Ерөнхий сайд У.Хүрэлсүх улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдэгдэл хийлээ. Тэрбээр “Засгийн газраас хоёр чиглэл барьж байгаа. Нэг дэх нь монгол хүний эрүүл мэндийн байдлыг хангах. Хоёрдугаарт, эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах. Өгсөн үүрэг даалгаврыг сайн хэрэгжүүлж байна гэж ойлгож байгаа. Засгийн газар, УОК цаг тухай бүрт хуралдаж, тодорхой шийдвэрүүдийг гаргасны үр дүнд Монгол Улс өнөөдөр тайван байна. Дотроо халдварын тохиолдол бүртгэгдээгүй цөөн улсын нэг нь Монгол Улс болсон. Одоо засаглах болсон. Бүх шийдвэрийг ард иргэд дагаж мөрдөх ёстой. Шуудхан хэлэхэд бид үхэх үү, сэхэх үү гэдэг сонголтод тулгарсан. Коронавирусийн халдвар илэрсэн ч хяналтдаа авсан нь сайн хэрэг. Гэхдээ бид өндөр сонор сэрэмжтэй байх нь эрхэм зорилго болж байна. Ард иргэд эрүүл байх ёстой. Бид гуравхан сая хүн амтай. Цөөн хүн амтай улсад энэ халдвар тархвал ямар байдал үүсэх билээ. Бид боломжтой нөөц бололцоогоо дайчилж ашиглаж байгаа.
Улсын нөөцөөс нийт 17 тэрбум төгрөг гаргасан. Улсын хэмжээнд ариутгал, халдваргүйжүүлэлт хийлээ. Мөн 20.6 тэрбум төгрөгөөр тоног төхөөрөмж, байгууллагуудын ажилчид, эм тариа хувцас хэрэглэлд зарцуулна. Цаашдаа 159 гаруй тэрбум төгрөгийг эрүүл мэндийн салбар болоод холбогдох байгууллагад зарцуулна. Нийтдээ Монгол Улс 200 орчим тэрбум төгрөг зарцуулж байна гэж ойлгож болно. Үүнээс гадна эдийн засгийн хүндрэлээс гаргах асуудлаар ажиллаж байна” гэлээ.
Засгийн газраас аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдээ дэмжих чиглэлээр дараах шийдвэрүүдийг гаргажээ.
–Дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл аж ахуйн нэгжүүдийн нийгмийн даатгалын шимтгэлийг тэглэж байна.
-Дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл иргэдийн цалин хөлснөөс орлогын албан татвар авахгүй.
-Дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой аж ахуйн нэгжүүдээс орлогын албан татвар авахгүй.
-Коронавирустай холбоотойгоор үйл ажиллагаа нь доголдож, орлого нь буурч байгаа ч ажлын байр хадгалж байгаа хувийн хэвшлийн ажилтнуудад гурван сарын хугацаанд сар бүр 200 мянган төгрөг олгоно.
-Малчдаас ноолуур худалдаж авах зорилгоор гурван хувийн хүүтэй 300 тэрбум төгрөгийн зээлийг үйлдвэрлэгчдэд олгоно. Зээлийн хүүгийн зөрүүг Засгийн газар гаргана.
-18-аас доош насны хүүхэд бүрт 10 мянган төгрөгийг гурван сарын хугацаанд олгоно. Хүүхдийн мөнгөтэй нийлээд 30 мянган төгрөг олгоно.
–Шатахууны үнийг дөрөвдүгээр сарын 15-наас эхлэн шатахууны литр тутамд 300-400 төгрөгөөр буулгах ажлыг зохион байгуулахыг холбогдох албаныханд үүрэг өгчээ.