Хавдар судлалын үндэсний төвд жилд 6000 гаруй иргэн хавдраар оношлогдож, өдөрт 1000 гаруй иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авдаг гэсэн судалгаа бий. Тус эмнэлгээр үйлчлүүлж буй иргэд яаралтай тусламж үйлчилгээ авахад ганцхан орц, гарцтайн улмаас нэлээд хүндрэл учирдаг тул эмнэлгийн удирдлагууд 2017 оноос хойш эмнэлгийн орц, гарцыг нэмэгдүүлэх асуудлаар үе үеийн хотын удирдлагуудад хандаж иржээ.
Эмнэлгийн гаднах орц, гарцыг нэмэгдүүлэх асуудлаар тус эмнэлгийн удирдлагууд нийслэлийн Засаг дарга С.Амарсайханд хүсэлт тавьсны дагуу энэ сарын 08-ны өдөр хотын Захирагч газар дээр нь очиж ажилласан юм. Хотын Захирагч эмнэлгийн удирдлагууд болон бусад холбогдох албаныхантай эмнэлгийн орц, гарцыг нэмэгдүүлж болохуйц байршлуудыг газар дээр нь үзэж танилцаад, эмнэлгийн баруун талд буй оршин суугчдын байр болон эмнэлгийн ажилчдын орон сууц хоорондох замыг чөлөөлж орц, гарц нээх үүргийг нийслэлийн Газар зохион байгуулалтын алба болон нийслэлийн Автозамын хөгжлийн газарт өгсөн билээ. Уг шийдвэрийн хүрээнд Хавдар судлалын үндэсний төв эмнэлгийн баруун хойд талд таван автомашины гражийг буулгаж, газрыг чөлөөллөө. Газар чөлөөлсний дараагаар нийслэлийн Автозамын хөгжлийн газраас тухайн хэсэгт 3 метрийн өргөнтэй явган хүний гарц, 7 метрийн өргөнтэй хоёр урсгалтай авто зам тавих юм байна. Хавдар судлалын үндэсний төвд нийт 5 байршилд орц, гарц нээх бөгөөд эмнэлгийн баруун урд талд газар чөлөөлөлт хийж, зөвхөн Яаралтай түргэн тусламжийн автомашин нэвтрэх замыг нээлээ. Ингэснээр тус эмнэлэг одоогийн байдлаар 3 талаас нэвтрэх боломжтой болоод байна.