ЭМЯ өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 19-ны өдрийн байдлаар дэлхийн 213 оронд 2330967 хүн хүн өвчилж, 160775 хүн нас барьж, 596537 хүн эдгэрсэн байна. Коронавирусийн улмаас 1.5 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна. АНУ, Итали, Иран, Испани, ХБНГУ, Франц, Швейцарь, Их Британи, Турк улсуудад тархалт голомтлон өндөр хэвээр байна. Анхаарал татаж байгаа зүйл нь манай хойд хөрш ОХУ-д вирусийн тархалт маш өндөр байгаа бөгөөд шинээр өвчилж байгаа хүмүүсийн тоо хурдтай нэмэгдсэн байна. Тухайлбал, өнгөрсөн нэг хоногийн дотор ОХУ-д 1785 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт 36793 тохиолдол болоод байгаа бөгөөд 113 хүн нас бараад байгаа юм. Тус улсад коронавирусийн дэгдэлт хамгийн өндөр байгаа нь Москва хот. Москвад өнгөрсөн 24 цагийн дотор 2649 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Үүний 50 гаруй хувь нь 49 хүртэлх насны идэр залуучууд байгаа аж.
Тиймээс Москва хотын захиргаанаас хөл хориог чангатган дөрөвдүгээр сарын 22-ноос эхлэн зөвшөөрөлгүй метронд суулгахгүй, мөн автомашины зөвшөөрлийг камераар хянахаар болжээ.
Манай хөрш Эрхүү мужид өнгөрсөн 24 цагийн дотор 57 тохиолдол бүртгэгдсэн байна. Мөн Буриад улсад 115 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд эдгээрийн хавьтлын судалгааг хийж үзэхэд 2200 гаруй хүнд халдвар тараасан байж болзошгүй байгаа аж. Эрхүү мужид 17 хүртэлх насны 10 хүүхэд коронавирусийн халдвар авч эмчлүүлж байгаагийн хамгийн бага нь долоон сартай хүүхэд байгаа гэнэ. Энэ нь дэлхийн хэмжээнд бага насны хүүхэд коронавирусийн халдвар авч өвдсөн дөрөв дэх тохиолдол болжээ. Ийнхүү бага насны хүүхдүүд коронавирусийн халдвар авах нь ихэсч байгаагийн шалтгаан нь цаг агаар дулаарсантай холбоотойгоор эцэг эхчүүд бага насны хүүхдүүдээ гадуур гаргах нь нэмэгдсэнийх гэж үзжээ. Үүнээс болж балархай хэлбэртэй нян тээгчдээс өвчин их авч байна гэж ОХУ-ын эрүүл мэндийн байгууллагынхан үзсэн байна. Тус улсад бүртгэгдсэн коронавирусийн халдварын 50 хувь нь балархай хэлбэртэй буюу шинж тэмдэггүй нян тээгчдээс халдвар авсан болох нь тогтоогджээ.
Түүнчлэн ОХУ-ын эрүүл мэндийн салбарынхан коронавирусийн эсрэг шинэ эмчилгээ амжилттай туршсан байна. Энэ нь коронавирусээр өвчлөөд хүний цуснаас плазмыг нь ялган авч хүнд өвчтэй гурван хүнд эмчилгээ хийсэн нь маш үр дүнтэй эдгэрсэн байна. Тиймээс коронавирусээр өвчилж эдгэрсэн хүмүүсийг цусаа өгөхийг уриалжээ. ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин зарлиг гаргаж коронавирусийн тархалттай холбоотойгоор гадаад иргэдийн визийг зургаадугаар сарын 15 хүртэл сунгахаар болсон байна.