Япон улсын Ядуурлыг бууруулах сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Улаанбаатар хотын хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Гурван сая ам.долларын буцалтгүй тусламжаар 2020-2023 онд хэрэгжүүлэх уг төслийн хүрээнд хэд хэдэн ажил хийхээр төлөвлөжээ. Тухайлбал, судалгааны үндсэн дээр Улаанбаатар хотын хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах хувилбаруудыг тодорхой болгох, хүнсний хог хаягдлыг иргэдийн оролцоотой дахин боловсруулах төслүүдийг хэрэгжүүлэх хүнсний хог хаягдлыг дахин боловсруулалтыг өргөжүүлэх хөтөлбөр, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах зэрэг ажил хийх аж.
Энэ хүрээнд таван хорооны 10 өрхийн дунд иргэдийн оролцоотой хүнсний хог хаягдал ахин боловсруулах, таван сургууль, таван цэцэрлэгийн дунд сурагчдын оролцоотой хүнсний хог хаягдал дахин боловсруулах, хүнсний хог хаягдлаар өдөрт 2000 кг бордоо үйлдвэрлэх хүчин чадал бүхий байгууламж байгуулахаар зорьж байгаа юм байна.
Дэлхий дахинд НҮБ-ын тогтвортой хөгжлийн хүрээнд хэрэгжиж буй төслийн нэлээд томоохон хувийг ядуурлыг бууруулах, хог хаягдлыг дахин боловсруулах зэрэг төслүүд эзэлдэг байна. Тэр дундаа хүнсний хог хаягдлын судалгаа томоохон байр суурьтай байгаа аж. Нийт хүнсний гуравны нэгийг хаяж байгаа судлаачид тогтоожээ. Иймээс хог хаягдлаа дахин боловсруулж, улмаар ядуурлыг бууруулах ёстой гэж олон улсын байгууллагууд үзэж буй юм. Энэ хүрээнд бүс нутгууд, улс орнууд бие биедээ дэмжлэг үзүүлж байгаагийн нэг нь дээрх төсөл ажээ.
Улаанбаатар хотын хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах уг төслийг хэрэгжүүлэх нэгжийг нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор байгуулжээ.