-“Хувьтай хүмүүн хулгана жил үзнэ” гэдэг хэлц “Нангиадын угшилтай, Манжийн турхиралтай” үг-
Сар шинийн баяр ойртсон энэ өдрүүдэд “Хувьтай хүн хулгана жилийг үзнэ” хэмээсэн хэлц үг олонтаа сонсогдож байна. Түүнчлэн жарны эхлэл хулгана жил гэж нийтээр шахуу ярьж, бичих болов. Аль аль нь андуу ташаа, эндүү ээдрээтэй гэдгийг учир мэдэх номын мэргэд, ухаант өтгөс учирлан тайлбарласан хэдий ч цахим орчны сэтгэгдлээс эхлээд төр засгийн өндөр албан тушаалтнуудын хэлсэн үг, мэндчилгээнд хүртэл дээрх алдаа мадгийг дэвэргэн гоёчилж эшилсээр байгаа нь харамсалтай. Хамгийн сүүлийн жишээ л гэхэд УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнийн нэгэн өдөр тутмын сонинд өгсөн ярилцлагыг “Нэгэн жарны эхлэл болсон хулгана жилдээ…” хэмээн хөвөрсөн ерөөлөөр нь гарчиглажээ. Ардчилсан намын даргын сар шинийн энэ мэндчилгээ намынх нь албан ёсны сайт болон цахим орчинд өргөн хүрээнд түгээгдсэн байна. Түүнчлэн Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч бараг жилийн өмнөөс шинэ жаран эхэллээ хэмээн ярьж, бичиж, уриалсан. Зарим УИХ гишүүний жиргээнд ч “жарны эхэн хулгана жил” гэдэг үг хачир, чимэг болсон харагдсан.
Эндээс харахад улстөрчид голдуу хүмүүс шинэ жарны эхлэл гэдэг үгийг өлгөж авч, өөд нь “шидэж” байх шиг. Энэ жил сонгуулийн жил. Тиймээс шинэ нам, шинэ хүмүүс төрд гарах ёстой гэсэн санааг илэрхийлэх гэсэн ч байж болох. Өмнөх сонгуулийн жилүүдийн туршлагаас харахад шинэ сонголт, шинэ зуун, шинэ арван гэх мэт үг улс төрийн хүрээнд хамгийн их эрэлтэд ордог. Энэ жишгээр шинэ юмны дон туслаа туслаа гэхэд цаг тооллыг “эхлүүлэх”-дээ тултлаа туйлширч болохгүй биз ээ. Жарны эхлэл гэж ярьж, бичээд байгаа нь санаатай бол ийм хардалт төрж байна. Харин санамсаргүйгээр тэгж хэлж байгаа бол билгийн тооллын сар шинийг онцлон чухалчлан баярын мэндчилгээ дэвшүүлж сонин хэвлэлд залрахынхаа өмнө жаахан юм сөхөөд харчихгүй дээ л гэхээс өөр юу гэх билээ.
Дорно дахины арван хоёр жилийн тоолол хулгана жилд эхэлдэггүй гэдгийг бараг захын чавганц мэднэ. Туулай жил, тэр тусмаа гал туулай жил шинэ жаран эхэлдэг. Үүний учир нь 1027 оны гал туулай жилээс жарны тооллыг тоолжээ. 960 жил буюу 16 жаран өнгөрсний дараа XVII жаран 1987 оны гал туулай жил эхэлсэн. 2047 оны хоёрдугаар сарын 27-нд гал туулай жилийн шинийн нэгэнд XVIII жаран эхэлнэ. Тиймээс төмөр хулгана жил шинэ жаран эхэлнэ гэцгээж байгаа нь төөрөгдөл юм. Шинжлэх ухааны доктор, зурхайч Л.Тэрбиш абугай энэ талаар өөрийн зурхайн хуанлидаа тун дэлгэрэнгүй бөгөөд ойлгомжтой сайхан тайлбарлан өгүүлжээ. Уг тайлбарыг эш татваас “Одон зурхайн жарны тооллын эх нь гал туулай бөгөөд харин Нангиадын алтан зурхайн жарны тооллын эх нь модон хулгана билээ. Монгол хүмүүн бэлгээрээ нангиад хүмүүн бэлээрээ хэмээх хуучны үг байдаг. Нангиадууд мөнгө зоос хураахыг эрхэм буян хэмээн үздэг хэмээлцэх бөгөөд түүний тусгал болсон хулгана жилийг ихэд бэлэгшээдэг аж. Тэгээд ч алтан зурхайн тооллын арван хоёр жилийн орчлын эх нь хулгана юм” хэмээжээ. Эндээс Хятад хийгээд Монголын Цагаан сар яагаад зарим жил зөрдөг вэ гэдэг шиг монголчуудын одон зурхай болон хятадуудын алтан зурхайн ялгаа, сэтгэлгээний зааг, зөрүү тод харагдана.
Түүнчлэн “Хувьтай хүмүүн хулгана жил үзнэ” гэдэг хэлц ч монголчуудынх биш гэдгийг Л.Тэрбиш доктор сануулжээ. Түүний дурдсанаар энэхүү тогтсон хэллэгийг “Нангиадын угшилтай, Манжийн турхиралтай” хэмээн мэдээтэй өтгөс хуучилдаг байсан ажээ. Түүнчлэн VIII Богд Агваанчойживанчүг бээр тулгар төрийн олноо өргөгдсөн анхдугаар онд туурвин зохиож, айл бүрийн гэрт залагдах болсон “Талами үсэгний тус эрдмийг өгүүлсэн Адистидтай үсгийг зурах ёс, хэлбэр дүрс, хэмжээ, ач тус сэлт оршивой” хэмээх номдоо “Хувьтай хүмүүн хулгана жил үзнэ” хэмээснийг далд эчнээ эсэргүүцсэн санаагаа уран шүлэглэлээр илэрхийлж, хулгана жилд өвчин тахал гарах нигууртай хэмээсэн бошго айлдсан байдаг гэдгийг ч Л.Тэрбиш доктор төмөр хулгана жилийн цаг тооны бичгийнхээ төгсгөлд онцолсон байна.
Сэтгүүлч Г.Хангарди