Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, COP17 хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очиртой ярилцлаа.
-COP17 эхэллээ. Зохион байгуулах хорооны даргын хувьд олон улсын энэхүү арга хэмжээнээс өндөр хүлээлттэй байгаа байх?
-COP17 хурал бол нэг яам, засгийн газрын ажил биш. Монгол Улсын нэр хүндийн ажил учир бүгд хичээж байна. Хамтран ажиллаж байгаа төр, хувийн хэвшлийнхэн болон нийт дэмжигч, оролцогчдод талархал илэрхийлье. Энэ хурлаар Монгол Улсад тулгамдаж буй цөлжилтийн асуудлаас гадна дэлхий нийтийн газрын доройтлын асуудлыг хэлэлцэж, шийдэл гаргана. Үр дүнд нь Монгол талд шаардлагатай төсөл хөтөлбөр, санхүүжилт татах, түүнээс цааш 10 жилийн хугацаанд хэрэгжих төсөл хөтөлбөрүүдийг татах зэрэг бодлогын алхам биелэлээ олох болно.
-Тухайлбал өнөөдөр та Рамсарын конвенцын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа. Энэ конвенцын онцлог вэ?
-Олон улсын ач холбогдол бүхий ус, намгархаг газар, ялангуяа усны шувууд олноор амьдардаг орчны тухай конвенц (Рамсарын конвенц)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга др. Мусонда Мумбаг өнөөдөр хүлээн авч уулзлаа. СОР17 хуралд ихээхэн ач холбогдол хатагтай Мусонда Мумбад Монгол Улсад айлчилж буй.
Дэлхий нийт цөлжилт, газрын доройтол, ган, усны хомсдол, биологийн олон янз байдлын алдагдал зэрэг харилцан хамааралтай сорилтуудтай нүүр тулж байгааг тодотгож, ус, намгархаг газрын асуудлыг зөвхөн байгаль хамгааллын асуудал гэж үзэх боломжгүй. Монгол Улсын хувьд ус, намгархаг газар нь цөлжилт, газрын доройтолтой тэмцэх хамгийн үр нөлөөтэй байгальд суурилсан шийдлийн нэг учир цөлжилттэй тэмцэх бодлогын салшгүй хэсэг байх ёстой.
-Намгархаг газрын цөлжилт гэхээр сонирхолтой сонсогдож байна?
-Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр ган, хуурайшилт нэмэгдэж байгаа энэ цаг үед усны нөөц болон намгархаг, хүлэрт намгархаг газрын хамгаалал нь байгаль орчны төдийгүй эдийн засгийн тогтвортой хөгжлийн асуудал, хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх асуудал болж байна. Тиймээс COP17 хурлыг даргалагч орны хувьд Монгол Улс нь Рамсарын конвенц болон UNCCD-ийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах боломжтой гэж үзэж байгаа. Монголчууд эртнээс усыг “чандмань эрдэнэ” хэмээн эрхэмлэн дээдэлж ирсэн ард түмэн. Энэ ч утгаараа уламжлал, орчин цагийн шинжлэх ухаан, бодлогын шийдлийг хослуулан усны нөөцөө хамгаалах, нөхөн сэргээхэд ашиглахыг зорьж байгаа. Өнөөдрийн уулзалтаар Ерөнхий нарийн бичгийн дарга др. Мусонда Мумба Монгол Улсыг Рамсарын газрын хамгааллыг бэхжүүлэхэд бодит ахиц гаргаж байгаад талархал илэрхийлж, ус, намгархаг газрын хамгааллыг өргөжүүлэхэд бүхий л талаараа дэмжиж ажиллахаа илэрхийлсэн.
-Энэ конвенцод Монгол Улс хэзээ элсэн орсон бэ?
-Монгол Улс нь 1998 оны 4 дүгээр сарын 8-нд Намгархаг газрын тухай конвенцын гэрээ байгуулагч тал болсон. Одоогоор нийт 1,439,530 га талбайг хамарсан Олон улсын ач холбогдолтой 11 Рамсарын намгархаг газартай. Эдгээр газрууд нь Монголын олон янзын намгархаг газрын экосистемийг төлөөлж, биологийн олон янз байдал, усны нөөц, тэдгээрээс хамааралтай иргэдийн амьжиргааг хамгаалахад хувь нэмэр оруулдаг.

