Монгол Улсын Засгийн газрын 2020 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн №78 тоот тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас өдөр бүр хяналт шалгалт, судалгааны ажлыг хийж байгаа юм байна.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 01/16 тоот баталсан удирдамжийн дагуу тус газрын Зах зээлийн судалгааны газрын ахлах байцаагч Б.Мөнххандаар ахлуулсан ажлын хэсэг “Эм ханган нийлүүлэх байгууллага” болон эмийн сангуудаар худалдаалагдаж буй гар ариутгагч, спирт зэрэг ариутгалын бүтээгдэхүүний нөөц, хангамжид хяналт шалгалт хийжээ.
Хяналт шалгалтад “Фарм трейд” эм ханган нийлүүлэх байгууллага, “Энто” эм ханган нийлүүлэх байгууллага, “Монос” эм ханган нийлүүлэх байгууллага, тэдгээрийн эмийн сангууд хамрагдсан байна. Хяналт шалгалтаар гар ариутгагч спирт, ариутгалын шингэн бодисуудын нөөц хангамж хангалттай, хомсдол үүсээгүй гэсэн дүгнэлт гарсан байна.
Гар ариутгалын бүтээгдэхүүн болон ариутгалын бүтээгдэхүүний нэр төрлийн хувьд “Санитас” нэрийн гар ариутгагч гель, “Санитас” нэрийн гар ариутгагч spray, савлагаатай 300 мл, 30 мл хэмжээтэй “Ариутгалын спирт денатурат спирт” зэрэг нэр төрөл, хэмжээний хувьд олон байлаа. Харин худалдан борлуулагдаж буй үнийн хувьд хэмжээ, нэр төрлөөсөө хамаараад харилцан адилгүй байжээ. Тухайлбал гар ариутгагч бүтээгдэхүүний хувьд 5500-9800, ариутгалын спиртийн хувьд 1000-3500 төгрөгний үнэтэй худалдаалагдаж байсан аж.
Гар ариутгагч бүтээгдэхүүн, ариутгалын спиртийн нөөц хангалттай байна
Date: