Эрүүл мэндийн яам албан ёсны сайтдаа COVID-19 гэсэн тусгай хуудас цэс нэмж, уг хуудсаар дамжуулан энэхүү шинэ вирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээлэл, судалгаа, тандалтын үр дүн, зөвлөгөөг хүргэж байгаа. Энэхүү хуудаснаа өнөөдөр нийтлэгдсэн сүүлийн үеийн шинэ мэдээллийг хүргэе. Өнгөрсөн гуравдугаар сард COVID-19 халдварын эргэн тойронд хийсэн тандалт судалгааны тоймд дараах мэдээллүүдийг онцолсон байнан
- БНХАУ-ын эрдэмтдийн судалгаагаар COVID-19-өөр өвчилсөн эрэгтэй хүний үрийн шингэнд коронавирус илэрсэн байна. Тиймээс коронавирус бэлгийн замаар халдварладаг байж болзошгүй гэх дүгнэлтийг эрдэмтэд хийсэн байна.
- Австралийн Мелбурн хотын Мурдочийн хүрээлэнгийн судлаачид сүрьеэгийн эсрэг БЦЖ вакцин COVID-19-ийн эсрэг хүний дархлааг сэргээдэг эсэхийг тогтоохоор эмнэлгийн байгууллагын 4000 ажилтны дунд судалгаа хийж байгаа тухай зарлалаа. Мөн ийм судалгааг Нидерланд, Герман, Англи улсад хийж байна.
- Америк, Англи улсад Коронавируст халдвараар өвчилсөн хүмүүсийн 30-40 хувь нь шинж тэмдэггүй вирус тээгчээс халдвар авсан байх магадлалтай гэж үзжээ. Харин БНХАУ-д нийт халдварын 80 орчим хувийг шинж тэмдэггүй өвчтнүүд тараадаг болохыг тогтоосон байна.
- БНХАУ-ын мэргэжилтнүүд COVID-19-өөр өвдсөн 416 хүнд ажиглалт хийж зүрх судасны өвчлөл нь коронавируст халдвараар нас барах эрсдэлийг 4,5 дахин нэмэгдүүлж байгааг тогтоосон байна.
- Канадын Далхаузын их сургуулийн хүүхдийн анагаахын тэнхимийн судлаачид хүүхдүүд коронавируст халдварт мэдрэг хэдий ч өвчний шинж тэмдэг төдийлөн илэрдэггүйг тогтоожээ.
- Нидерландын Нийгмийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн судлаачид цэвэрлэх байгууламжийн бохир усанд коронавирус илрүүлжээ.
- Герман улсын эмч нар өвчний шинж тэмдэг ихэвчлэн 2-14 хоног, зарим тохиолдолд 21 хоногийн дараа илэрч байгааг тогтоожээ.
- БНХАУ-ын эрдэмтэд COVID-19-ийн халдвар авсан хүн шинж тэмдэг илрэхээс өмнө бусдад халдвар тараадаг бөгөөд зарим хүмүүс халдвар тээгч байгаа тул хүн бүр маск зүүвэл олон нийтийн дунд халдвар дамжих магадлал буурна гэж үзжээ.