“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Захиргаа, цахим хөгжлийн газрын дарга, “Гашуун сухайт автозам” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Э.Дөлгөөн болон “Гашуун сухайт авто зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуу нар “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн авто замын засвар болон хөдөлгөөний аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй зарим асуудалтай холбогдуулж газар дээр нь ажиллажээ.
“Тал нутгийн хөгжлийн зам” ХХК-ийн концессын гэрээгээр хэрэгжүүлж буй хүнд даацын хатуу хучилттай 240.3 км авто замын тодорхой хэсгийн (42.3 км) хөдөлгөөнийг нээсэнтэй холбогдуулан тус компанийн удирдлагуудтай уулзаж, хоёр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асуудлаар санал солилцсон байна.
Тус компанийн барьж буй замын ус зайлуулах 11 хоолойн түвшин “Гашуун сухайт авто зам” ХХК-ийн хариуцсан замын хоолойн түвшинтэй тохирохгүй байгаа юм. Үүнээс болж зам усанд автах, эвдрэл үүсэх зэргээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул учруулах эрсдэлтэй болжээ. Иймд ТУЗ-ийн дарга Э.Дөлгөөн хоёр компанийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг байгуулж, уг асуудлыг яаралтай шийдвэрлэх үүрэг өгчээ.
Мөн хоёр замын хөвөө нийлсэн нийт 5.9 км хэсэгт ойрын хугацаанд тумб, бетонон хашлага байрлуулахаар тохиролцов. Ингэснээр хоёр замын хөдөлгөөний урсгалыг тусгаарлаж, осол гарах эрсдэлийг бууруулах юм. Харин энэ оны зам засварын хувьд 0–120 км хүртэлх нэгдүгээр багц ажил бүрэн дуусаж, үлдсэн хоёр багц ажил хуваарийн дагуу үргэлжилж байна.
Манай компанийн удирдлагууд тээвэрчдийн санал, хүсэлтийг сонсох уулзалтыг тогтмол зохион байгуулж байна. Энэ удаа Цагаан хад суурьшлын бүсэд “Монголын ачаа тээврийн ассоциаци” ГҮТББ, “Баян зам” тээвэрчдийн холбоо, “Түмэн наст” тээвэрчдийн зөвлөл болон Гэрээт цагдаагийн хэлтсийн удирдлагуудтай уулзлаа. Уулзалтаар зам засварын ажлын талаар мэдээлэл өгч, шийдвэрлэх шаардлагатай асуудлуудтай газар дээр нь танилцаж ажиллажээ.


