Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдэд эрх зүйн мэдлэг, санхүүгийн боловсрол олгох зорилгоор “Ятгах тусам нягтал” арга хэмжээг энэ оны нэгдүгээр сарын 02-ноос хоёрдугаар сарын 02-ны өдөр хүртэл нэг сарын хугацаанд Монголбанк, Монголын банкуудын холбоотой хамтран амжилттай зохион байгуулжээ.
Нэгдсэн арга хэмжээний хүрээнд нийслэлийн төв замуудын дагуух самбарууд, томоохон худалдаа, үйлчилгээний төвүүдэд мэдээлэл байршуулж, залилах гэмт хэргийн үйлдлийн арга, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх арга замыг тодорхойлсон 16 видео контент шинээр бүтээж нийтийн цахим сүлжээ болон 24 телевизээр түгээсэн байна.
Арга хэмжээний хугацаанд буюу энэ оны нэгдүгээр сард залилах гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үеэс 15,3 хувиар буюу 98 хэргээр буурчээ. Үүнээс нийслэлд үйлдэгдсэн гэмт хэрэг 17,1 хувиар буюу 92 хэргээр, орон нутагт үйлдэгдсэн гэмт хэрэг 14 хувиар буюу 6 хэргээр тус тус буурсан гэдгийг Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.