БНХАУ-ын Сычуань нутгийн нэгэн эмэгтэй коронавирусийн халдвар анх гарсан Үхань хотод сайн дурын ажилчин болон очжээ. Гэхдээ түүний хувьд бусад сайн дурынхнаас ялгарах онцлог нь өөрийн хоолны газраа тэр чигт нь Үханы халдварын голомтод нүүлгэж аваачсан аж. Тэрбээр нэрээ нууцалж байгаа бөгөөд хоёрдугаар сарын эхээр Үхань хотод ажиллаж буй эмч сувилагч нарт халуун хоол унд хэрэгтэй байгааг ойлгон хоолны газрын хүмүүсээ дагуулан Үханьд очин эмнэлгийн ажилтнуудад хоол хийж өгөхөөр шийдсэн гэнэ. Ингээд орон нутгийнхаа холбогдох байгууллагаар зөвшөөрүүлэн сайн дурын ажилтан болж Үханьд ирэх зөвшөөрөл авчээ.
Хоёрдугаар сарын 3-нд тэрбээр тогооч нараа дагуулан өөрийн унаагаар арав гаруй цаг явж байж Чэндү хотоос Үхань хотод ирж, дараа өдрөөс нь ажлаа эхлүүлсэн байна. Ийнхүү өдөрт 400-600 хүний хоол бэлдэн эмнэлгийн ажилтнуудад үнэ төлбөргүй хүргэж өгч байгаа аж. Анх хамгаалалтын хувцас байгаагүй тул борооны цув нөмрөн, өөрөө машинаа барьж, эмнэлгүүдээр явж хоол хүргэдэг байсан учраас түүнийг эмч, сувилагчид “Цувтай охин” хэмээн дуудах болжээ. “Цувтай охин” одоо зөвхөн эмч сувилагч нарыг үнэ төлбөргүй хоолоор хангаад зогсохгүй хүмүүсийн эмнэлэгт хандивласан эд зүйлийг цуглуулан хүргэж өгч байгаа юм байна. Тэрбээр, вирустэй тэмцэх ажил дуусан дуустал би эмнэлгийн ажилтнуудад чадлынхаа хирээр үйлчлэх болно гэжээ.