Saturday, November 23, 2024

Утаа мартагдах цаг буюу “Тавантолгой түлш”-ийн нэг өдөр

Date:

Зогсолтгүй ажиллах зүтгүүр

Үйлдвэрийн хашаанаас хүнд даацын том машинууд ар араасаа цувран гарч харагдана. Тэдгээр аварга техникийг сайжруулсан шахмал түлш ачиж яваа гэхээс илүүтэй нийслэлийн 220 гаруй мянган айл өрхийн гал голомтыг бадраах илч, дулааныг тээж явна хэмээн төсөөлмөөр санагдав. Өдөрт ийм 500-550 машин сайжруулсан түлш нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдэд хүрдэг гээд бодохоор цагт 20 гаруй машин түлш үйлдвэрээс ачигддаг ажээ. Өмнийн говиос тээвэрлэж ирсэн өндөр илчлэгтэй нүүрсийг гурил шиг болтол нь нунтаглаж, бэхжүүлэгч бодис холин өндөр даралтад шахаж хэвлэн хатаасны дараа 25 килограммаар савлан Улаанбаатарын хэмжээнд буй 400 цэгт хүргэнэ. Ийм дараалал, дамжлагаар сайжруулсан шахмал түлш эцсийн хэрэглэгчийн гарт хүрнэ. “Тавантолгой түлш” ХХК-ийн харьяа таван үйлдвэрийн өдөр тутмын ажлын хэмнэл ийм. Нийслэлчүүдээ тав тухтай, дулаан өвөлжүүлэхийн төлөө тус компанийн 2000 шахам ажилчид хоногийн 24 цагт зогсолтгүй ажиллаж байгааг харахад бахархмаар. Энэ олон хүний хөлс хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүнд Улаанбаатар хотын агаарын бохирдол өнгөрсөн өвөл 50 гаруй хувиар буурч, утаа гэдэг “шүдний өвчин” мартагдаад байна.  

Энэ бол Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай Монгол Улсын Засгийн газраас 62 дугаар тогтоолыг амжилттай хэрэгжүүлсний үр дүн юм. Энэ тогтоолын хүрээнд нийслэлийн гэр  хорооллын 220 гаруй мянган өрх “Тавантолгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшийг түлж байгаа. Төвийн зургаан дүүргийн таван хорооноос бусад бүх хороо уг тогтоолын хэрэгжилтэд хамрагдаж буй аж.

Ирэх өвлийн түлшээ хавар, зун үйлдвэрлэж нөөцөлнө

Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооноос зохион байгуулдаг “Алтан сарнай” наадмын “Бүтээн байгуулалт, инновацийн салбарын оны онцлох байгууллага”-аар “Тавантолгой түлш” ХХК шалгарч, “Алтан сарнай-2019” цомын эзэн болсон юм. Эрч хүчтэй бүтээн байгуулалт өрнүүлж, шинэлэг, шилдэг инновацийг нэвтрүүлж чадсан энэ хамт олны нэг өдрийн ажил үйлсийг сурвалжлахаар зорин очив. Бидэнд компани болон үйлдвэрүүдийнхээ үйл ажиллагааг танилцуулсан хүн бол “Тавантолгой түлш” ХХК-ийн Борлуулалт, маркетингийн хэлтсийн дарга Д.Миняа. Нийслэлийн хэмжээнд буй 400 борлуулалтын цэгийг сайжруулсан шахмал түлшээр тасралтгүй, жигд, хүртээмжтэй ханган ажиллаж байгаа гэдгээ тэрээр юуны өмнө онцолж байлаа. Хоногт 3200-3700 орчим тонн шахмал түлш үйлдвэрлэн гаргаж байгаа гэнэ. Сайжруулсан шахмал түлш борлуулах цэгүүдийг хүн ам олноор төвлөрсөн, зам, дэд бүтэц сайтай газруудад голчлон байгуулжээ. Өнөөдрийн байдлаар “Тавантолгой түлш” компанийн 13 хангамжийн бааз, 15 дундын төв ажиллаж үйлдвэрээс задгайгаар  ачиж аваачсан түлшээ савлаж борлуулалтын цэгүүд рүү хүргэдэг юм байна. Түүнчлэн өндөрлөг газарт байрласан гэр хорооллын өрхүүдэд түлшээ хүргэхийн тулд цэргийн зориулалттай ЗИЛ-131 машиныг явуулын борлуулалтын цэг болгон ашиглаж байгаа аж.

Борлуулалтын цэгүүдийг сайн дураараа түлш борлуулж түгээхэд оролцох санал гаргасан хувь хүмүүс ажиллуулдаг. Тэдэнтэй “Тавантолгой түлш” компани гэрээ байгуулан борлуулалтынх нь үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх урамшуулал цалин олгодог аж. Нэг тонн түлшийг 150 мянган төгрөгөөр борлуулахад үүний 10 хувь буюу 15 мянган төгрөг борлуулагчийн нэрийн данс руу орно гэсэн үг. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос гаргасан тогтоолын дагуу сайжруулсан шахмал түлш борлуулагчдын урамшуулал цалинд зарцуулах мөнгийг нийслэлийн төсвөөсөө гаргадаг байна.

“Тавантолгой түлш” ХХК-ийн Борлуулалт, маркетингийн хэлтсийн дарга Д.Миняа “Эрэлт, нийлүүлэлтийг тэнцвэртэй байлгах зорилгоор Засгийн газраас сайжруулсан шахмал түлшний карт гаргасан. Энэ картаар нэг өрх долоо хоногт зургаан шуудай түлш авч байгаа. Байшингийнх нь талбай том айлууд эсвэл том халаалтын зуухтай албан газар, ААН, иргэдийн хувьд зургаан шуудай түлш хүрэлцэхгүй байсан. Тиймээс Улаанбаатар хотын ЗАА-наас нэгдсэн судалгаа хийж 1740 ААН, хувь хүнд тусгай цэнхэр картаар түлш олгож байгаа. Тэд үйлдвэр дээрээс хэрэгцээндээ тохирсон хэмжээний түлшээ авч байгаа” хэмээн ярив.  

Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл жилийн дөрвөн улиралд тасралтгүй явагдана. “Тавантолгой түлш”-ийнхэн өнгөрсөн оны хавар, зуны саруудад зогсолтгүй ажиллаж нөөцийг бүрдүүлжээ. Энэ жил мөн ийм зарчмаар ажиллаж намар есдүгээр сарын 15-нд галлагаа эхлэхэд багадаа хоёр сарын нөөц бүрдүүлэхээр зорьж байгаа гэнэ. Ийнхүү тасралтгүй үйлдвэрлэл явуулахад шахмал түлшний түүхий эд барьцалдуулагч бодисын нөөц хангалттай. Үйлдвэр түүхий эдийн нэг сарын нөөц бүрдүүлж ажилладаг бөгөөд олон улсын гэрээ хэлцлийн хүрээнд, тодорхой графикийн дагуу түүхий эдээ импортолдог юм байна.

Ирэх намраас нийслэлийн алслагдсан дүүргүүд нүүрс түлэхгүй

“Тавантолгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл бол ашиг олох зорилгогүй төсөл. Иргэдийн эрүүл мэндэд ноцтой хор хөнөөл учруулж буй агаарын бохирдлыг арилгах зорилгоор УИХ, Засгийн газар зоригтой шийдвэр гаргаж энэ ажлыг эхлүүлсэн юм. Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өмнө нь тодорхой ажлууд хийж байсан боловч бүх нийтийг хамарсан, тухайлбал гэр хорооллын 220 мянган айл өрхийг бүгдийг нь шахмал түлшээр хангаж байсан тохиолдол байхгүй. Тиймээс энэ бол асар том түүхэн бүтээн байгуулалт гэж болно.

Засгийн газрын тогтоолооор Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон нь мөн түүхэн шийдвэр байв. Энэхүү зоригтой, зөв, оновчтой бодлого, шийдвэрийн үр дүнд утаагүй Улаанбаатар, иргэдийн тав тух, эрүүл орчныг бүрдүүлж чадсан билээ.

Өнгөрсөн өвлийн хувьд нийслэлийн алслагдсан гурван дүүрэг болон алслагдсан тосгонуудын айл өрхүүд сайжруулсан шахмал түлш хэрэглээгүй. Энэ жил “Тавантолгой түлш” ХХК Улаанбаатарын зүүн бүсийн хэрэглэгчдийг хангах шинэ үйлдвэр барьж ашиглалтад оруулснаар үйлдвэрлэл, борлуулалтын хэмжээгээ бараг  хоёр дахин нэмэхээр төлөвлөжээ. Ингэснээр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо буюу Гачуурт тосгон, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо буюу Жаргалант тосгон, 61-ийн гарам, Хан-Уул дүүгийн 11, 12, 13 дугаар хороо буюу Шувуун фабрик, Био комбинат, Өлзийт хорооныхон түүхий нүүрсэнд “баяртай” гэж хэлнэ. Налайх, Багахангай, Багануур дүүргийнхэн ч ирэх өвөл түүхий нүүрс түлэхгүй болох нь.

Сайжруулсан түлшний шинэ, шилдэг технологи

Гараа сайн бол бариа сайн гэж үг бий. “Тавантолгой түлш” ХХК-ийнхны хувьд ажлын гараа нь сайн, амжилт бүтээл өндөр байгаа. Засгийн газар, нийслэлийн төр захиргааны байгууллага болон иргэдтэйгээ нягт хамтран ажилласнаар ийм үр дүнд хүрчээ. Хүрэн нүүрснээс бүрэн татгалзаж, сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр Улаанбаатарын агаарын бохирдол 50 гаруй хувиар буураад байгаа нь хамгийн том үр дүн. Мэргэжлийн байгууллагуудын хэмжилт, судалгаанаас харахад нэг, хоёрдугаар сарын хамгийн хүйтэн өдрүүдэд ч гэсэн Баянхошуу, Зуун айл зэрэг агаарын бохирдол хамгийн ихтэй байдаг байсан газруудад “цэвэр” гэсэн үзүүлэлт гарч байгаа ажээ. Энэ эерэг таатай үзүүлэлт ирэх жилүүдэд улам баталгаажна гэдэг нь хамгийн сайхан мэдээ юм. Учир нь дээр дурдсанчлан “Тавантолгой түлш” ХХК-ийн шинэ үйлдвэр хотын зүүн бүсэд баригдан ашиглалтад орсноор сайжруулсан шахмал түлшний нийлүүлэлт хангалттай хэмжээнд нэмэгдэж, хэрэглээ нь улам өргөжих ажээ. Уг үйлдвэрийн талаар “Тавантолгой түлш” ХХК-ийн Үйлдвэрлэлийн албаны дарга М.Болдбаяраас тодруулахад, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хийсэн судалгаа, эхний таван үйлдвэрийг барьж байгуулсан туршлага дээрээ үндэслэн зургаа дахь үйлдвэрээ барьж байгуулахаар тооцоо, судалгаа хийж, ТЭЗҮ-ийг нь боловсруулж байгаа гэнэ. Уг үйлдвэр шахмал түлшний хамгийн шинэ, шилдэг технологийг тусгасан, гар ажиллагаа багатай, аль болох автоматжсан, бүтээмж өндөр байхаар төлөвлөгджээ. 

Нийт найман шугамтай үйлдвэр барина гэхээр одоо ажиллаж байгаа таван үйлдвэрийн 13 шугамаас дутахааргүй хүчин чадалтай гэсэн үг. БНХАУ, ОХУ, БНСУ зэрэг улс орнуудад ашиглаж байгаа сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх технологиудын аль сайныг нь шинэ үйлдвэртээ шингээх аж. Ингэснээр шахмал түлшнээс ялгарах хүхрийн хэмжээ буурна.

Энэ бүхнийг “Тавантолгой түлш” ХХК-ийн Инженер, техникийн зөвлөлийн туршилт судалгааны цех хариуцан ажиллаж байгаа ажээ. Тус цех технологийн шийдлийг боловсронгуй болгох, бүтээгдэхүүний чанар стандартыг сайжруулах, үйлдвэрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, хүний оролцоог багасган автоматжуулах, үйлдвэрийн орчин нөхцөлийг сайжруулах гэх мэт олон ажлыг хийдэг байна.

Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрээ байгуулахын тулд “Тавантолгой түлш” ХХК-ийнхан ХБНГУ, БНТУ, Казахстан, БНСУ, БНХАУ, Япон зэрэг улсуудын туршлагыг судалж, Японы Жайка байгууллагын шугамаар зөвлөх үйлчилгээ авчээ. Мөн төслийн ахлах зөвлөх, шинжлэх ухааны доктор, профессор Бадамхатан, Батбилэг, Ганзориг зэрэг нүүрс, шахмал түлшний чиглэлээр 40-50 жил судалгаа хийсэн үндэсний эрдэмтдийнхээ зөвлөгөөг ч тусгажээ.

У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар ийнхүү 20 жил ярьсан ч дорвитой алхам хийж чадалгүй байсаар аюул, түгшүүрийн хэмжээнд очоод байсан Улаанбаатарын агаарын бохирдлыг хоёр жилийн дотор бууруулж чадлаа. Түүхий нүүрс түлэхийг хориглосон шийдвэр гарсан огноогоор нь тооцож хоёр жил гэж буй ч  үнэн хэрэгтээ өнгөрсөн 2019 онд утааны асуудлыг бүрэн шийдэж чадсан нь том амжилт. Монголчууд задгай тулганаас зууханд шилжих гэж 300 жил болсон гэдэг. Харин энэ удаа түүхий нүүрснээс сайжруулсан шахмал түлшний хэрэглээнд бүрэн шилжихэд ердөө ганцхан жилийг зарцуулав. Төр засгийн нүдээ олсон, зөв зохистой бөгөөд зоримог шийдвэрийн үр дүн амьдралд тусгалаа олж, иргэддээ хүрдгийн жишээ энэ билээ. 

Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...