Токиогийн олимпыг ирэх 2021 онд зохион байгуулахаар болсонтой холбогдуулан Монголын Үндэсний олимпын хороо мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд,
“Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгч буй шинэ короновирус буюу COVID-19-ийн халдварын тархалт болон дэлхий дахинд үүсээд буй аюултай нөхцөл байдлыг харгалзан үзэж Олимпийн хөдөлгөөнд оролцож буй бүх талууд тэр дундаа шилдэг тамирчдын эрүүл мэндийг хамгаалах асуудлыг нэн тэргүүнд тавих зайлшгүй шаардлагын хүрээнд Олон улсын олимпын хороо болон “Токио-2020” зуны олимпын наадмыг зохион байгуулах хорооноос 2020 оны долоодугаар сарын 24-нд нээлтээ хийх байсан олимпийн наадмыг 2021 оны зунаас хэтрүүлэлгүй зохион байгуулах хүндхэн шийдвэрийг 2020 оны гуравддугаар сарын 24-ний өдөр гаргалаа.
Энэхүү хамтарсан шийдвэрийг ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөл баталгаажуулсан бөгөөд Үндэсний олимпын хороодын холбоо /ANOC/, Азийн олимпын зөвлөл /OCA/, Олон улсын спорт холбоод, улс орнуудын Үндэсний олимпын хороодын хамтаар Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/ мөн дэмжиж байгаагаа илэрхийлж байна.
МҮОХ нь цаг үеийн асуудлаар ОУОХ, “Токио 2020” олимпын наадмыг Зохион байгуулах хороотой нягт хамтран ажиллаж байгаа бөгөөд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдон гарах асуудлууд болох олимпын эрх олгох журмын өөрчлөлт, тэмцээнүүдийн хуваарь зэрэг мэдээллийг та бүхэнд цаг алдалгүй хүргэх болно. Олимпын их гэр бүлийн гишүүд, тамирчид, дасгалжуулагчид, ард иргэд та бүхэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Эрүүл мэндийн яамнаас өгч буй заавар зөвлөмжийг биелүүлж, өөрсдийн нөхцөл байдалдаа тохируулан спортоор хичээллэхийг уриалж байна” гэжээ.