Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат өнгөрсөн сарын эхээр Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьжээ. Богдхан уулын тусгай хамгаалалттай газар нутагт оршин сууж байгаа иргэдээс үл хөдлөх хөрөнгийн албан татвар авах зохицуулалт бүхий уг хуулийн төслийг Н.Цэрэнбат сайд Засгийн газрын кабинетаараа хэлэлцүүлэлгүй, иргэд, олон нийт болон мэргэжлийн холбоодоос нэг ч санал авалгүй, УИХ-ын гишүүний хувьд өргөн барьсан нь чоно борооноор гэгч болсон юм биш байгаа гэдэг сэжиг төрүүлж байгаа юм. Тиймээс АН-ын Геологи, уул уурхай, газрын тосны бодлогын зөвлөлийн дарга Б.Ариунболд үүнийг “хуулийн хулгай” гэж нэрлэжээ.
Эдүгээгийн эрх баригч МАН 2016 оны ээлжит сонгуулиар үнэмлэхүй олонх болсныхоо дараа сонгогчдод “Татвар нэмэхгүй, шинээр татвар бий болгохгүй” хэмээн амласан. Гэвч өнгөрсөн хугацаанд тэдний ам, ажил хоёр алд дэлэм зөрсөөр ирснийг олон нийт өнөөдөр шүүмжлэн хэлэлцэх болсон. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас улс орнууд эдийн засгийн хямралд өртөж, иргэдийн орлого хомсдон худалдан авах чадвар буураад байгаа энэ үед У.Хүрэлсүхийн Засгийн газар “Эдийн засгийг дэмжих, иргэдийн орлогыг бууруулахгүй байх” тухай янз бүрийн хөтөлбөр зарлаж, түүндээ зориулан таван их наяд төгрөгийг УИХ-ын шийдвэргүйгээр захиран зарцуулах эрхийг өөртөө аваад байгаа. Гэтэл нэг сайд нь ганцаараа бие даан татвар нэмэгдүүлэх тухай хууль санаачлан боловсруулж, УИХ-д өргөн барьсан нь кабинетын зарчмыг зөрчсөн үйлдэл.
Тиймээс энэхүү хуулийн төслийг Засгийн газар дэмжсэн бол “нэг гараараа өгснийгөө, нөгөө гараараа булааж” буй хэрэг юм. Шуудхан хэлэхэд луйвар ч гэж болно. Тухайлбал, У.Хүрэлсүхийн Засгийн газар хамгийн сүүлд хүүхдийн 30 мянган төгрөгийг нэмэгдүүлэн 100 мянган төгрөг болгосон. Гэтэл Н.Цэрэнбат сайдын өргөн барьсан Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдах юм бол иргэдийн халааснаас энэхүү 100 мянган төгрөгийг төр буцаан “дээрэмдэнэ” гэсэн үг.
Тиймээс АН-ын Геологи, уул уурхай, газрын тосны бодлогын зөвлөлийн дарга Б.Ариунболд энэ тухай “Монгол Улсын иргэн оршин суух газраа чөлөөтэй сонгох эрхтэй. Гэтэл энэ татвар нь иргэдээ оршин суугаа газар, нутгаар нь ялгаварлаж, татварын ялгаатай бодлого хэрэгжүүлж буй явдал” хэмээн үзэж, үүний эсрэг тухайн бүсэд амьдарч, оршин сууж байгаа иргэдээ төлөөлөн шийдвэртэй тэмцэхээ мэдэгджээ.