Saturday, November 23, 2024

Уул уурхайн өгөөж буюу “үл үзэгдэх” баялаг

Date:

Уул уурхайн салбар манай улсын ДНБ-ий 20 хувийг эзэлж байгаа ч нийт экспортын 90 хувийг бүрдүүлдэг. Түүнчлэн эдийн засгийн өсөлттэй он жилүүдэд төсвийн орлогын 20 хүртэл хувийг бүрдүүлж байв.

Эрдэс баялгийн салбар ийнхүү ойрын жилүүдэд эдийн засгийн гол тулгуур байх нь маргаангүй. Гэхдээ тодорхой хугацааны дараа энэ байдал өөрчлөгдөж таарна. Уул уурхай өнөөгийнх шиг ийм өндөр ач холбогдолтой байхаа больж, нэг үгээр хэлбэл моодноос гарлаа гэхэд ямар салбар түүнийг орлох вэ? Том том уурхайнууд нэг л өдөр хаалтаа хийж, улсын төсвийн “саалийн үнээ”-нүүдийн сүү татарлаа гэж бодъё. Тэр цагт монголчууд бид юутай үлдэх вэ? Уул уурхайг эсэргүүцдэг иргэний хөдөлгөөнийхний ярьж, бичдэг шиг ухсан нүх, овоолсон шороо, сүйтгэгдсэн байгальтай үлдэх үү? Эсвэл улсынхаа сан хөмрөгт валютын арвин нөөцтэй, нийгмийн олон салбарууд нь жигд хөгжсөн, иргэдийнх нь орлого өндөр, амьдралын чанар сайн хөгжингүй улс орон болсон байх уу?

Түүнчлэн макро эдийн засгийн бодлогын хувьд хөдөө аж ахуйгаа хөгжүүлэх үү, технологийн салбарт илүү анхаарах уу, аялал жуулчлалдаа ач холбогдол өгөх үү? Одоогоор төр, засгийнхан ч, уул уурхайн салбарынхан ч энэ талаар төсөөлөл багатай л байна. Ямар ч байсан уул уурхайгүй Монголыг гэгээлгээр төсөөлөх гээд үзье. Ингэх үндэслэл ч хангалттай буй юм.

Мэдээж эрдэс баялгийн салбараа зөв бодлогоор удирдаж, олсон орлогоо үр дүнтэй зохистой зарцуулбал улс орны эдийн засагт өгөөжтэй. Баялгийн сан байгуулан түүнд хуримлуулсан мөнгөөр бусад салбаруудаа дэмжиж, эдийн засгаа солонгоруулан хөгжүүлсэн улс орнуудын туршлага  цөөнгүй бий. Норвеги улс л л гэхэд газрын тосны салбараас олсон бүх орлогоо баялгийн сандаа төвлөрүүлсэн байдаг. Уг сангаа улсаасаа гадна байршуулан санхүүгийн бүтээгдэхүүнд хөрөнгө оруулж, улмаар нийгэм,эдийн засгийн салбаруудаа жигд хөгжүүлсэн туршлага нь олон улсад жишиг болсон билээ.

Нүдэнд харагдаж гарт баригдах ийм үр өгөөжөөс гадна эрдэс баялгийн салбараас үл үзэгдэх баялгийг “олборлож” байдаг. Үүнийг банканд тушааж буй алт, баялгийн санд хуримтлагдаж буй мөнгөнөөс ч илүү гэж хэлж болно.

Энэ бол нэг талаар хүн, хүний оюун ухаан, сэтгэлгээнд бий болж буй өөрчлөлт юм. Өөрөөр хэлбэл, мэдлэг, чадвар, туршлага, хууль журам, соёл, засаглалын хэм хэмжээ гээд олон зүйлийг үүнд хамааруулан хэлж буй юм. Нөгөө талаар техник, технологийн дэвшил ч үүнд багтана.

Технологийн нөөц, баялаг

Дэлхийн олон улс орон уул уурхайн салбартаа технологийн дэвшлийг өргөн ашиглаж, дижитал шилжилтийг энэхүү салбарын ирээдүй гэж үзэх болсон. Тиймээс уул уурхайн компаниуд стратегиа өөрчилж, шинэ бизнес, үйл ажиллагааны загварыг туршиж эхэлжээ. Өнгөрсөн есдүгээр сарын 21-23-нд Гүржийн Тбилис хотод болсон “Дижитал уул уурхай ба аж үйлдвэр” чуулганаар л гэхэд энэ сэдвийг хөндөж ярилцсан байна. Уул уурхайн салбар технологид тулгуурлаж хөгждөг онцлогтой. Энэ онцлогийг нь дижитал шилжилт хэрхэн хурдтай явагдаж байгаагаас харж болно

Уул уурхайн өдөр тутмын үйл ажиллагаанд дижиталчлал эрчимтэй нэвтэрч эхэлсэн нь олон зүйлийг өөрчилжээ. Асар том уурхайгаас хүдэр олборлох хүчирхэг техникүүд жолоочгүйгээр ажиллаж, тээвэрлэлтийг нь гүйцэтгэх галт тэргийг ч мөн алсын зайнаас, хэдэн зуун километрийн цаанаас удирдаж, ажлын бүтээмж, үр ашгийг хэдэн арав дахин нэмэгдүүлж буй “Рио Тинто”-гийн Австрали дахь уурхайнууд дижитал майнингийн тод томруун жишээ юм.

Дэлхийн уул уурхайн салбарт тэргүүлэгч компаниуд судалгаа, инновацыг тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлж, шинжлэх ухааны дэвшилтэт ололт, шинэ технологийг хэрэглэх болжээ.

Уул уурхайн үл үзэгдэх баялаг буюу өгөөж энэ мэт техник, технологиор дамжин Монголд үлдэж буй юм. Тухайлбал, “Рио Тинто” групп аливаа хүдрийн агуулгыг тодорхойлох судалгаа хийхдээ плутацийн арга буюу нунтаглах аргыг өргөн хэрэглэдэг байсан бол сүүлийн үед лазер ашиглан хүдрийн биетийг илүү нарийн түвшинд тодорхойлох арга нэвтрүүлжээ. “Рио Тинто” Өмнөд Африк, Индонези, Америкийн уурхайнуудад нутагшуулсан энэ технологио “Оюутолгой”-д тун удахгүй нэвтрүүлэхээр төлөвлөөд байгаа юм билээ.Энэ технологи манайд нэвтэрч гэмээнэ уурхайн хайгуул, судалгааны ажилд ахиц дэвшил гарахаас гадна геологийн салбарт ч өгөөжөө өгнө.  Түүнчлэн уурхайн өдөр тутмын үйл ажиллагааг дижитал технологи ашиглан гар утсаараа хянах, уул уурхайн сургуулиуд визуал технологи ашиглан бодит мэт орчинд сургалтын үйл ажиллагаа явуулахаас эхлээд олон арван технологийн дэвшлүүд нь зам, барилга зэрэг дэд бүтцийн салбарт ч хэрэглэгдэх боломжтой. Энэ бол нөгөө л уул уурхайн үл үзэгдэх баялаг улс орны эдийн засагт үр өгөөжөө өгч буй хэрэг юм.

Хүн нөөц, баялаг

“Сентерра гоулд” компани өнгөрсөн аравдугаар сард “Бороо гоулд” уурхай, Баяжуулах үйлдвэр, “Гацуурт” төслүүдээ Сингапурт бүртгэлтэй OZD ASIA PTE  гэдэг компанид зарсан. Канадын хөрөнгө оруулалттай “Сентерра гоулд Монголия” ХХК ийнхүү 21 жил ашигт малтмалын хайгуул, олборлолт, боловсруулалтын үйл ажиллагаа явуулсны эцэст Монголыг орхин гараад байгаа билээ. Уул уурхайн салбар моодноос гарахад бид юутай үлдэх вэ гэдэг асуултад “Сентерра гоулд”-ын жишээн дээр хариулах гээд үзье.

Уул уурхайн салбарын  хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгч орнуудын нэг бол Канад. Тиймээс Канадын хөрөнгө оруулалттай компани Монголд хөрөнгө оруулж, үйл ажиллагаа явуулах болсон нь манай уул уурхайн салбарт шинэ технологи, мэдлэг, туршлагыг импортолсон юм.

Тус компанийн үйл ажиллагаатай холбоотойгоор өнгөрсөн 10 гаруй жил нийгэмд үүссэн олон зөрчил маргаантай асуудлыг энд тоочихгүй. Зөв, буруу гэдгийг нь ч дүгнэхгүй. Гагцхүү Хойд Америктаа алт олборлолтоор тэргүүлдэг, Төв Азийн бүс нутагт алтны олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа барууны хамгийн том компани Монголд хөрөнгө оруулж манай улсын алтны хамгийн том үндсэн ордод олборлолт явуулсан нь уул уурхайн салбарт ямар үр өгөөжөө өгсөн бэ. “Сентерра гоулд”-ын нөхөн сэргээлт, нуруулдан уусгах технологи зэрэг нь монголчуудын хувьд шинэ стандарт байв. “Бороо гоулд”-ын алтны уурхай ид үйл ажиллагаа явуулж байх үед “Сентерра гоулд” компанийнхан уул уурхайн бусад компаниудад нөхөн сэргээлтийг олон улсын ISO 14001 стандартын дагуу хэрхэн хийх талаар хэд хэдэн удаа сургалт зохион байгуулж байв. Манай уул уурхайн компаниуд нөхөн сэргээлтийг ор нэр төдий хийдэг байсныг өөрчилж, шинэ соёл түгээхэд Канадын энэ компани хувь нэмрээ оруулсан. Энэ бол ашиг орлого, мөнгө хөрөнгөөр хэмжигдэхгүй капитал юм. Түүнчлэн “Бороо гоулд”-д канадуудыг дагалдан ажиллаж, тэдний мэдлэг, чадвараас суралцсан олон арван залуус уул уурхайн салбарт мэргэжлээрээ ажиллаж, түүчээлж яваа нь асар том хөрөнгө оруулалт.

Тэгэхээр уул уурхайд гадаадын компанийн оруулж буй хөрөнгө оруулалтыг зөвхөн мөнгөөр хэмжих нь учир дутагдалтай гэсэн үг. Өнөөдөр “Оюутолгой”-н уурхайд ч гэсэн олон зуун монгол залуус ажиллаж дэлхийн тэргүүлэгч уул уурхайн компанийн шилдэг техник, технологийг эзэмшин, компанийн засаглал, маркетинг, менежмент, бизнесийн соёл гээд олон зүйлийг суралцаж, туршлага хуримтлуулж байгаа юм.

Ганцхан жишээ дурдахад, “Оюутолгой”-н уурхай анх байгуулагдахад цахилгааны туслах ажилчнаар ажиллаж байсан залуус энэ чиглэлээрээ компани байгуулан, “Оюутолгой” компанийн олон төсөл дээр гүйцэтгэгчээр ажиллаж, гүний уурхайнх нь бүх цахилгаан угсралтыг гүйцэтгэж байгаа ажээ. 2006 онд “Оюутолгой”-н уурхайд дагалдан ажилчнаар орсон монгол залууст канад супервайзерууд өөрсдийн бүхий л мэдлэг, чадварыг зааж сургасан байна. Монгол залуус ч мэдлэг, чадвараа ахиулж, мэрийн зүтгэсээр богино хугацаанд мэргэжилдээ эзэн болсноор компанийхаа үнэ цэнэтэй ажилчдынх нь тоонд багтжээ. Ингээд тун удалгүй дөрвүүл нийлэн MMS буюу “МайМонСоорс” компаниа байгуулан “Оюутолгой” компанийн цахилгаан угсралт, засвар үйлчилгээний төсөлт ажлуудад ханган нийлүүлэгч, гүйцэтгэгчээр ажиллаж эхэлсэн байна. 12 жилийн өмнө гадаадын компаниуд “Оюутолгой”-н цахилгааны бүх ажлыг нь хийдэг байсан бол эдүгээ монгол залуусын байгуулсан “МайМонСоорс” компани тэр бүх ажлыг хийж гүйцэтгэж байгаа нь бахархалтай. Одоо тэд “Оюутолгой”-н гүний уурхайн босоо амууд болон туузан дамжлагуудын цахилгааны угсралт, холболт, ашиглалтын асуудлыг бүрэн хариуцан ажиллаж байгаа ажээ.

Дөрвөн хүнтэй байгуулагдсан компани нь 400 ажиллагсадтай, үндэсний шилдэг ханган нийлүүлэгчийн нэг болжээ. Тус компани үйл ажиллагаа, компанийн засаглал, маркетинг менежментдээ орчин үеийн шинэлэг, дэвшилттэй загварыг авч хэрэгжүүлсэн байна.

Энэ бол үндэсний хэмжээний том уул уурхайн төслийн өгөөжийг хүртэн амжилттай ажиллаж буй жирийн нэг компанийн түүх гэдгээс гадна цаашид монгол залуус дэлхийн хэмжээний уул уурхайн том төслүүдэд ажиллах мэдлэг, туршлагатай болсон гэдгээрээ үнэ цэнтэй юм. Энэ талаар “МайМонСоорс” компанийн захирал Б.Гантүлхүүр “Оюутолгойд төрөл бүрийн мэргэжлээр ажиллаж байгаа залуус цаашид дэлхийн хэмжээний уул уурхайн том төслүүд дээр багш, зөвлөхөөр ажиллах боломжтой болж байгаа” хэмээн өгүүлсэн.

Уул уурхайн салбарын үр өгөөжийг эдийн засагт шууд үр өгөөжөө өгч, ашиг орлогыг нэмэгдүүлж байгаагаар нь өнгөц хэмжих өрөөсгөл гэдгийг эндээс харж болно. Уул уурхайн ашиг орлого бус үл үзэгдэх хөрөнгө оруулалт нь тухайн улс орны ирээдүйн хөгжлийн суурь болдог ажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...