ХӨСҮТ-ийн хоёр лабораторид 104 хүнд шинжилгээ хийжээ. Замын-Үүдэд тусгаарлагдсан нэг сэжигтэй тохиолдол, түүний хавьтал буюу хилээр хамт орж ирсэн 58 хүнээс шинжилгээ авахад коронавирус илрээгүй байна.
ОХУ-аас ирж ХӨСҮТ-д тусгаарлагдсан 30 хүний дөрвөөс нь давтан шинжилгээ авахад нэг нь эерэг буюу коронавирусийн халдвартай гарчээ. Ийнхүү Монгол Улсад бүртгэгдсэн коронавирусийн халдварын тохиолдол 32 боллоо. Засгийн газрын шийдвэрийн дагуу тусгай үүргийн онгоцоор ирсэн хүмүүсийг хоёр дахин давтан шинжилгээнд оруулж байгаа ажээ. Туркийн хоёр иргэний таван төрлийн шинжилгээнээс коронавирус илрээгүй боловч тэд өөрсдийн хүсэлтээр ХӨСҮТ-д үргэлжлэн хянагдаж байгаа юм байна.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Монгол Улс дотроо алдсан юм биш үү гэдэг шүүмжлэл гарч байгаа. Тандан судалж байгаа. Уушгины хатгаагаар өвдсөн хүмүүсээс шинжилгээ авахад коронавирус илрээгүй. Хавдартай гэдэг оноштойгоор ХСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсээс шинжилгээ авахад коронавирус илрээгүй” гэлээ.