АНУ-ын африк удамтай эрэгтэй Флойдын амь насыг хөнөөсөн хэргээс үүдсэн эсэргүүцлийн жагсаал тус улсыг хамран өрнөж байна. Зургаадугаар сарын 3-ны байдлаар АНУ-ын 50 мужийн 430 гаруй том, жижиг хот сууринд арьсны өнгөөр гадуурхахын эсрэг жагсаал болжээ. Эсэргүүцлийн энэхүү хөдөлгөөн дэлхийн олон орныг мөн хамарч байна. Үүнд, Франц, Англи, Швед, Канад, Австрали, Герман зэрэг оронд арьсны өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг жагсаал өрнөсөн юм.
АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Флойд болон түүний гэр бүлийн хүмүүсийн өмнөөс шударга ёсыг хамгаалах болно гэж амласан байна. АНУ-ын анхны африк гаралтай ерөнхийлөгчийн хувьд Барак Обама Флойдын хэргээр хоёр удаа байр сууриа илэрхийлж, ийм хэрэг 2020 онд АНУ-д гарч буй нь хэвийн бус үзэгдэл юм. Харин АНУ-ыг бүхэлд нь хамарсан энэ донсолгоо нь асуудлыг таньж, зохицуулах боломж болж байна. Ард иргэд маань сонгуулийн саналаа энэ бүхнийг өөрчилж чадах хүнд өгөх ёстой гэжээ.
АНУ-ын экс ерөнхийлөгч Жорж Буш “Америкчууд улс орныхоо эмгэнэлт ялагдлыг тунгаан бодож, шударга байдлын төлөө хамтаар хичээх ёстой” гэжээ. Мөн АНУ-ын экс ерөнхийлөгч Билл Клинтон, “Хэрэв иймэрхүү байдлаар хар арьстанд хандсаар байвал АНУ-д Мартин Лютер Кингийн мөрөөдөл үүрд алга болох болно” гэжээ.
АНУ-ын экс ерөнхийлөгч, эдүгээ 95 настай Жимми Картер “Хүчирхийлэл өөрөө дэгдсэн юм уу, зохион байгуулсан уу гэдэг нь хамаагүй. Энэ бол асуудлыг зохицуулах оновчтой арга биш. Бидэнд ард түмэнтэйгээ адилхан сайн засаг хэрэгтэй байна” гэсэн байна.