Ярилцсан Г.Сонинбаяр
Хаа яваа газраа олонд инээд наргиа бэлэглэж явдаг түүнийг анх харсан хүн хөдөөний хээ шаагүйхэн эр гэж бодмоор. Айраг эргүүлж, найр наадам хэсч дэвэн дэлхийн онигоо, паян ярьсан шиг гуларч явдаг тийм хэнэггүй эрс байдаг даа. Яг л тийм төрхтэй. Харин уулзаж яриад сэтгэлийг нь уудлах юм бол тэрээр маш нарийн мэдрэмжтэй, их ухааны эр гэдэг нь мэдэгдэнэ. Хөнгөн инээд наргианыхаа цаана нийгэм, цаг үе, хүмүүсийн болохгүй бүхнийг түншиж, тоншиж, егөөдөж суудаг нэгэн. Зарим нөхөд түүний нөхөрсөг элэглэл, шог зургийг хараад өөрийг нь шоглочихсон байхад мэдэхгүй элгээ хөштөл инээж суудаг гэх. Өөрөө өөрийгөө шоолж, муу муухайгаасаа инээж сална гэдэг хошин шогийн гэгээн чанар бизээ.
Тэр гэгээн инээдийн эзэн Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, шог зураач Ц.Байдытай ярилцлаа.
-Тан руу утсаар ярихад баахан хүний толгой зурж байна гээд байсан. Ямар учиртай юм бэ?
-Ах нь сая шинэ жилээр 100 гаруй хүний толгой зурлаа. Сүүлдээ гарын судас зангирч бүдүүрээд хөндүүр болчихоод байна.
-Нөхөрсөг шог зурсан хэрэг үү?
-Тийм. Жил бүр л шинэ оны босгон дээр ийм ажилтай болчихдог юм. Найз нөхөд, дүү нар гуйгаад л нөхөрсөг шог зуруулдаг.
-Хүний царай төрхөөс гадна зан ааш, дотоод сэтгэлийг илэрхийлж гаргана гэдэг хэцүү биз?
-Амар юм гэж хаа байхав дээ. Азаар миний зурсан зургууд бүгд эзэнтэйгээ адилхан болдог юм шүү. Би бага сургуульд байхаасаа нөхөрсөг шог зурж эхэлсэн хүн.
-Хэддүгээр ангиасаа тэр вэ?
-Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын бага сургуулийн хоёр, гуравдугаар ангид байхдаа анх нөхөрсөг шог зурсан юм. Би чинь жигтэйхэн онц сурдаг мундаг сурагч байлаа. Тэгээд ханын сонин санаачлаад л. Түүн дээрээ гурван сурагчийг “матарлаж” зурах болов. Ариун цэврийн хувьд базаахгүй, бөөстэй, хиртэй хоёр хүүхэд, бас айлын боорцог хулгайлсан нэг хүүхдийн зургийг зурахыг Таахай Дашзэвэг гэж багш маань надад даалгалаа. Боорцог хулгайлсан хүүхдийн хүзүүнд нь боорцог зүүлгэж зураад, бөөстэй хүүхдийн энгэрт том бөөс явж байгаагаар зурсан юм. Тэгсэн өнөө гурав чинь их сахилгагүй хүүхдүүд байсан болохоор намайг дараа нь хэмх нүдсэн. Багш намайг өмөөрч нөгөө гурвыг мөн зодоод, гурвалжин дөрвөлжин юм болж байлаа. Дараа нь би өнөө Дашзэвэг багшийгаа харж байгаад зурчихсан чинь “Багш хүнийг зурж болдоггүй юм” гээд намайг модон заагуураараа шавхдаад. Анхны “шагнал”-аа тэгж авсан даа.
-Тэгээд хашраагүй юу?
-Хашраагүй ээ. Дараа нь цэрэгт ирээд их зурсан. Их бууны тусгай дивизионы цэргийн клубын зураач болсон. Дандаа л цэргийн холбогдолтой зураг зурна. Клубт нэг ор тавьчихсан, хоол зөөлгөж идээд л хэвтэж байдаг цэрэг байлаа. Бас дивизионыхоо ХЗЭ-ийн үүрийн дарга гэж байгаа. Нэг удаа Чапаев сэлмээ далайгаад цагаан морьтой давхиж яваа зураг зурсан чинь манай ангийн захирагч, штабын дарга хоёр их магтсан юм. Тэгэхээр нь дарга нарыгаа сайхан зантай байгааг нь далимдуулаад Октябрийн баярын парадад жагсах зөвшөөрөл гуйлаа. Гэтэл ёслолын парадын үеэр яг индэрийн өмнө явж байгаад урд талынхаа цэргийн өсгийг гишгээд хөглөсөн. Зураг зурахаас өөр юм хийдэггүй цэрэг чинь аргагүй шүү дээ.
-Та чинь Увсад дунд сургуулиа төгссөн гэдэг билүү?
-Намайг бага байхад ээж минь бурхан болоод би аавынхаа гар дээр өссөн хүн. Миний төрсөн ах Бархас орос хэлэнд их сайн. Тиймээс Увс аймагт трактор комбайны курс байгуулагдахад жолооч, орчуулагчаар очсон юм. Ахыгаа дагаж Увс аймгийн Баруунтуруун суманд очиж тэнд дунд сургуулиа дүүргэсэн. Би тэр үед зохиол их бичдэг байлаа. Зохиолч болно гээд л үзсэн дуулснаа эрээчээд л. Бас шүлэг бичнэ, зураг зурна. Зурсан зурагнуудаа цонхон дээрээ гадагшаа харуулаад өлгөчихдөг байлаа. Сумын төвийнхөнд гайхуулах гэж байгаа нь тэр. Бичсэн зохиолоо сонин хэвлэл рүү явуулдаг, даанч тэр нь хэвлэгддэггүй байсан. Харин цэрэгт очсон хойно миний бичсэн юмнууд хэвлэгдэж эхэлсэн.
-Бөөн баяр болсон уу?
-Мэдээж тэгэлгүй яахав. “Коммунизмын суурь”, “Оргил тийшээ” гэх мэт шүлэг, “Хуурддаг барилддаг хоёр” гэж найраглал минь “Улаан од” сонинд гарсан. Түүнээсээ сүүлд их ичдэг байлаа. Харин дараа нь “Улаан од”-д шог зургуудаа гаргасан чинь манай цэргүүд их магтсан. Зохиол сонинд хэвлэгдэхэд огт сайн гэдэггүй байж зургуудыг минь авчирч өгөөд л. Би болохоор зохиолч болно гээд л зүтгээд байв. “Улаан од” сониныхон зураг өг гэхээр нь баахан зураг зураад өгсөн чинь бүгд хэвлэгдсэн. Хүн болгон л тэр зурагнуудад минь ам сайтай байх шиг. Тэгээд л би гэнэт тэнэг ухаандаа бодлоо. Зохиолоос илүү зурагнууд минь хүнд хүрч байгаа юм байна гэж. Сургуульд явах хэрэгтэй юм байна гэж шийдсэн. Хөөцөлдсөөр байгаад сургуульд явсан даа.
-Ямар сургуульд явсан бэ?
-Москвагийн Строгановын уран зургийн академид суралцаж төгссөн. Тэнд байхдаа шог зургийг ухамсартайгаар судалсан. Орост гарсан Францын Жан Эффел, Жан Кордан, Германы Буттнер гэх мэт олон мундаг зураачийн үзэсгэлэнг үзсэн. Манай академи хэдийгээр уран зургийн академи боловч шог зургийг маш их сонирхож судалсан. Ер нь ямар ч сургуульд шог зураг заадаггүй юм билээ. Энэ бол тухайн хүний авьяас.
-Уран зураг, шог зургийн аль нь хэцүү вэ?
-Тэр нь илүү гэх аргагүй. Гэхдээ шог зураг бол их хэцүү. Мэдээж уран зургийн авьяасгүй хүн шог зураг зурна гэвэл тамын ажил болно. Би залуухан “Тоншуул” сэтгүүлд ажиллаж байхдаа шог зураг зурна гэдэг их хэцүү эд гээд хурал дээр хэлчихсэн юм. Тэгсэн “Тоншуул”-ын ерөнхий эрхлэгч Г.Дэлэг гуай “Чи дандаа шог зураг зурж байхдаа яадаг юм. Н.Цүлтэм, Ү.Ядамсүрэн, Г.Одон, Д.Амгалан гээд мундаг том зураачдаар шог зураг зуруулна” гэлээ. Гэтэл тэр томчуудын хэн нь ч зураагүй.
-Таны хувьд шог зурах зурах хэцүү юу?
-Би шог зураг зурах гэж тийм их мэрийж байсан удаагүй. Надад бурхнаас заяасан ямар нэг юм байж таарах нь. Одоо миний хийж чадах хамгийн амархан юм шог зурах зурах. Санаагаа л олчихвол зурах амархан.
-Тэгвэл шог зургийн амин сүнс юу вэ?
-Миний дүгнэснээр шог зургийг уран зохиол ялангуяа яруу найрагт дөртэй, шүлгийг мэдэрдэг хүн сайн зурдаг. Мэдээж тэр хүн уран зургийн авьяастай байх хэрэгтэй. Шог зурагт уран санаа их чухал. Тэр нь яг л шүлэг шиг орж ирдэг. Оросын “Крокодил” сэтгүүлийн уран сайхны ерөнхий редактор В.Г.Мочалов, зураач А.Крилов, Г.Оградников, В.Тильмань, С.Тунин гээд миний сайн найз нар бий. Эд бол мундаг шог зураачид. Тэд ганц зүйлийг ярьдаг. Шог зургийг бодож олдоггүй. Аяндаа санаа нь нисч ирдэг. Гэхдээ хэн дуртай хүнд нисч ирдэггүй гэж хэлдэг юм. Тэгэхээр шог зурагт санаа маш чухал.
-Зохиолчид онгод орлоо гэж ярьдаг. Зураачдад тийм онгод байдаг уу?
-Нэг түүх ярья. Би залуухан байхдаа ээлжийн амралтаа аваад Дундговийн Сүм Хөх бүрдийн амралтад амарсан юм. Харандаа ч үгүй, үзэг ч үгүй явсан. Тэнд очоод идэж уугаад л, зугаалаад л сайхан амарч ядаргаагаа тайлсан. Зургийн тухай юу ч бодоогүй. Харин хотод ирээд долоо хоног тарчилсан. Ухаан санаанд юу ч ордоггүй. Арайхийж нэг зургийн санаа олж түүнээ зурж байхад дараачийн санаа сэрхийтэл ороод ирсэн. Түүнээс хойш би хаа ч явсан харандаа, дэвтрээс салахаа байсан. Хүн муу юманд амархан дасдаг юм билээ. Өөрийгөө дайчилж зурсан зураг заавал “юм” болдог.
-Та зураг зурахгүйгээр амьдарч чадах уу?
-Зурахгүй байж чадахгүй. Тэгж төсөөлж ч чадахгүй.
-Хамгийн дургүй зүйл тань?
-Миний хамгийн дургүй, эрүүл мэндийг хамгийн их доройтуулсан зүйл бол “Тоншуул” сэтгүүлийн эрхлэгчээр хэдэн жил ажилласан, цэрэгт байхдаа ХЗЭ-ийн үүрийн дарга байсан энэ хоёр юм. Дарга байна гэдэг маш хэцүү. Би даргын ажилд угийн авьяасгүй хүн. Хуралд суух ч дургүй. Шал хэрэггүй, дэмий юм яриад л. Түүнийгээ батлаад л, онгирцгоогоод байхыг нь яана. Хамгийн худал ярьдаг хүн л тэнд амжилт олно.
-Яг одоо ямар зураг зурах сан гэж бодож байна вэ?
-Өнөөгийн нийгэм тэр аяараа шог зургийн сэдэв. Монголын төр уг нь их бат бөх, хатуу чанд байсан. Одоо тун хэврэг болж. Төрийн ганхаж хугаршгүй алтан багана нь хятадын хөөсөнцөрөөр хийсэн багана болжээ. Энэ тухай зурах гэж бодоод л явна. УИХ-д төрийн түшээд хоорондоо хэрэлдээд л. Ярьж байгаа зүйл нь шал хэрэггүй юм. Нэг хүнийг ажлаас нь хална, халахгүй гэж зунжин маргалдлаа. Цаана нь эх орон хэцүүдлээ. Цианит натрид, бас архинд хүмүүс хордож байна. Монгол улс үндэсний аюулгүй байдал, төрийн аюулгүй байдалдаа онцгой анхаарахгүй бол болохгүй нь ээ. Үүнийг зурмаар байна. Улстөрийн сэдэвтэй үзэсгэлэн гаргадаг ч юм билүү гэж бодоод байгаа.
-Ингэхэд та зурсан зургуудаа тоолж бүртгэж үзсэн үү. Шог зургаас гадна уран зураг, хөрөг их зурсан биз?
-1978 оны үед л нэг тоолсон. Тэгэхэд 5000 гаруй зураг байсан. Одоо тоймоо алдсан биз. Уран зураг мянга хол давсан байх. Би нэгэн цаг үед амьдарч туурвиж байсан, одоо ч байгаа бүх зохиолчдын нөхөрсөг шогийг зурсан. Түүнийгээ ном болгох гээд, зурагнаас гадна тэдгээр зохиолчдын тухай өөрөө юм бичих санаатай байтал ардчилал, зах зээл гараад чадалгүй өнгөрсөн.
-Нөхөрсөг шогийг хэр хурдан зурдаг вэ?
-Дотно таньдаг хүнээ зурах их амархан. Харин Төрийн шагналт зохиолч П.Пүрэвсүрэнгийн зургийг зурах гэж гурав хонож байсан түүхтэй. Түүний зургийг “Утга зохиол” сонинд гаргах болоод хоёул уулзлаа. Уулзсаных гэж архи уугаад, тэгээд Пүрэвсүрэнг зурах гэтэл согтуу хүн чинь шал дэмий харагдаад болдоггүй. Маргааш нь шартаад хэрэг алга. Нөгөөдөр нь шар тайлах хүн ч олдохоо байж, сүүлдээ архи ч гарах нь тэр. Тэгээд Пүүжээг зурсан. Тэр зураг их адилхан болсон доо. Түүнээс хойш зохиолчид надаар зургаа зуруулъя гэхээр нь би, надтай гурван өдөр архи уувал зурж өгье гэж цаашлуулдаг байлаа.
-Ярилцлагынхаа төгсгөлд та манай уншигчдад бяцхан инээд бэлэглэхгүй юу?
-Миний ярьсан онигоог хүн сонсоод огт инээдэггүй юм аа. Миний найз, зураач Д.Пушкин онигоо их сайн ярьдаг. Би түүний ярьсныг үг үсэггүй цээжлээд нөхдөдөө ярихад огт инээгээгүй. Гэтэл тэр онигоог Д.Пушкин өөрөө яриад хүмүүсийн элгийг хөшөөх шахаж байсан юм даа. Тэгэхээр би онигоонд авьяасгүй юм шиг байгаа юм. Харин энэ зургуудаар танай уншигчдад инээмсэглэл бэлэглэе.
Эх сурвалж: “Үндэсний шуудан” 2008 он.