Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас өнөөдөр шуурхай ажлын хэсгүүд гарч зах худалдааны төвөөр худалдан борлуулж буй мах болон өргөн хэрэглээний хүнсний бараа, бүтээгдэхүүний үнэ, хангамжийн байдалд хяналт шалгалт хийжээ. Хяналт шалгалтад “Хүчит шонхор”, “Меркури” “Баянзүрх”, “Амгалан”, “Хар хорин” зэрэг зах, худалдааны төвүүд хамрагдлсан байна.
Хяналт шалгалтаар бараа бүтээгдэхүүний үнэ дунджаар үхрийн цул мах 10000-16500 төгрөг, үхрийн ястай мах 9500-14000 төг, зоорины үхрийн мах 8500 төг, хонины цул мах 9000-9500, хонины ястай 8500-13500, ямааны ястай мах 6200-7200 төгрөг, алтан тариан дээд гурил 1 кг 1300-1500 төгрөг, алтан тариан 1-р гурил 1 кг 1100-1300 төг, будаа 1 кг 2500-3500 төгрөг, элсэн чихэр 2000-3500, монгол төмс 1 кг 850-1500, сонгино 2500-4500 төгрөгийн үнээр тус тус худалдаалагдаж байна.
Зах, худалдааны төвүүдэд худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой эрэлт, нийлүүлэлт хэвийн явагдаж байна. Махны хувьд зэрэглэл чанараас шалтгаалан харилцан адилгүй үнэтэй байна. Улирлаас хамаараад нойтон махны нийлүүлэлт багасан, зоорины мах, нөөцийн мах худалдаалагдаж байгаа ажээ.
Нөөцийн мах худалдаалж буй дэлгүүр, худалдааны төвүүд махны үнийг Засгийн газраас тогтоосон үнэ тарифаар худалдан борлуулж, нөөцийн махны үнийн талаарх мэдээллийг иргэдэд ил тод байршуулсан байна. Нөөцийн махны хувьд хангалт хэвийн, чанар сайн байна.
Нийт иргэд, хэрэглэгчдийг авалт хийхдээ аль болох хямд, чанарын шаардлага хангасан бараа, бүтээгдэхүүн худалдан авч үйлчлүүлэхийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас зөвлөж байна. Хэрэв эрх ашиг тань зөрчигдвөл “Хэрэглэгчийн утас-115”-т хандаж гомдал, мэдээлэл гаргаж болох юм байна.