Ёкозүна Хакүхо сүмогийн хаврын тэмцээний сүүлийн өдөр нутаг нэгт их аварга Какүрюүг ялж Японы эзэн хааны цомыг 44 дэх удаагаа гардав. Түүний цомыг Японы мэргэжлийн сүмогийн холбооны тэргүүн Хаккакү гардлуулан өглөө. Мэргэжлийн сүмогийн хаврын тэмцээн харү башёгийн 15 дахь өдөр 12 даваа, хоёр унаатай, ижилхэн амжилттай явсан хоёр их аварга учраа таарч барилдсан юм. Хакүхо их аварга Какүрюү их аваргыг ёрикири мэхээр төвөггүйхэн давж башёгийн түрүү бөхөөр тодров. Их аварга Хакүхо М.Даваажаргал ийнхүү мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд 44 дэх удаагаа түрүүлж, үнэмлэхүй дээд амжилтаа ахиулав. Мэргэжлийн сүмод Тайхо их аварга 31 удаа эзэн хааны цом гардсан амжилтаар Хакүхогийн дараа бичигддэг. Түүний араас Чиёнофүжи их аварга 31, Асашёорюү их аварга 25, Китаноүми их аварга 24, Таканохана их аварга 22, Важима их аварга 14, Футабаяама их аварга 12, Мусашимарү их аварга 12, Акэбоно их аварга 11 удаа түрүүлсэн амжилтаар эхний 10-т бичигддэг.
Хакүхо 44 дэх түрүүгээ авсны дараа сэтгэгдлээ хуваалцахдаа “Энэ сард анх удаа башё үзэгчгүйгээр болсон. Эхний өдөр надад их эвгүй байсан. Энэ таагүй сэтгэл хөдлөлөө барих хэцүү байлаа. Тэмцээний туршид ч хэцүү байсан. Ганц би биш бүгд ижилхэн байсан” хэмээн ярьжээ.
Дээд зиндаанд барилдсан монгол сүмоч Кирибаяма Б.Лхагвасүрэн энэ башёд маэгаширагийн баруун жигүүрийн наймд эрэмбэлэгдсэн бөгөөд өнөөдөр учраагаа өвдөг шороодуулж ес дэх даваагаа авснаар ирэх тавдугаар сард маэгаширагийн дээд хэсэгт бичигдэх болзлоо хангалаа. Харин Тамаваши Б.Мөнх-Оргил зургаан даваа, есөн унаатай, Азүмарү С.Тодбилэг таван даваа, 10 унаатайгаар тэмцээнийг өндөрлөв.
Жюүрёогийн ес дэх бөх Хоошорюү С.Бямбасүрэн башёгийн сүүлчийн өдөр жюүрёогийн тэргүүн бөх Котоюүкитэй барилдах байсан боловч өнжлөө. Гэхдээ тэрбээр энэ сарын башёг найман даваа, долоон унаатайгаар өндөрлүүлж, тавдугаар сард эрэмбэ ахих нь тодорхой боллоо. Мөн нэгдүгээр сард жюүрёод эргэн ирсэн Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 10 даваа, таван унаатай, Ичиножо А.Ичинноров есөн даваа, зургаан унаатай, Чиёошома Г.Мөнхсайхан найман даваа, долоон унаатайгаар башёг өндөрлүүлж хэн хэн нь дараагийн башёд эрэмбэ ахих нь тодорхой боллоо. Мөн мэргэжлийн сүмогийн зургаан зиндааны доороосоо хоёр дахь нь болох жонидан зиндаанд монгол сүмоч Дэванорюү Т.Тэмүүлэн өвдөг шороодолгүй түрүүлжээ. Тэрбээр өнгөрсөн 2019 оны есдүгээр сард мэргэжлийн сүмод хөл тавьж, энэ оны нэгдүгээр сард жоникүчи зиндаанд зургаа давж, нэг өвдөг шороодсон юм байна.