УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын ээлжит сонгуулийг товлон зарласан тогтоолын төслийг баталжээ.
2019 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд УИХ ээлжит сонгуулийг сонгуулийн жилийн хоёрдугаар сарын 01-ний өдрөөс өмнө товлон зарлаж, санал авах өдрийг тогтооно; ээлжит сонгуулийн санал авах өдөр нь ээлжит сонгуулийн жилийн зургаадугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр байна; ээлжит сонгуулийн санал авах өдөр бүх нийтээр амарна гэж тус тус заасан юм. Энэ үндсэн дээр боловсруулсан “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төсөлд Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийг 2020 оны хоёрдугаар сарын 01-ний өдрөөс эхлэхээр товлон зарлах, Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн санал авах авах өдрийг 2020 оны зургаадугаар сарын 24-ний өдөр байхаар тогтоохоор тусгаад байв.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар гишүүдийн 76.9 хувийн саналаар дээрх тогтоолын төслийг баталжээ. Ийнхүү УИХ-ын ээлжит сонгууль маргааш буюу хоёрдугаар сарын 01-нээс албан ёсоор товлон зарлагдаж, санал хураалтыг зургаадугаар сарын 24-ний лхагва гаригт зохион байгуулахаар боллоо. Өөрөөр хэлбэл УИХ-ын ээлжит сонгуулийн үйл явц маргаашнаас эхлэн санал хураалт явагдаж, сонгуулийн дүнг эцэслэн зарлах хүртэлх хугацаанд тогтсон хуваарийн дагуу зохион байгуулагдах юм.