Хүн төрөлхтний тэн хагасаас илүүг хөл хорионд оруулж, дэлхийн улс орнуудад бараг бүгдэд нь тархаад буй шинэ коронавирусийн халдвар хүнээс амьтанд халдсан тохиолдол гарч эхэллээ. Энэ бол аюулын харанга гэсэн үг. Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 005-ны ням гарагт АНУ-ын Нью-Йорк хотын “Бронкс” амьтны хүрээлэнд дөрвөн бар, гурван арслан коронавирусийн халдвар авсан болох нь лабораторийн шинжилгээгээр тогтоогдож. Эдгээр амьтад амьтны хүрээлэнгийн ажилтнаас халдвар авсан гэдгийг онцолж байгаа юм. Түүнчлэн Хонконгт муур, нохой COVID-19-өөр өвдсөн тохиолдол гарсан учраас гэрийн тэжээвэр амьтдыг мөн хөл хорионд оруулахыг зөвлөжээ.
Эндээс харахад коронавируст халдвар COVID-19 амьтанд халдварлах магадлал өндөр байгаа ажээ. Хэрвээ гэрийн тэжээвэр амьтад болон малд энэхүү шинэ вирус халдварлах юм бол маш аюултай нөхцөл байдал үүснэ. Тиймээс малчид, гэртээ амьтад тэжээдэг иргэд хянуур болгоомжтой байж, халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахих шаардлагатай гэсэн үг. Түүнчлэн иргэд коронавирусийн талаарх мэдлэг, мэдээлэлтэй байх нь нэг ёсны дархлаа, хамгаалалт юм. Энэ үүднээс шинэ коронавирусийн талаар, энэхүү вирус хүнээс гадна ямар амьтдад байдаг тухай мэдээллийг хүргэе.
Коронавирус бол хүн төрөлхтний хувьд цоо шинэ биш. Шинэ вирус гарахаас өмнө дэлхийн шинжлэх ухаан зургаан янзын коронавирусийг нээж судалжээ. Өөрөөр хэлбэл зургаан өөр төрлийн коронавирус урьд өмнө нь хүн, амьтанд халдварлаж байсан гэсэн үг. Тухайлбал, олон улсыг хамарсан тахлын хэмжээнд өвчлөл дэгдээж байсан SARS, MERS бол коронавируст халдвар юм. Энэ удаагийн долоо дахь төрлийн коронавирусийг яагаад novel coronavirus буюу шинэ коронавирус гээд байгаа юм гэхээр өмнөх хэлбэрүүдээс өөр шинж тэмдэгтэй учраас тэр. Тиймээс уг вирусийн халдвар дэгдсэний дараа олон улсад хэрхэн нэрлэх талаар нэршил дээр нь хүртэл нэлээд маргаан үүсчээ. ДЭМБ-ын нэр томъёоны комисс үүнд маш их ач холбогдол өгч, нухацтай хэлэлцэж байгаад COVID-19 гэж тогтсон байна. 2019 онд гарсан шинэ коронавирус гэдэг утгаар ингэж нэрлэсэн хэрэг.
Коронавирусийн энэхүү долоо дахь хэлбэр өмнө нь мэдэгдээгүй учраас хүн төрөлхтөнд цоо шинэ сорилт болж байна. Өмнөх зургаан төрлийн коронавирус сарьсан багваахай болон махыг нь хятадууд хүндсэнд хэрэглэдэг нохой зээх маягийн жижиг махчин амьтдад халдварлагдан тээгдэж байжээ. Энэ удаагийн COVID-19 шинэ төрлийн коронавирус сарьсан багваахай, эсвэл шоргоолж идэштэн панголин зэрэг амьтдаас хүнд халдсан байх магадлал өндөр. Өмнө нь тархаж байсан зургаан төрлийн коронавирус маш олон амьтанд тээгдэж, халдварлаж байжээ. Тухайлбал, сарьсан багваахай, муур, шувуу, нохой, гахай, хулгана, таван хошуу малаас адуу, хонь, үхэр тэмээ, түүнчлэн далайн хав хүртэл коронавирусээр халдварладаг байна. Тэгэхээр COVID-19-өөр амьтны хүрээлэнгийн бар, арслан, гэрийн тэжээмэл муур, нохой халдварлаж байгаа нь нэг талаар коронавируст халдварын хувьд гарцаагүй зүйл. Үүнийг мэдэж байгаа тохиолдолд хүмүүс энэхүү шинэ вирусийг амьтанд халдаахгүй байх, эсвэл амьтнаас халдвар авахгүй байхын тулд урьдчилан сэргийлэх алхмуудыг сайтар хийх хэрэгтэй гэсэн үг.
Нэмээд хэлэхэд хамгийн анх коронавирусээр 1960-аад онд хүн өвчилсөн тохиолдол анагаах ухаанд бүртгэгдэж байж. Түүнээс хойш коронавирус хүн төрөлхтөнд “танил” болж, эрүүл мэнд, амь насанд нь заналхийлсээр байгаа юм. Тухайлбал, SARS-ын коронавирус 2003 онд шинжлэх ухаанд нээгдсэн. MERS 2012 онд мэдэгдсэн. Коронавирус дотроо альфа (α), бета (β), вай(y), дельта (δ) гэж дөрвөн янз байдаг. Хүн төрөлхтөнд хамгийн аюул занал учруулж буй нь нь альфа, бета хэлбэрийн коронавирус аж.