Saturday, November 23, 2024

Ж.Сүххуяг: “Миний монгол Корчагин үхэж болохгүй шүү” гэдэг үг намайг дахин амьдруулсан

Date:

Ярилцсан Г.Сонинбаяр

Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Сүххуяг. Монголын ард түмэнд Даян хаан, Чилүгэний дүрээр хайрлагдсан уран бүтээлч. Түүний амьдралыг хүн бүхэн мэднэ, бас мэдэхгүй. Алдаа оноо нь, алдар гавьяа нь, баяр гуниг нь бүгд ил. Тэр монголчуудын хайртай жүжигчдийн нэг. Тайз, дэлгэцийн урлагт азтай, одтой явсан жүжигчин. Төрийн шагналт, ардын жүжигчин Э.Оюун, ардын жүжигчин, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Мөнхдорж, урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Маамхүү, нэрт найруулагч Г.Доржсамбуу гээд Монголын тайз, дэлгэцийн урлагийн сор болсон гайхамшигт хүмүүс түүний багш нь. УБДС-ийн кино драмын ангид тохой залган суусан нэг ангийн нөхөд нь эдүгээгийн төрийн шагналт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам, урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Ч.Найдандорж, “Гарын таван хуруу”-гийн Сүрэн, “Говийн зэрэглээ”-гийн Номингийн дүрээр мөнхөрсөн нэрт жүжигчин Я.Оюунцэцэг агсан гээд нэгэн үеийн авьяастнууд. Бидний яриа түүнийг урлагт хөтөлсөн эрдэмт багш нарынх нь тухай дурсамжаас эхэллээ.

-Сурагч байхаасаа л кинонд тоглож эхэлсэн гэдгийг тань хүмүүс мэдэх байх. Жүжигчин болох анхны А үсгийг  тэр үед л заалгасан уу?

-Би хүүхэд байхдаа ном их уншдаг байлаа. Ном намайг жүжигчин болгосон болов уу гэж боддог. Майн Рид, Жек Лондон, Александр Дюма гээд л дэлхийн сонгодгуудыг уншдаг байлаа. Манай гэр кино үйлдвэрийн хажууханд Маахуур толгойд байсан юм. Тэр үед чинь бидний амьдрал ямар билээ, толгой, цувдай л иддэг байлаа. Ээж маань тогооч, аав нягтлан бодогч мэргэжилтэй хүмүүс байсан. Наймдугаар ангиа төгсөөд аз таарч “Давааны цаана даваа” кинонд туслах ажилчнаар явсан. Ингээд Д.Чимид-Осор гуай, Л.Лувсан гуай, О.Дэлэгбуян гуай, Л.Нямсүрэн ах эд нартай нэг гэрт байрлаж хоол ундыг нь хийж өгдөг байлаа. Яагаад тэр аваргуудтай нэг гэрт оров гэхээр Жав даргын хүүгийн дүрд тоглох байсан жүжигчин Эрдэнэтогтох тэр үед нэгдүгээр дамжааны оюутан байж. Тэгээд гэрээ санасан юм уу яасан юм Баянхонгор руугаа яваад өгч л дээ. Тиймээс оронд нь намайг тоглуулах болсон. “Аав аа, би тантай адилхан дарга болно оо” гэж л хэлдэг нэгдлийн даргын хүүгийн дүрд тоглосон. Ердөө тавхан минут гардаг хэсэг. Урлагийн томчуудтай нэг гэрт орчихсон. Догшин хар буюу гавьяат жүжигчин Л.Нямсүрэн ахаас айна гэж жигтэйхэн. Нүүр рүү нь харж үгээ хэлж чадахгүй. Тэгээд л нэг юм зураг авахуулсан болсон доо. Жүжигчин болъё гэдэг бодол тэндээс л төрсөн. Аравдугаар ангиа төгсөөд УБДС-ийн кино драмын ангид шалгалт өгч тэнцсэн. Гавьяат жүжигчин Д.Сосорбарам, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж, нэр найруулагч Э.Санчигдан агсан, “Гарын таван хуруу”-гийн Сүрэн буюу Я.Оюунцэцэг, мөн уг киноны том ахад тоглодог Баярсайхан гээд бид нэг ангийнхан. Анх 32-уулаа ороод төгсөхдөө наймуул төгссөн. Тэгж жүжигчин гэдэг мэргэжил эзэмшсэн дээ.

-Кино драмын ангид элсэхэд шалгуур хэр хатуу байв. Та бол кинонд тоглоод үзчихсэн болохоор нүүр хагарсан байсан байх даа?

-Ард түмний дунд цоохор морины наймаачны дүрээрээ хайрлагдсан Д.Сэдэд гэж агуу жүжигчин миний багш. Сэдэд багш аав хоёр нэг дор ажилладаг байсан юм. Аав маань Эрүүлийг хамгаалах яамны ерөнхий нягтлан, Сэдэд багш хүүхдийн театрын жүжигчин. Эмнэлэг гэгээрлийн ордонд хүүхдийн  театр байрладаг байсан юм. Хоёр хөгшин нэг нутаг усны, Төв аймгийн хүмүүс. Нийлж сархад  хүртэнэ. 1978 онд аравдугаар ангиа төгсөөд Багшийн дээдийн кино драмын ангид ормоор байна гэсэн чинь аав ээж зөвшөөрлөө. Ингээд шалгуулсан. Тэгсэн чинь хүн бүр л нэг нэг жүжигчин дагуулж ирээд болдоггүй. Аавд би хэллээ. “Хүүхэд бүр л нэг жүжигчин дагуулж ирээд байна. Танд таньдаг жүжигчин байдаггүй юм уу” гэсэн чинь “Бий нь ч бий. Нэг муу эсгий гуталтай өвгөн бий” гэнэ. “Ямар хамаатай юм. Тэр хүнтэйгээ уулзуулж өгөөч” гэлээ. Тэгээд Сэдэд багштайгаа уулзлаа. Трубка зуусан өвгөн байна. Ингээд кино драмын ангийн шалгалтад бэлдлээ. Эмнэлэг гэгээрлийн ордны мужааны өрөөнд хүүхдийн театраас жүжигчин Г.Дашхүү ахыг авчирч баянхуур даруулаад л, би дуу бэлдээд л. Сэдэд багш надад ингэ тэг гэж зааж өгнө. Аав тэр хоёр зуу татаад л. Тэгээд 460 хүүхэд шалгалт өгч Улаанбаатараас таван хүүхэд тэнцүүлэхэд би хамгийн өндөр оноотой тэнцэж байлаа. Сэдэд багшдаа би их хайртай байдаг юм. Кино драмын ангид элсэх хүүхдүүдээс шалгалт авч байсан улс нь найруулагч Ж.Бунтар гуай, Э.Оюун багш, Оросын Кончар гээд мэргэжилтэн. Мөн Б.Мөнхдорж багш, С.Лувсанвандан гуай, Нямын Цэгмид багш, Г.Жигжидсүрэн найруулагч эд нар байсан санагддаг. Би Сэдэд багшийг “Та тэр хүмүүстэй уулзаач” гэнэ. Арын хаалгаар л орох ухааны юм бодож байгаа юм шүү дээ, би. Сэдэд багш хөдлөхгүй. Аав тэр хоёр зуны сүүдрэвчид архи уугаад л сууна. “Чи миний хэлсэн юмыг яаж хийсэн юм” л гэнэ. Тэгээд хийлээ, ингээд хийлээ гэхээр “Аа тэгвэл болсон болсон” гээд л. “Энэ яасан их мэддэг хөгшин бэ” гэж л тэр үед бодож байсан. Тэгээд л явсаар байгаад тэнцсэн. Урлагт арын хаалга байдаггүй гэдэг үнэн. Өөр хүн байсан бол энийг би бэлдсэн, ингэсэн гээд хэлэх байсан биз. Сэдэд багш тэгэхэд тоохгүй сууж байгаа юм. 

-Сэдэд гуай тайз, дэлгэцэнд олон сайхан дүр бүтээсэн дээ? 

-Агуу жүжигчин шүү дээ, миний багш. Олон сайхан дүр бүтээсэн. Намайг оюутан байхад 1981 онд бид хоёр цуг “Хатанбаатар” кинонд тоглосон. Багш хүүхдийн театрт удсан. Намайг 1982 онд сургуулиа төгсөхөд надад толь, будгаа өвлүүлж өгөөд тэтгэвэртээ гарсан даа. Сургуулиа төгсөөд би ангиасаа ганцаараа хүүхдийн театрт хуваарилагдаж очсон юм. Намайг нэг болохоор Баян-Өлгий рүү хуваарилах гээд л. Д.Маамхүү багш маань Дорнод руу аваачих гээд л. Би яахав дээ сургуулиа нэг юм онц төгссөн ухаантай. Манай ангийнхан болохоор Сүххуяг кино үйлдвэрийн хүн, кино үйлдвэртээ очих байх гэдэг байсан. Тэгсэн чинь Сэдэд багш маань Соёлын яамны дэд сайд дээр ороод “Би одоо тэтгэвэртээ суулаа” гээд л намайг орондоо авааччихсан. Ингээд би багшийнхаа толь, будгийг өвлөж аваад л хүүхдийн театрт есөн жил ажилласан даа. 

-Сургууль дөнгөж төгссөн залууст тайз, дэлгэцийн томоохон дүр ногдох хэцүү байсан гэдэг. Та харин тэгээгүй юм билээ?

-Дөнгөж сургуулиа төгсөөд театрт очиход 450 мянган төгрөгөөр цалинжуулаад тайзны гэрлийн туслахаар ажиллуулсан. Тайзан дээр гарна гэж байхгүй шүү дээ. Олны хэсэгт л тогловол их юм. Тэр чинь 1983 он. Ц.Цолмон эгч, Ц.Төмөрбаатар, Ч.Авирмэд ах эд нарыг тоглоход нь гэрэлтүүлэгч хийгээд л явж байсан.

-Анхны дүр тань Павел Корчагин. Энэ дүрээрээ та шилдэг дүрийн шагнал авсан байх аа?

-Миний Г.Доржсамбуу багшийн надад өгсөн дүр шүү дээ. Корчагин гэснээс Доржоо багшийнхаа тухай дурсах юм зөндөө байна даа. Эхлээд би Корчагины дүрд хэрхэн тоглох болсноо ярья. Тэгэхэд Г.Доржсамбуу багш УБДС-ийн кино драмын төгсөх ангийн багш байсан юм. Ц.Төмөрхуяг, Б.Нармандах эд нарын анги шүү дээ. Манай жүжгийг найруулах гээд Г.Доржсамбуу багш маань ирсэн. Театрын уран сайхны зөвлөл хуралдаж байна л гэж дуулдлаа. Би юу мэдэх вэ, дөнгөж сургууль төгссөн бацаан юм чинь. Тэгсэн чинь Доржсамбуу багш Корчагины дүрд Сүххуягийг тоглуулмаар байна. Сая сургууль төгсч ирсэн хүүхэд байгаа гэж л дээ. Би ч сонсоод гайхсан. Дөнгөж сургууль төгссөн хүн тийм том жүжигт гол дүр авна гэхээр итгэдэггүй юм билээ. Ер нь тийм түүх ч байхгүй юм билээ. Ингээд роль хуваарилчихдаг юм. Таван төгрөгийн зузаан дэвтэр аваад голоор нь хуваагаад тэрэн дээрээ ролио бичиж гарлаа даа. Хээ ланжгар зохиол. Оюутан байхад дипломын ажлаа хийж байсан яг тэр журмаараа дүрийнхээ судалгааг хийгээд л. 

-Тайзанд анх дүр бүтээх хэцүү байсан уу. Тэр тусмаа гол дүр?

-Корчагин хазгар болдог хэсгийг сургуулилахад Доржоо багш болохгүй байна гээд л. Тэгээд шалны мод хугалаад ишийг нь миний зүүн өвдгөнд чиг барьж боогоод хүүхдийн театрыг гурав тойроод ир гэж байгаа юм. Тойроод ирэнгүүт “За одоо чи дасал болов уу. Баруун гартаа таягаа бариад яв” гэдэг байсан. Тэгж сургууль хийлгэдэг байсан. Иймэрхүү түүхтэйгээр Корчагинд тоглосон. Энэ дүрээрээ Доржсамбуу багш бид хоёр оны шилдэг дүрийн шагнал авч байсан. Соёлын яам, урлагийн ажилтны холбооны дипломтой. Багш бид хоёр мянга мянган төгрөгийн шагнал авч байсан санагддаг. Шагналаа авсны дараа Доржсамбуу багш намайг тэврээд үнссэн. Одоо ч тэрийг мартдаггүй.  

-Хатуу ширүүн дүртэй мөртлөө их зөөлөн хүн байж дээ?

-Үнэхээр зөөлөн хүн. Ёстой л хайр нь дотроо хал нь гаднаа, сайхан эр хүн байсан даа. Жүжигчдэдээ ч  тэр, гэр бүл, хүүхдүүддээ ч тийм. А.Очирбат гуай эд нарыг хүртэл загнана ш тээ. Би болохоор багшдаа эрхлэх гээд байсан юм билээ л дээ. Тэгээд Корчагины дүрээр шилдэг дүрийн шагнал авсны дараа ардын жүжигчин Э.Оюун багш сайхан үг хэлж, үнэлж байсан юм. “Доржсамбуугийн хүчинд ганц сайхан жүжигчинтэй боллоо” гэж. Э.Оюун багш тэгж хэлж байхыг бодоход Доржсамбуу багш бол агуу хүн гэдэг нь мэдэгдэж байгаа юм. 

-Залуудаа жүжигт гол дүр бүтээсэн нь дараа дараагийн дүрүүд, ялангуяа кинонд гол дүр бүтээхэд нөлөөлсөн байх даа?

-Уран бүтээлч хүнд зэвэрнэ гэж нэг юм байдаг. Надад итгэж гол дүр өгөөгүй байсан бол би тэгээд л зэврэх байсан. Хаа нэг олны хэсэгт гарчихаад л хүүхдийн театрын жүжигчин гээд л явж байх байсан. Доржсамбуу багш намайг тухайн үед олж хараад л дүрийн судалгаа хийлгээд Сүххуяг чадна гэж тоглуулсан. Тэрнээс гадна “Мандухай сэцэн хатан”-д тоглоход Доржоо багш минь бас тусалсан. 

-Даян хааны дүрд тоглох юм сан гэсэн жүжигчин олон л байсан байх даа?

-Доржоо багшдаа баярладаг юм. Тухайн үед Доржсамбуу багш Драмын театрын дарга болчихсон байсан юм. Зууны манлай найруулгч Д.Жигжид гуайн бие муудаад Б.Балжинням найруулагч “Мандухай сэцэн хатан” киног хийх болоод байсан юм. Би Төв шуудангаас хэвлэлээ аваад хүүхдийн театр руу гүйдэг байлаа. Нэг удаа хэвлэлээ аваад гарч явтал Доржсамбуу багш Төв шуудангийн үүдэнд тааралдангуутаа “За Сүххуяг аа. Миний хүү Кино үйлдвэр дээр нэг очоотох. Проб хийлгэ” гэлээ. Би тэгэхэд яг И.Нямгаваагийн “Хайрыг хайрла” жүжигт тоглох гэж байсан юм. “Яах гэж байгаа юм бол, Доржоо багш аа” гэсэн чинь “Үгүй ээ, чамд таарах нэг роль байна. Чи зүгээр яваад оч. Найруулагч Балжинням гэж хүн байгаа. Би хэлчихсэн байгаа” гэхгүй юү. Урьд нь Д.Жигжид гуай “Мандухай сэцэн хатан” киног хийх гэж байна гэхэд нь би бас очиж проб хийлгэсэн юм. Тэгэхэд Д.Жигжид гуай намайг “За чи Сатай сайдын туслахын рольд тогловол тогло. Үсээ авахуулчих” гэхээр нь би “Хайрыг  хайрла” жүжигт урт үстэй тоглодог тул “Би театрт жүжигт тоглож байгаа. Үсээ авахуулахгүй” гээд больсон юм. Доржсамбуу багш тэрийг мэдсэн бололтой. “Тэр үс ямар хамаатай юм. Оч гэж байна чамайг” гэлээ. Тэгээд яваад очсон. Тэгсэн чинь Балжинням найруулагч намайг шууд пробгүй авсан. Ингэж би 26 настайдаа Батмөнх даян хааны дүрд тоглож байсан юм. Дараа нь “Мөнх тэнгэрийн хүчин дор” кинонд Доржсамбуу багш хоёрдугаар найруулагчаар явж байлаа. Чилүгэнд тоглоход минь Доржоо багш минь надад их зүйл хэлж өгч байсан. Хэрлэнбаян-Улаанд зураг аваад л. Бас “Намрын халуун өдрүүд” кинонд ангиараа тоглож, Тэрэлжид зураг авалтад явж байлаа. 

-“Мандухай сэцэн хатан”-д тоглож байхдаа та хүнд гэмтсэн гэдэг билүү?

-“Болд хэрхэн хатаагдсан нь”-д тоглочихоод дараа нь “Хайрыг хайрла” жүжигт тоглож байхдаа тайз нурж хүнд гэмтсэн. Тэгэхэд “Мандухай сэцэн хатан”-д тоглочихоод дуугаа оруулж байсан юм. Нарийн гэдэс, бүдүүн гэдэс, сэмж язраад, дотуур хоёр литр цус алдаад гэмтлийн эмнэлэгт ухаангүй хүргэгдэж байсан. Би 45 хоногт гурван удаа хагалгаа хийлгээд, бүтэн нэг жил хэвтсэн л дээ.  Тэгээд хэвтэж байхад манай урлагийнхан бүгд л эргэж байлаа. Доржсамбуу багш, Цолмон эгч хоёр, манай театрынхан гээд л. Миний хэвтэж байсан өрөө нэгдүгээр давхарт. Манай гэр бүлийн хүн намайг сахина. “Мандухай сэцэн хатан” кино дуусаагүй, дуугаа хийж байдаг. Тийм болохоор Соёлын яамнаас арга хэмжээ аваад надад тусгай эмчилгээ хийлгэж байсан. Тэгсэн Доржсамбуу багш ватум цаасан дээр Цолмон эгчийн уруулын будгаар “Миний монгол Корчагин үхэж болохгүй шүү” гэж бичээд өгч байсан. Тэрийгээ цонхоор харуулж байгаа юм. Яагаад гэхээр над руу хүн оруулахгүй. Би ч яг өөрөө Павел Корчагины амьдралд орчихсон юм шиг л байсан. Доржсамбуу багшийг тэгж бичээд цонхоор харуулахад би эрхий хуруугаа л гозойлгохоос өөр юу ч хэлж ярьж чадахгүй байсан. Доржсамбуу багшийн тэр гоё сэтгэлийг би хэзээ ч мартдаггүй юм. Ямар ч найдлагагүй гэдэг байсан яг тийм үе байсан. Тэгэхэд Доржсамбуу багш тэгж цонхны цаанаас бичиж харуулсан нь намайг хөл дээр минь босгосон. Тэр үг одоо ч надад бодогддог. Надад сэтгэлийн их тэнхээ өгсөн. Хүн өөрийгөө ялдаг л юм билээ. Тиймээс би өдий зэрэгтэй ингээд явж байна.

-Та мундаг багш нарын шавь юм аа?

-Тийм шүү дээ. Г.Доржсамбуу багш, Б.Мөнхдорж багш, Д.Маамхүү багш гээд л. Э.Оюун гуайг багш аа гэдэг. Бас Д.Сэдэд багш минь байна. Намайг анх кинонд тоглож, жүжигчин мэргэжил эзэмшиж байхад алтан үеийнхэн, тэдний дараа үеийн агуу жүжигчид ид байлаа. Ахмадуудтай цуг байх үнэхээр гоё. Би оюутан байхдаа Кино үйлдвэрт кинонд дуу оруулдаг байсан. Өдрийн 25 төгрөгийн цалинтай. Р.Дамдинбазар гуай, Д.Чимид-Осор гуай, Н.Дагийранз гуай эд нартай цуг дуу оруулна. Т.Цэмпилмаа эгч, Ц.Цэнд-Аюуш эгч, Д.Элбэгсайхан ах, Т.Карма эгч эд нартай байхад их сайхан. Шал ондоо орчинд очиж байгаа юм. Онолоо л үзэж явсан оюутан яг практик дээрээ очоод тэндээс их юм сурсан даа. Оюутан байхдаа зуны амралтаараа кинонд тоглочихдог, хичээлийн заваараа кинонд дуу оруулаад хөөрхөн хэдэн төгрөг авчихдаг, “Улаанбаатар” ресторанд орж хуйцаа иддэг баян оюутан байлаа. 

-Оюутан байхдаа ямар ямар кинонд тоглосон бэ?

-“Цэрэг эрсийн жирийн өдрүүд”, “Хатанбаатар” гээд л. Дөнгөж төгссөнийхөө дараа “Тан руу нүүж явна” кинонд тоглосон. Тэгж байгаад л 26 настайдаа “Мандухай сэцэн хатан”д тоглосон. Нийт 70 орчим кино, 30-аад жүжиг тоглосон байдаг юм. 

-Хамгийн сүүлд ямар кинонд тоглов?

-Соёлын гавьяат зүтгэлтэн О.Соёлт гуайн “Сумын эмч” гэж кинонд тоглосон. ТВ9 телевизийн олон ангит кино л доо. Тэр кинонд сумын эмчийн аавын дүрд тоглолоо. 

-Кинонд  тоглооч гэж урилга ирэх юм уу?

-Ирнэ ээ. Цаг зав нь таарвал би татгалздаггүй ээ. Одоогоор бол хэдэн хүүхдийн дипломын ажилд яваад л байж байна. Би өөрөө ямар оюутан байж үзээгүй биш. СУИС, КУДС, РТДС зэрэг жүжигчин бэлтгэдэг сургуулиудын оюутнууд надад санал тавьдаг. Тэдний дипломын ажил гээд 15-20 минутын богино хэмжээний бүтээлд нь завтай үедээ тоглодог юм. 

-Тэдэнд мэддэг, чаддаг юм аа хэлж өгнө биз?  

-Би хүнд юм зааж өгөхдөө маруухан. Багшлах авьяасгүй хүн юм шиг байгаа юм. Намайг багшлаач гэж санал тавьдаг сургууль байдаг л юм. Гэхдээ айдаг. Доржсамбуу багшийн хэлснээр тэр хүүхдүүдийг Сүххуягийн сармагчин болгочихвол дэмий биз дээ. Жүжигчин хүн хэнийг ч давтаж, хуулбарлахгүй, өөрийнхөөрөө л байх хэрэгтэй. Ер нь амьдралыг мэдэрсэн, мэдэж таньсан хүн л жүжигчин болдог л доо. Гэхдээ намайг багш аа гэдэг гурав, дөрвөн хүүхэд бий. Тэдэндээ мэдэх юмаа хэлж, ингэмээр байна, тэгмээр байна гэж зөвлөдөг. 

-Хүүхдүүд тань урлагийн хүн болоогүй. Одоо ач, зээ нар дотроосоо урлагийн хүн хайж байна уу?

-Урлагийн хүн болчихоор хүн байсан л даа. Гэхдээ өөрсдөө мэргэжлээ сонгоно биз гээд хүчлээгүй. Манай нэг охин жүжигчин болбол болохооор байсан юм шиг байгаа юм. Эмэгтэй хүүхэд жүжигчин болох хэцүү. Би зовлонг нь мэддэг болохоор жүжигчин болгохыг хүсээгүй. Хүүхэд гаргаад тайзнаас нэг жил хөндийрөхөд л эргээд тайзандаа гарахад огт туршлагагүй цоо шинэ хүн шиг болдог. Би “Хайрыг хайрла” жүжигт тоглож байгаад аваарт ороод жил болоод эргээд тайзан дээр гарахад дахиад шинээр гарч байгаа юм шиг мэдрэмж төрж байсан. Өвдөг чичрээд л, үгээ мартаад л. Нүднээс нулимс гоожоод, зрител тас харанхуй, тэрэн дотор юугаа ч мэдэхгүй яваад байгаа юм шиг санагддаг байсан. Хөдөө гадаа их явна. Хэцүү шүү дээ. Ар гэр тэр чигээрээ хаягддаг. Тэгэхээр эмэгтэй хүний хувьд тэр болгон дурлаад, сонирхоод байх мэргэжил биш болов уу гэж бодоод хүүхдүүдээ жүжигчин болгоогүй юм.

-Ач, зээ нар олон болсон уу?

-Би дөрвөн хүүхэдтэй. Долоон ач, зээтэй болсон. Одоо найм болох гээд л байж байна. Өнөр болсоон.

-Тэгвэл удахгүй шинэ хүнтэй болох нь дээ. Шинэ байранд ороод удаагүй байгаа юм байна?

-Тийм. Би 2008 онд гавьяат жүжигчин болоод л өргөдөл өгсөн байсан юм. ТОСК-ийн шугамаар хөөцөлдөөд л, байрны ээлжээ хүлээгээд байсан. Тэгсэн чинь урьд нь байр авсан гээд болдоггүй. Би “Мандухай сэцэн хатан”-д тоглоод хоёр өрөө байр авсан юм. Тэрийгээ охиндоо өгсөн. Тэгээд байж байтал сая хотын захиргаанаас энэ байранд түр ороод байж бай л гэлээ. Тэгээд оочерын дарааллаар байр өгөх байлгүй. Энэ бол дахин төлөвлөлтөд орсон айлууд түр байж байгаад гардаг түрээсийн байр л даа. Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү надтай хамт “Мандухай сэцэн хатан” кинонд тоглосон. Даян хааны бага насанд тоглосон юм шүү дээ. П.Баярхүү маань намайг дэмжиж энэ байранд оруулсанд маш их баярлаж байгаа. 

-Таныг хаана ч явсан Батмөнх даян хаан, эсвэл Чилүгэн гээд л хүндэлдэг байх. Гэхдээ зүгээр л Сүххуяг гэдэг хувь хүнийх нь үүднээс харьцаасай гэж бодох үе байдаг уу?

-Даян хаан гэж дуудуулсаар сурчихаж дээ. Урлагийн буян их юм даа. Урлаг харгисдаа харгис, сайхандаа сайхан. Ард түмэн намайг бүтээсэн дүрээр минь л дууддаг. Даян хаан гээд л. Хүн болгон хүндэлнэ, хайрлана. Сайныг нь ч, мууг нь ч хайрлана. Тиймээс хайрыг дааж явах л ёстой юм билээ. Зарим нь сайхан худлаа магтаж байгаад хорлох гэж архи өгнө. Тийм улс урлагийнхан дотор зөндөө байдаг. Бие биеэ тэгж хорлодог нь их  муухай.  Олон сайхан уран бүтээлч  тэрнээс болж алдсан даа. 

-1990-ээд оны зах зээлийн нийгэм, шилжилтийн үеийн хүнд бэрх амьдрал ч уран бүтээлчдэд бас хатуу туссан даа?

-Нийгмийн шилжилтийн үе урлагийнханд хүнд туссан. Сэтгэлээрээ л амьдардаг хүмүүс шүү дээ. Хүмүүс талх авна уу гэхээс театрт орно гэж байхгүй болчихсон байсан. Бид зрителээ тоолоод л “За тавин хүн болохоор нь гаръя” гээд л хүлээчихдэг байсан. Заримдаа цаг 30 минут хүлээнэ. Цалин гэж бараг авахгүй. Жүжигчдийн ихэнх нь хувийн юм руу явчихсан. Хүүхдийн театр байхгүй болчихсон. Хэцүү л байсан. Тэр үед би Д.Жигжид гуайн хүү Отгонбиндэртэй нийлээд “Шинэ кино компани” гэж хувийн кино компани байгуулж видео кино хийгээд хөдөөгүүр явж гаргаж хэдэн төгрөг олдог байсан.

-Урлагаас хөндийрье. Өөр салбарт ажиллая гэж бодож байгаагүй юу?

-Урлаггүй амьдарч чадахгүй хүн шүү дээ, би. Өөр ямар ч юм хийж чадахгүй юм билээ. Энэ урлагийн хүн гээд л оноочихсон юм уу даа. Жишээлбэл миний үед жолоооч гэдэг мэргэжил эрэлттэй байлаа. Манай ах Толгойтын авто сургуулийн хичээлийн эрхлэгч байсан. Чи жолооч бол гэхээр нь үгүй би энэнээс өөр мэргэжил эзэмшихгүй  гээд л өнгөрсөн. Одоо би машин ч барьж чадахгүй. Жүжигчин мэргэжилдээ л үнэнч яваад дуусч байгаа хүн дээ.

2017он.

Эх сурвалж: “Ардын эрх” сонин, www.eagle.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...