Wednesday, December 4, 2024

Дижитал эриний сэтгүүл зүй

Date:

Хэвлэл мэдээлэл бол асар хүчтэй зэвсэг. Олон хүн ингэж боддог. Энэ аксиомыг орчин үед хэвлэл мэдээлэл бол дэлхий ертөнцийг өөрчлөгч хүч гэж хөрвүүлэх болов. Ойрын ирээдүйд дэлхий ертөнцийг эрс өөрчлөх мега трэндүүдийн тоонд хэвлэл мэдээлэл орж байгаа нь үүнийг батална.

Хүн төрөлхтний амьдралд гарч буй хөгжил дэвшил, өөрчлөлт сар, жилээр биш өдөр, цагаар хэмжигдэх болсон энэ эрин үед сэтгүүл зүй дижиталчлагдаж, уламжлалт шинж чанараасаа эрс өөр, шинэ хэлбэрт хурдтай шилжиж байна.

Хөгжлийн чиглэлээр судалгаа хийдэг дэлхийн хамгийн том think thank байгууллагууд, ирээдүй судлалаар мэргэшсэн эрдэмтэд, эдийн засагчид хүн төрөлхтний амьдралыг орвонгоор нь өөрчилж байгаа гол хандлага, хүчин зүйлүүдийн нэгээр сэтгүүл зүйг санал нэгтэй нэрлэжээ. Мөн технологийн дэвшил хүн төрөлхтний өнөө, ирээдүйн амьдралд хамгийн хүчтэй нөлөөлж, өөрчилж байгааг онцолсон аж. Сэтгүүл зүй ч технологийн дэвшлийн нөлөөгөөр гэрлийн хурдаар өөрчлөгдөж, түүнийг дагаад дэлхий өөрчлөгдөж байна. Тиймээс дижитал сэтгүүл зүй, дата сэтгүүл зүйн тухай ярихаас өөр аргагүй болжээ. Эрэн сурвалжлах сэтгүүл зүйд энэ шинэ чиг хандлага хэрхэн нэвтэрч байгааг Монгол, Австралийн жишээн дээр харж болно.

Дэлхийд

Дижитал сэтгүүл зүй хөгжсөнөөр сүүлийн 10 гаруй жилийн дотор сэтгүүл зүй асар хурдтай өөрчлөгджээ. Хамгийн түрүүнд уншигч, үзэгчдийн тоо, бүтцэд өөрчлөлт орж. Дэлхий нийтэд сүүлийн таван жилийн дотор сонины захиалга 25 хувиар, телевиз үзэгчдийн тоо 6 хувь, радио сонсогчид 15 хувиар буурчээ. Сэтгүүл уншигчид ч буурсан байна. “Космополитан” зэрэг цөөн хэдэн сэтгүүл л уншигчдаа алдалгүй үлдэж чадсан гэнэ. Гэтэл үүний эсрэгээр сүүлийн таван жилд сайт уншигчдын тоо 10 хувиар өсчээ. Нийгмийн сүлжээ ашиглагчдын тоо ч жил тутам 10 хувиар өсөх болж. Мэдээ мэдээлэл түгээх хамгийн хүчтэй хэрэгсэл нь фэйсбүүк болжээ. Фэйсбүүкээр дүрст мэдээлэл хүлээн авагчдын тоо жилд 36 хувиар, гар утсаар мэдээлэл авдаг хүмүүс 17 хувиар нэмэгдэж байгаа ажээ.

Австралид

Эхлээд Австралийн хэвлэл мэдээллийн салбарыг онцлох болсон шалтгаанаа дурдъя. “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” төрий бус байгууллага санаачлан Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг GIZ-ийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга төсөл, “Оюутолгой” компанийн дэмжлэгтэйгээр Монголын эдийн засаг, уул уурхайн сэтгүүлчдийг чадавхжуулах хөтөлбөрийг гурван үе шаттай хэрэгжүүлэн, оролцогчдыг Австралийн зарим муж, хотуудад онол, практикийн сургалтад хамруулсан юм. Энэ сургалтын үеэр Квийнсландын их сургуулийн сэтгүүл зүйн тэнхим болон Тогтвортой хөгжил, эрдэс баялгийн хүрээлэнгийн багш, профессоруудын лекц, тус улсын хэвлэл мэдээллийн салбарын нөлөө бүхий “Fairfax media” компанийн “The Age” сонины нэгдсэн редакцтай танилцах үед олж авсан мэдээллээсээ хуваалцахаар шийдсэн нь энэ.

Австралийн хэвлэл мэдээллийн магнат нь тэрбумтан Руперт Мурдок. Тэрээр Австралид төрж, өссөн ч АНУ-ын иргэншилтэй бөгөөд Доналд Трампын сайн найз аж. Р.Мурдок хэвлэл мэдээллийн том корпорацтай. Австралиас гадна Англи, АНУ-д  өөрийн мэдлийн олон сонин хэвлэлтэй. 

Австралид Р.Мурдокийн корпорациас гадна “Fairfax media” компани, мөн ABC, SBS гэсэн олон нийтийн хоёр телевиз бий. “Fairfax media”-гийн хувьд мэдээ, Австралийн smh.com.au, theage.com.au, afr.com, Шинэ Зеландийн stuff.co.nz зэрэг мэдээллийн вэб сайтууд, таблет болон смартфон аппликейшнууд, орон нутгийн сонин, телевиз, санхүүгийн төрөлжсөн сэтгүүл гээд олон хэвлэл мэдээллийн хэрэгслийг нэгтгэсэн компани. “The Sydney Morning Herald”, “The Age”, “The Australian Financial Review”, “The Canberra Times”, “The Sun-Herald”, “The Land”, “In New Zealand,” “The Dominion Post”, “The Press”, “The Sunday Star-Times” зэрэг хэвлэлүүд бүрэлдэхүүнд нь багтдаг байна.

Дэлхий нийтэд тулгарсан асуудал Австралид ч мөн адил бий. Тухайлбал, тус улсын хэмжээнд сонинуудын орлого эрс буурчээ. Тиймээс ихэнх сонинууд цахим хувилбараа гаргасан боловч амжилтад хүрэхгүй байгаа аж. Цахим сонины захиалга өсөхгүй байгаагийн шалтгааныг дор бүрнээ судалж эхэлж. Сонирхолтой нь үл хөдлөх эд хөрөнгийн зар, сурталчилгааг уншигчид их уншдаг тул энэ чиглэлээр дагнасан сайт, сонинууд ашиг орлого сайтай байдаг гэнэ.

Бидний очсон “Financial Review” сонин санхүү, эдийн засгийн төрөлжсөн хэвлэл. Дижиталчлалын нөлөө гэдэгтэй холбож хэлэхэд тус сонин сүүлийн 16 жилийн дотор нийт сэтгүүлч, уран бүтээлчдийнхээ тоог 70 хувиар бууруулжээ. Тиймээс тус сонин цөөн сэтгүүлчтэй. Тэд өөрсдийн бичсэн мэдээ, сурвалжилга, нийтлэлээ сайтдаа нийтлэх, олон нийтийн сүлжээнд шэйрлэх, холбогдох аудио, видеогоор баяуулах, гэрэл зургийг нь авах гээд бүхий л ажлыг гүйцэтгэдэг байна.  “Financial Review” санхүү, эдийн засгийн төрөлжсөн сонин тул тогтсон үнэнч уншигчид, захиалагчдын хүрээлэлтэй тул дижитал хэвлэл мэдээлэлтэй өрсөлдөхүйц хэмжээнд үйл ажиллагаа явуулж чаддаг аж.

Цахим орчин, олон нийтийн сүлжээнд fake news буюу худал мэдээлэл их түгэх болсноос уншигчид үнэн бодитой мэдээллийг мөнгө төлж авах шинэ хандлага ажиглагдаж байгааг “Financial Review” сонины сэтгүүлч Пэтэр Кэр онцолж байв.

Тухайлбал, Австралийн уншигчид сайтуудад мөнгө төлж, баталгаатай, үнэн бодит мэдээлэл авах болсон байна. Энэ нь нэг ёсондоо өдөр тутмын сонин худалдаж авч байгаатай адил гэсэн үг.

Австралийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хэн нэгний нэр төрийг гутаах, оюуны өмчийг хууль бусаар ашиглах, терроризмыг хөхиүлэн дэмжих агуулгатай мэдээ, мэдээлэл гаргахгүй байхад ихэд анхаардаг байна. Хэвлэл мэдээллийн байгууллагууд нь мэргэжлийн ёс зүйгээ чанд баримталдаг.

“Улс төрийн сэдвээр бичдэг сэтгүүлчид парламент болон Засгийн газрын гишүүд, улстөрчидтэй хэт найзалж, нэг хөнжилд орохоос болгоомжилдог. Эх сурвалжтайгаа хэт ойр дотно болсноор сөрөг зүйл бичих аргагүй болдог. Үүнээс болгоомжлох ёстой” хэмээн Квийнсландын их сургуулийн сэтгүүл зүйн тэнхмийн багш нар онцолж байсан юм. Эрэн сурвалжлах сэтгүүл зүй Австралид сайн хөгжсөн. Өнөөгийн түвшинд хүрэхийн тулд сорилт, бэрхшээлийг ч даван туулж. Австралийн нэг залуу сэтгүүлч өмнө нь болсон шүүхийн материалыг олон нийтэд дэлгэснээс болж шүүхийг үл хүндэтгэсэн гэдэг үндэслэлээр шоронд орж байсан гэнэ. Эрэн сурвалжлах чиглэлээр дагнасан олон сэтгүүлч амиа алдаж байж.

Австралийн Квийнсландын их сургуулийн сэтгүүл зүйн тэнхмийн багш Брюс Вүүллэй “Эрэн сурвалжлах сэтгүүл зүй нийгмийг шударга, цэвэр болгох, иргэдэд мэдээлэл хүргэх зорилготой. Эрэн сурвалжилга хийж буй сэтгүүлч баримтын судалгаа хийх нь маш чухал.

Ингэхдээ тухайн сэдвээр өргөн хүрээнд харж, Засгийн газар, төрийн бус байгууллагууд юу хийв, мөн бусад улс оронд юу хийж байна гэх мэтээр судалгаа хийнэ.  Ингээд судалгаа хийхээр юу нь тодорхой бус байгааг мэдэж авна. Үүндээ тулгуурлаад эх сурвалжуудтай ярилцлага хийдэг. Мэргэжлийн хүмүүс мэдээлэл өгсөн ч тэр нь үнэн эсэхийг давхар шалгаж баталгаажуулж байх ёстой. Дижитал ертөнцөд амьдарч байгаа тул бидний бичсэн сурвалжлага, нийтлэл уншигчдын сэтгэгдэлээр цааш үргэлжилдэг гэж болно.

Австралид хэвлэл мэдээллийн байгууллагууд тодорхой хэмжээний мөнгө төлж хэрэгтэй мэдээллээ олж авдаг. Гэхдээ энэ бол буруу. Аль болох мөнгө төлөлгүйгээр мэдээлэл олж авах хэрэгтэй. Тэгэхгүй бол тухайн хүн хэдийгээр мөнгө авч байгаа ч гэлээ өөрийн хувь хүний үзэл бодол, эрх ашигт нийцсэн мэдээллийг л өгдөг. Нэмж хэлэхэд эрэн сурвалжлах сэтгүүл зүйд цаглабар чухал” хэмээн ярьж байна.

Эрэн сурвалжлах сэтгүүл зүйд датаг ашиглах, дижитал технологийг нэвтрүүлэх зэрэг чухал. Өнөө цагт дижитал сэтгүүл зүй, олон нийтийн сүлжээ хөгжсөнөөр тухайн сурвалжлага, нийтлэлийг нийтэлсний дараа хэлэлцүүлэг өрнөх, санал солилцох үйл явц үргэлжлэх болсон нь цоо шинэ хандлага юм. Өөр нэг гол тулгуур нь мэдлэгийн сэтгүүл зүй. Энэ бол сэтгүүлч гүн гүнзгий мэдлэг, мэдээлэлтэй байх ёстой гэсэн үг. Тэгж байж эрэн сурвалжилга хийнэ. Тодорхой салбар, сэдвээр мэргэших нь сэтгүүлчид давуу тал бий болгодог. Мэргэшсэн сэтгүүлч судалж буй асуудал бүрийнхээ талаар бүрэн дүүрэн мэдээлэлтэй байдаг. Тэгснээрээ бусад сэтгүүлчдийн олж хараагүйг харж, мэдэрч чаддаг. Австралийн сэтгүүл зүй ийм л чиг хандлагаар хөгжиж байгаа ажээ.

Монголд

Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн “Investigative Journalism Dialogue” олон улсын хурлыг МҮОНРТ, Хэвлэлийн хүрээлэн, ХБНГУ-ын хамтын ажиллагааны хүрээнд “Дойче Велле” академи, Канадын Элчин сайдын яамны оролцоотойгоор 2018 оны 10 дугаар сарын 02,03-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулсан.

Монголын эрэн сурвалжлах сэтгүүл зүйг олон улсын жишигт хүргэн хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой энэхүү олон улсын хуралд ирсэн хүндэт зочид салбартаа жинхэнэ аваргууд байсан юм. Тухайлбал, эрэн сурвалжлах сэтгүүл зүйн олон улсын сүлжээний Удирдах зөвлөлийн гишүүн, “Хэрхэн яаж хүмүүсийн ярианы сэдэв болох вэ?” гарын авлагын зохиогч Сайд Назакат, Хонг Конгийн их сургуулийн профессор Ийн Чан, Майлайзийн Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн төвийг үүсгэн байгуулагч Стивэн Гэн, “Дойче Велле” академийн Монгол дахь хөтөлбөрийн менежер Патрик Бенинг, “Дойче Велле”-гийн судалгаа, хамтын ажиллагаа хариуцсан захирал Жохен Шпангенберг нарын илтгэл, мэдээллийг сонсоно гэдэг манай эрэн сурвалжлагч сэтгүүлчдэд том боломж, завшаан байлаа.

Баримтыг хэрхэн нягтлан шалгах, дата сэтгүүл зүйн өнөөгийн төлөв байдал, чиг хандлага, тоон мэдээллийн хүчийг ашиглах аргууд, эрэн сурвалжлах сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангах, бие даасан хараат бус үйл ажиллагааг дэмжих зэрэг сонирхолтой сэдвүүдийг олон улсын хурлын үеэр хөндөж ярилцсан.

Онцлоход, эрэн сурвалжлах сэтгүүл зүйн чиглэлээр хөрөнгө босгож ажилладаг atlatszo.hu сайтын удирдах зөвлөлийн гишүүн Атилла Монг эрэн сурвалжлага хийж буй сэтгүүлчид сурвалжилга, мэдээллээ нийтлэхдээ мэргэжлийн хуульчаар хянуулдаг байхыг зөвлөж байв. Энэ нь эрэн сурвалжлагч сэтгүүлч өөрийн аюулгүй байдлаа хамгаалах, бичсэн материалынхаа төлөө шүүхэд дуудагдахаас сэргийлэх гээд олон сайн талтай гэдгийг тэрээр онцолсон.

Манай улсад 500 орчим хэвлэл мэдээллийн байгууллага үйл ажиллагаа явуулдаг боловч эрэн сурвалжлах төрлөөр дагнан ажилладаг хэвлэл мэдээллийн байгууллага 10 хүрэхгүй. Яагаад ийм чамлалттай түвшинд байгааг ч дээрх олон улсын хурлын үеэр хөндсөн юм.

Монгол Улсын хувьд хэвлэл мэдээллийн хууль эрх зүйн орчин харьцангуй боломжийн гэж үздэг. Гэвч тэрхүү “боломжийн” гэдэг тодорхойлолт дотор эрэн сурвалжлах сэтгүүл зүй хөгжихгүй байгаа шалтгаан нөхцөл нуугдаж байгаа ажээ. Тиймээс манай улсад хоёр дахь удаагаа зохион байгуулагдсан эрэн сурвалжлах сэтгүүл зүйн олон улсын хурлаар эрэн сурвалжлах сэтгүүл зүйн онцлог, Монголд эрэн сурвалжилга хийх боломж ба бэрхшээлийг хэлэлцэж, тэдгээрийг шийдэх арга замыг хамтдаа хайсан юм. Олон улсын хурлын үеэр эрэн сурвалжлах сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн “Цахиур” шагналыг олгодог уламжлал тогтсон. Энэ дагуу 2018 оны “Цахиур”-ын эзэд тодорсон.

Хоёр өдрийн турш үргэлжилсэн олон улсын хурлын агуулгыг тоймловол сэтгүүлчид сошиал медиа болон вэб ашиглах, эрэн сурвалжилга хийхэд аюулгүй байдлыг хангах арга, нээлттэй мэдээллийн сан буюу датаг хэрхэн үүсгэх вэ гэдэгт төвлөрсөн юм. Дата сэтгүүл зүй буюу тоон мэдээлэлд анализ хийж түүнийгээ уншигчдад ойлгомжтой байдлаар дүрс, график, хүснэгт ашиглан илэрхийлж, асуудлыг сонирхолтой хэлбэрээр гаргаж ирдэг бичлэгийн энэ төрөл зүйл орчин үеийн сэтгүүл зүйн чиг хандлагыг тодорхойлож байгаа ажээ. Энэ талаар Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн захирал М.Мөнхмандах,”Энэ удаагийн хурлаар сэтгүүл зүйн дэлхийн чиг хандлага буюу орчин үеийн технологийг хэрхэн ашиглах, дата сэтгүүл зүйн онцлог, цахим аргаар мэдээлэл хайх, нягтлах, нээлттэй мэдээллийг ашиглан асуудлыг тодорхой гаргаж, дүрс, график, хүснэгтээр илэрхийлэх арга зүйн боломжийн талаар хэлэлцүүлэг өрнөлөө.

Мөн энэ үеэр гадны төлөөлөгчид Монголын эрэн сурвалжлах сэтгүүл зүйд дата майнинг буюу өгөгдөл боловсруулах арга зүйг хөгжүүлэх бүрэн боломж байгааг онцолсон. Хамгийн гол нь сэтгүүлч нээлттэй байгаа мэдээллийг ашиглахдаа хууль эрх зүйн орчинд нийцүүлэн ашиглах ур чадвараа дээшлүүлэх шаардлагатай.

Манай хүрээлэн эрэн сурвалжлах сэтгүүлчдэд дата сэтгүүл зүйн сургалт явуулах нөөц боломжийг бүрдүүлж, 2017 онд 18, энэ жил 17 сэтгүүлчийг хамруулсан. Хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагууд сэтгүүлчдээ дата сэтгүүл зүйн сургалтад хамруулан дэлхий нийтийн чиг хандлагыг нэвтрүүлэх нь зүйтэй” хэмээн ярьжээ.

Эрэн сурвалжлах сэтгүүл зүй гэж хүний хэвлээсэй гэж хүсэхгүй байгаа зүйлийг хэвлэхийг хэлнэ.

Тэгэхгүй бол зүгээр л ПиАр болно гэж Английн нэрт зохиолч Жорж Орвелл хэлж байжээ. Тэрээр сайн зохиолч төдийгүй Испанийн иргэний дайныг сурвалжилж, BBC радиод ажиллаж байсан чадварлаг сэтгүүлч байсан юм. Ж.Орвеллийн энэ үгнээс эрэн сурвалжлах сэтгүүл зүй ямар хүнд хэцүү бөгөөд бахархалтай, тэр хэрээрээ нийгэмд ач тустай вэ гэдгийг харж болох юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Өмнөд Солонгост дайны бэлэн байдал зарлалаа

Өмнөд Солонгост хэдхэн цагийн өмнө дайны бэлэн байдал зарлажээ....

Хятадын үндэсний цөөнхийн 12 дахь наадам эхэллээ

БНХАУ-ын Хайнань мужийн Санъяа хотод Хятадын үндэсний цөөнхийн 12...

Парламентын мухар гудамж

Эхлээд хэдүүлээ нэг албан мэдээг анхааралтай уншицгаая. ...Засгийн газрын ээлжит...