Мэргэжлийн сүмо бөхийн нэг ояката болон таван бөх шинэ коронавирусийн халдвар авчээ. Энэ тухай өчигдөр Японы сүмо бөхийн холбоо мэдэгдэл хийсэн байна. Бөхчүүд коронавирусийн халдвар авснаар ирэх сард болох нацү башё зохион байгуулагдах эсэх нь эргэлзээтэй болжээ. Халдвар авсан ояката нь Такадакава бөгөөд түүний шавь болох хоёрдугаар зэрэглэлийн жүрёо зиндаанд барилддаг Хакүёозан мөн халдвар авчээ. Бусад дөрвөн халдвар авсан бөх нь доогуур зиндааны сүмочид юм байна.
Өдгөө 53 настай Такадакава энэ долоо хоногийн эхээр халуурч эхэлсэн аж. Одоогийн байдлаар Такадакава болон бусад таван бөхийг эмнэлгийн хяналтад оруулжээ. Мөн Японы сүмо бөхийн холбооноос ирэх нацү башегийн нээлтийг хоёр долоо хоногоор хойшлуулж тавдугаар сарын 24-нд болгожээ. Гэхдээ цар тахлын нөхцөл байдлыг ажиглан башёг гуравдугаар сарынх шиг үзэгчгүйгээр явуулах эсвэл бүр мөсөн цуцлах талаар ярилцах гэнэ.