Олон улсын Олимпын хороо албаны ёсны сайтаараа дамжуулан, 2020 оны Токиогийн Олимпын наадмын төлөвлөгөөг эрчимжүүлэх болно гэж мэдэгджээ. Токиогийн Олимпын наадмыг зохион байгуулах хугацааг сунгах эсэх тухай асуудлыг Олон улсын Олимпын хороо ойрын дөрвөн долоо хоногт багтаан хэлэлцэх болно гэсэн байна. Олон улсын Олимпы хороо “Токио 2020” олимпыг зохион байгуулах хороо, Японы эрх баригчид, Токиогийн нийслэлийн засгийн газартай уялдаатай, хамтран ажиллаж, дэлхий нийтийн эрүүл мэндийн байдал, түүний дотор Олимпын наадамд үзүүлж буй нөлөөллийн үнэлгээг нарийвчлан боловсруулж ул суурьтай хэлэлцүүлэг эхлүүлэх юм байна.
Олон улсын Олимпын хорооны ерөнхийлөгч Томас Бах албаны твиттерээрээ тамирчдад захидал бичиж, түүхэнд байгаагүй энэ хямралын өмнө олноороо эв санаа нэгтэй байхыг уриалжээ. Тэрбээр захидалдаа, Олимпыг цуцлах нь 206 улс орон болон бүс нутгийн Олимпын хорооны төлөөлөл 11 мянган тамирчны мөрөөдлийг талаар болгоно. Түүнчлэн Олимпыг цуцлах нь ямар ч асуудлыг шийдэж чадахгүй бас ч хэн нэгэнд тусалж чадахгүй. Тиймээс энэ асуудал хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд байхгүй гэжээ.