өгдөг. Энийг би тус байгууллага дур мэдэн гишүүнчлэл үүсгэдэг болов уу л гэж боддог. Амьдралын хэрэгцээнээс шалтгаалсан мөнгөний асуудлыг барьцаат байгууллагууд ийм маягаар л ашиглаж байна л даа.
Манай аймгийн хувьд зээлийн үйлчилгээ явуулж буй ломбардуудыг эс тооцвол ХЗХ, ББСБ-ууд бүгд гадны иргэд, гадны компани. Нэг үгээр аймгийн иргэдийн олсон орлого болон хөрөнгийг гадагш урсгах том тоглогч нар “Гадныхан” гэсэн үг.
Аймгийн бизнесмэнүүд нэгдэн дундын хөрөнгө босгох замаар төвлөрсөн санхүүгийн байгууллага байгуулж иргэддээ тохирсон хүү, нөхцөлт гэрээг баримтлан ажиллах нь мөнгөний урсгалаа “Хаших”. Ядаж л иргэн би хувь нийлүүлсэн тохиолдолд амьдралаа дээшлүүлэх асуудлаа хувь хүртэх багахан хүүгээр зохицуулаад байж болно доо. Аймгийн нийт иргэд хувь оруулж том хөрөнгөө босгоод дундын сангаасаа хувь хүртэн явдаг бол ямар вэ? Бодох л асуудал. Итгэж болох л зүйл. Банкинд зээлгүй иргэд ховор байна. Ломбард, ХЗХ, ББСБ-д зээлгүй иргэн тоолохоор цөөн шүү?
Дорноговийн иргэн та хаана, хаана зээлтэй вэ? Хүү бодохгүйгээр шөнө тайван амардаг уу? Басамжилсан мэт энэ асуултанд манай аймгийн хүн бүр хариулж чадах байх. Ийм л аймшигтай. Зээлээс зээл рүү чавхдсан энэ нийгэмд амьдрах тухай бодох нь хэтэрхий бага юм даа.

Эх сурвалж: “Өнөөдрийн ЯЛАЛТ” сонин, 2020 оны 05 дугаар сар. №05 (4001)
Э.Эрдэнэдалай

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...