Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг тусгай үүргийн онгоцоор ирэхэд нь хуулийн байгууллагынхан онгоцны буудал дээрээс шууд саатуулан Төв аймгийн цагдан хорих төвд тусгаарлахаар болжээ. Энэ талаар эрх бүхий байгууллагуудын шийдвэр гарсан гэх мэдээлэл мэдээлэл байна. Тэрбээр энэ сарын 3-нд буюу нөгөөдөр БНСУ-аас тусгай үүргийн онгоцоор ирэх зорчигчдын дунд нэрээ бичүүлээд байгаа аж.
Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг АТГ-аас шалгаж эхлээд багагүй хугацаа өнгөрч буй. Тухайлбал, Ц.Элбэгдоржийг төрийн тэргүүнээр сонгогдож ажиллаж байх хугацаандаа Ерөнхийлөгчийн тухай хууль болон бусад хуулийг зөрчиж Худалдаа хөгжлийн банк, түүний охин компаниудад давуу байдал олгосон үйлдэлд нь Нийслэлийн прокурорын газраас 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр яллагдагчаар татсан. Мөн оффшор бүстэй холбоотой, Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг доройтуулсан гэх үйлдлүүдэд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд шалгаж байгаа гэдгийг АТГ-ын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах ажилтан, ахлах комиссар Т.Баярхүү өнгөрсөн хоёрдугаар сард олон нийтэд мэдээлсэн.
Хэрэг шалгах ажиллагааны явцад Ц.Элбэгдоржийг дуудан ирүүлэх шаардлага бий болсон авч тэрбээр 2019 оны аравдугаар сарын 7-нд Монгол Улсын хилээр гарснаасаа хойш эргэж ирээгүй байсан юм. Тиймээс 2020 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр АТГ-аас Ц.Элбэгдоржийн байгаа газрыг тогтоолгохоор Монгол Улсын Интерполын Үндэсний төв товчоонд хандсан юм. Харин Ц.Элбэгдорж энэ мэдээллийн хариуд “Би удахгүй очно” хэмээн жиргэсэн бол коронавирусийн халдвар дэгдсэний улмаас гадаадад байгаа нэн шаардлагатай иргэдээ тусгай үүргийн онгоцоор авчрах шийдвэр гарсны дараа “Нэн шаардлагатай иргэээ авч ирнэ гэж УОК-оос мэдэгджээ. Нэн шаардлагатай иргэд гэдэгт миний бие багтана гэж итгэе. Зарим хурал уулзалт цуцлагдаж, хойшиилж, бас ажил цэгцэрч байна. Вирусийн тархалт ихтэй газраас холдоод, өөрийгөө карантилж хугацаа тоолоод, нутаг руугаа ойртож явна” хэмээн твиттэртээ жиргэж байсан юм.
Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин 2020.04.01 №59/3523/