Friday, November 22, 2024

“Сүхбаатар” намтарчилсан комик бүтээлийн нээлт боллоо

Date:

Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 127 жилийн ой өнөөдөр тохиож байна. Түүний мэндэлсэн өдрөөр “Сүхбаатар” шинэ эриний монгол жанжны намтарчилсан комик номын нээлт болжээ. Нийт түүхэн 10 цуврал бүтээл гарах бөгөөд өнөөдөр эхний хоёр номыг уншигчдын гар дээр тавихад бэлэн болгожээ. Үлдсэн найман номыг ирэх зургаадугаар сард багтаан гаргана. Мөн хүүхэд, залууст зориулсан 10 цуврал анимейшн, радио жүжгийн бүтээлийг гаргах юм байна.

УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар 2018 онд эхлүүлсэн уг төслийн багт комик зураач, зохиолч Н.Эрдэнэбаяр, сэтгүүлч, зохиолч Г.Бадамсамбуу, түүхч, доктор Н.Хишигт, судлаач Б.Бат-Эрдэнэ, Н.Дэмбэрэл, Э.Тамир нар ажиллажээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар, “ХХ зууны түүхийг орчин үеийн арга хэлбэрээр олон нийтэд хүргэж байгаад баяртай байна. Энэ үеийн түүх Коминтерны шахалтаар гажуудаж, гуйвуулагдсан байдгийг түүхч, судлаачид тогтоож байна. Энэ дундаас хамгийн олзуурхууштай зүйлсийн нэг нь Ардын хувьсгал бол үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө агуулгатай, түүхэн шинж чанараараа үндэсний ардчилсан хувьсгал байсныг түүхийн баримтаар нотолж байгаа явдал юм.

Тухайлбал, 1923 онд Нутгийн захиргааны дүрэмд “…Ван, гүн, ноёдын эрх хэмжээг хязгаарлаж, 10 гэрийн хурлаас эхлэн сум, аймаг, хошуу, улсын их хурлуудыг дэс дараалан байгуулж, аливаа хэрэг явдлыг шүүн хэлэлцэж, олонхын саналаар шийдвэрлэж байвал зохино. …Улсын ба аймаг, хошуу, сум, баг, 10 гэрийн даргыг сонгохдоо ард олны зовлон зүдгүүрийг нэвтэрхий мэдэх, олны тусыг бодох бөгөөд цэвэр шударга, чадвар бичиг үсэгт боловсронгуй, өөр өөрийн оролцсон явдлыг магадаар бүтээн чадах хүнийг сонговол зохино” хэмээн заасан нь жинхэнэ төлөөллийг ардчиллыг нэвтрүүлсэн хэрэг юм.

Мөн Ардын намын дүрмийн эх зохиогчдын нэг Жамсрангийн Цэвээн Ардын засаг гэж бичээд (Демократия) гэж хашилтад тэмдэглэж үлдээсэн нь архивын баримтад тодхон үлджээ. Энэ мэтчилэнгээр түүхийн шинэ баримтуудаар гажуудсан түүхийг засаж залруулж, хойч үедээ үнэн зөвөөр үлдээх боломж бий болж байна. Энэ 10 цуврал түүхэн комик бүтээл Д.Сүхбаатар судлалыг шинэ шатанд гаргахад чухал ач холбогдолтой гэж үзэж байна” гээд жанжин Д.Сүхбаатарын үйл хэрэг, захисан үгсийг нь хойч үе маань үргэлж санаж явах учиртайг онцлов.  

Сэтгүүлч, зохиолч Г.Бадамсамбуу:

-Олон нийтэд зориулсан анхны түүхэн комик бүтээл болж байгаагаараа онцлогтой. Бүх насныханд зориулсан, түүхэн комикийг жинхэнэ дэг ёсоор нь хийсэн учраас ингэж хэлж байгаа юм. Нөгөөтэйгүүр Монголын 2000 жилийн түүхийг комик хэлбэрээр гаргах төслийн эхлэл болж байгаа. Энэ эхлэлийг Д.Сүхбаатар жанжнаар тавьсан. ХХ зууны түүхэнд түүнээс өөр алдар нэрээ ингэж тодоор цуурайтуулсан хүн байгаагүй. Тэр үед Богд хаан, Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал тэр бүү хэл Чингис хааны нэр алдар ч Сүхбаатарынхаас бүдэг байсан байдаг. Өөрөөр хэлбэл, Сүхбаатарын хөшөө талбай дээр байна, мөнгөн тэмдэгт дээр түүний хөрөг байна, төрийн одон медаль хүртэл байна гээд тоочвол ХХ зууны хамгийн нэр алдартай хүн байжээ гэж хэлж болохоор байгаа юм. Хэдийгээр 30 гаруйхан насалсан ч гуравхан жилийн цогтой тэмцэл нь түүнийг алдаршуулсан. Монголын хувь заяаны төлөө өөрийгөө зориулсан үнэн бодит түүхийг хойч үеийнхэндээ үлдээхийг зорьж ажилласан.

омик зураач, зохиолч  Н.Эрдэнэбаяр:

-Бид бүгд түүхээ сайн мэддэг гэж боддог. Гэтэл яг ярихаар мэддэггүй.  Жишээлбэл, жанжин Д.Сүхбаатар гэдэг хүнийг бүгд таньдаг мөртлөө ямар хүн байсан бэ? гээд асуухаар хувьсгал хийсэн гэдгээс цааш мэддэггүй юм байна гэдгийг судалгаа хийж байх үедээ ажигласан. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд би бараг Сүхбаатар судлаач болох дөхлөө шүү дээ. Уншиж судлаад, түүхчидтэй уулзаад явж байхдаа би өөрөө ч түүхээ сайн мэддэггүй гэдгээ анзаарлаа. Тухайлбал, Сүхбаатар жанжин 1922 онд болсон анхны улсын наадамд 20 харваж түрүүлсэн. Богд хаанаас дөрвөн удаа бэйс цол хүртэж байсан гэх мэтчилэн хүмүүсийн тэр бүр мэддэггүй олон сонирхолтой баримт байдаг. Энэ бүгдийг комиктоо оруулахыг хичээсэн. Хүүхэд, залуустаа бид түүхээ сайн хүргэх ёстой юм байна.  Гадны түүх соёлыг судлаад уншаад байдаг мөртлөө өөрийнхөө улсын түүхийг мэдэхгүй байж болохгүй. Тиймээс илүү хялбаршуулсан аргаар, зурган хэлбэрээр үнэн бодит түүхийг хүргэхийг энэ төслөөр зорьж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...