УИХ-ын чуулганы пүрэв гаригийн нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж баталжээ.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд Улсын Их Хурлын 76 гишүүнийг олон мандаттай тойргоос сонгох, Улсын Их Хурал ээлжит сонгуулийн жилийн хоёрдугаар сарын 01-ний өдрөөс өмнө сонгуулийн тойргийг байгуулахаар заасан. Түүнчлэн сонгуулийн тойргийг байгуулахдаа аймаг, дүүргийн хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, газар нутгийн хэмжээ, байршил зэргийг харгалзан байгуулж, тойрогт ногдох мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтооно; тойрогт хамаарах засаг захиргааны нэгж нь нутаг дэвсгэрийн хувьд нэгдмэл, хилийн цэсийн хувьд зэргэлдээ байна; аймаг, нийслэлийн дүүргийн хүн амын тоо нь тойрог байгуулах улсын дунджаас цөөн байвал зэргэлдээ аймаг, нийслэлийн дүүрэгтэй нэг тойрог болгон нэгтгэж болно гэж заасан юм.
Энэ зарчмыг үндэслэн боловсруулсан дээрх тогтоолын төсөлд Монгол Улсын аймгийг 20, нийслэлийг 9 тойрог болгож, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 29 тойрог байгуулахаар тусгажээ.
Ингэхдээ Дундговь, Говьсүмбэр аймгийг нэгтгэн сонгуулийн 6 дугаар тойрог, нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүргийг нэгтгэн сонгуулийн 21 дүгээр тойрог, Баянзүрх дүүргийн 4, 5, 6, 8, 13, 14, 15, 16, 18, 25, 26 дугаар хороог нэгтгэн сонгуулийн 22 дугаар тойрог, мөн дүүргийн 1, 2, 3, 7, 9, 10, 11, 12, 17, 19, 20, 21, 22, 23, 24, 27, 28 дугаар хороог нэгтгэн сонгуулийн 23 дугаар тойрог, Сонгинохайрхан дүүргийн 1, 2, 3, 4, 5, 6, 20, 22, 24, 26, 32, 33, 34, 35, 36, 37, 41 дүгээр хороог нэгтгэн сонгуулийн 27 дугаар тойрог, мөн дүүргийн 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 21, 23, 25, 27, 28, 29, 30, 31, 38, 39, 40, 42, 43 дугаар хороог нэгтгэн сонгуулийн 28 дугаар тойргийг тус тус байгуулахаар тусгажээ. Харин бусад аймаг болон нийслэлийн бусад дүүргүүд тус бүрдээ сонгуулийн нэг нэг тойрог байхаар зохицуулсан байна.
УИХ-ын сонгуулийн тойрогт ногдох мандатын тооны хувьд Булган, Говь-Алтай, Дундговь-Говьсүмбэр, Дорнод, Дорноговь, Завхан, Өмнөговь, Сүхбаатар аймаг тус бүр 2 мандаттай, Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Дархан-Уул, Орхон аймаг тус бүр 3 мандаттай байхаар тусгажээ. Нийслэлийн дүүргүүдийн тухайд Багахангай-Багануур-Налайх дүүргийн сонгуулийн 21 дүгээр тойрог 2 мандаттай, Сүхбаатар (сонгуулийн 24 дүгээр тойрог), Чингэлтэй (сонгуулийн 25), Баянгол (сонгуулийн 26 дугаар тойрог), Хан-Уул дүүрэг (сонгуулийн 29 дүгээр тойрог)-үүд тус бүр 3 мандаттай байх бол Баянзүрх дүүрэг 5 мандат (сонгуулийн 22 дугаар тойрог 2, сонгуулийн 23 дугаар тойрог 3 мандаттай)-тай, Сонгинохайрхан дүүрэг 5 мандат (сонгуулийн 27 дугаар тойрог 2, сонгуулийн 28 дугаар тойрог 3 мандаттай)-тай байхаар тусгасан байна.