Эрүүл мэндийн яамны албан ёсны сайтад шинэ коронавирусийн халдварын сүүлийн үеийн мэдээлэл нийтлэгджээ. Дэлхий нийтийн нөхцөл байдлын тоймоос дараах мэдээллүүдийг онцолсон байна.
- АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн судалгаагаар Коронавируст халдварын эрсдэл ахмад эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн дунд өндөр байгаа учраас тэднийг хөнгөн ажил үйлчилгээнд шилжүүлэн ажиллуулах шаардлагатай гэж үзсэн байна.
- БНХАУ-ын судлаачид коронавирусийн халдвар нүдний эмч нарт халгаатай гэж дүгнэжээ. Шинж тэмдэггүй өвчтнөөс үзлэгийн үеэр нүдний эмч халдвар авч нас барсан тохиолдол гарсан учраас энэ чиглэлийн болон хамар, хоолойн эмч мэргэжилтнүүдийг хувийн хамгаалах хэрэгслийг стандартын дагуу ашиглахыг зөвлөжээ.
- Сингапур улсын “Saw Swee Hock” Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн судлаачид тус улсад 3-р сарын 16 хүртэл бүртгэгдсэн коронавируст халдварын 157 тохиолдлын 6.5% нь шинж тэмдэггүй үедээ бусдад халдвар тараасан гэж үзжээ.
- АНУ-ын Сиэтлийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн судлаачид мөн коронавируст халдвартай өвчтний 12.6% нь шинж тэмдэггүй үедээ халдвар тараах магадлалтай гэж үзжээ.
- Харвардын их сургууль 2003 онд гарсан SARS-ын тархалтад цаг агаар нөлөөлөөгүй болохыг тогтоожээ. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ, хөдөлгөөний хязгаарлалт, хөл хорио зэрэг үйл ажиллагааны үр дүнд халдварыг зогсоосон гэж дүгнэжээ. Эрдэмтэд харин томуу, томуу төст өвчин улирлаас хамаардаг гэсэн байна.
- Нью-Йоркийн Технологийн институтийн био-анагаахын тэнхимийн судлаачид хүн амд сүрьеэгийн дархлаажуулалт хийдэг болон хийдэггүй 17 орныг харьцуулан судлахад товлолт вакцин хийдэг орнуудад коронавирусийн халдвар болон нас баралт харьцангуй бага байгааг тэмдэглэжээ. Тухайлбал, Итали, Нидерланд, Бельги зэрэг улсад товлолын дархлаажуулалтад БЦЖ вакцин ордоггүй байна.
- Хонг Конгт муур, нохой COVID-19-өөр өвдсөн тохиолдол гарсан учраас гэрийн тэжээвэр амьтдыг мөн хөл хорионд оруулахыг зөвлөжээ