Үндэсний аудитын газраас мэдээлэл хийж, УИХ-ын сонгуульд оролцох нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрт аудит хийж хүлээн авсан талаараа танилцууллаа. Анх гуравдугаар сарын 25-ны дотор дөрвөн эвсэл, 8 нам Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө өгснөөс 12-ынх нь мөрийн хөтөлбөр хуульд нийцээгүй заалт, амлалтын чанартай зүйл орсон гэдэг шалтгаанаар буцааж, тав хоногийн дотор засуулжээ.
Одоогоор 208 бие даагч УИХ-ын сонгуульд оролцохоор мөрийн хөтөлбөрөө ирүүлжээ. Гэхдээ энэ нь ийм тооны хүн бие даан нэр дэвшинэ гэсэн үг биш. Бие даагчдын мөрийн хөтөлбөрийг Үндэсний аудитын газар санал авахаас 22 өдрийн өмнө нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөртэй хамт сайт дээрээ тавьж, нийтэд ил болгох юм байна. Бие даагчид Үндэсний аудитын газар мөрийн хөтөлбөрөө өгөх хугацаанд нийт 10 хүн цахимаар бусад нь биеэр ирж өгсөн байна.