Friday, October 2, 2026

Төрийн байгуулалтын байнгын хороо төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлгийг явууллаа

Date:

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2026.10.01/ хуралдаан 53.1 хувийн ирцтэйгээр эхэлж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа.

Хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцсэн бөгөөд төсөлтэй холбогдуулан гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй бөгөөд төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

Дараа нь Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг явууллаа.

Монгол Улсын Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголын төслийг боловсруулж, 2026 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн билээ.

Эдийн засаг, нийгмийн өнөөгийн нөхцөл байдал, иргэдийн орлого, амьжиргаанд үүсэж буй дарамт, төсөвт учирч болзошгүй эрсдэлийг харгалзан төсвийн тогтвортой байдлыг хадгалах зорилгоор төсвийн тодотголыг боловсруулсан хэмээн Сангийн сайд З.Мэндсайхан танилцуулсан юм.

Төрийн байгуулалтын байнгын хорооны эрхлэх асуудалтай холбоотойгоор тодотголын төсөлд туссан арга хэмжээг тэрбээр онцлон танилцуулав.

Нэгдүгээрт, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин хөлсний зохицуулалтыг жигдрүүлж, салбар хооронд үүссэн цалингийн зөрүүг арилгахаар тусгажээ.

Тодруулбал, 2026 оны эхнээс боловсролын салбарын цалинг 50 хувь, эрүүл мэндийн салбарынхыг 30 хувь, шинжлэх ухааны салбарынхыг 15 хувиар нэмэгдүүлсэн нь төрийн үйлчилгээний салбаруудын цалингийн өсөлтийг харилцан адилгүй болгосон. Иймд 2026 оны 11 дүгээр сараас төрийн үйлчилгээний бүх салбарын цалингийн өсөлтийг 2025 оны суурь түвшинтэй харьцуулахад 50 хувьд хүргэж жигдрүүлэх ба үүнд эрүүл мэндийн салбарын цалинг 20 нэгж хувиар, соёл, шинжлэх ухааны салбарын ажилтны цалинг 35 нэгж хувиар, спорт, цаг уур зэрэг бусад төрийн үйлчилгээний цалин хөлсийг 50 нэгж хувиар тус тус нэмэгдүүлэхэд шаардагдах 170.1 тэрбум төгрөгийг төсвийн тодотголын төсөлд тусгажээ.

Хоёрдугаарт, тэвчиж болох зардлыг бууруулж, төр өөрөөсөө хэмнэлт хийж, бүсээ чангалахаар төлөвлөжээ.

Энэ хүрээнд төрийн цэргийн болон тусгай чиг үүргийн байгууллагаас бусад төсвийн байгууллагын тээвэр, шатахуун, томилолт, сургалт, эд хогшил, тавилга, автомашин, урсгал засвар, зөвлөх болон мэргэжлийн үйлчилгээний зардлыг хязгаарлах юм байна.

Мөн хууль тогтоомжоор заавал олгохоор тогтоогоогүй тэтгэмж, урамшуулал, форум, хурал, баяр ёслол, олон нийтийн арга хэмжээ, сургалт, сурталчилгаа, контент бэлтгэх зэрэг тэвчиж болох зардлыг бууруулах аж. Түүнчлэн 2026 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн боловч эхлээгүй, энэ онд бодит үр дүн гаргах боломж багатай зарим хөтөлбөр, арга хэмжээний санхүүжилтийг дахин эрэмбэлхээр төлөвлөжээ.

Төсвийн хэмнэлтийн үр дүнд урсгал зардлаас 433.4 тэрбум, нийслэлийн үнэт цаасны санхүүжилтээс 758.0 тэрбум, хөрөнгийн зардлаас цэвэр дүнгээр 249.5 тэрбум төгрөг буюу нийт 1,440.9 тэрбум төгрөгийг хэмнэнэ гэж тооцсон байна. Ийнхүү зайлшгүй хэрэгжүүлэхээс бусад арга хэмжээ, зардлыг он дуустал зогсоож, чөлөөлсөн эх үүсвэрийг иргэдийн орлого, нийгмийн хамгаалал, төрийн үндсэн үйлчилгээнд чиглүүлнэ гэж Сангийн сайд танилцуулсан.

Гуравдугаарт, төрийн өмчит компаниудын үр ашиг, төсөвт төвлөрүүлэх ногдол ашгийг нэмэгдүүлэх бодлогын арга хэмжээг хэрэгжүүлнэ гэлээ.

Энэ хүрээнд төрийн болон орон нутгийн өмчит аж ахуй нэгжүүдийн санхүүгийн боломжит байдалд тулгуурлан нэгдсэн төсөвт төвлөрүүлэх ногдол ашгийг 1,613.8 тэрбум төгрөгт хүргэхээр тооцжээ.

Мөн төрийн 100 хувийн өмчит хөрөнгө оруулалтын санг аж нэгжийн хэлбэрээр байгуулж, төрийн өмчит аж ахуй нэгжийн хувьцааны 20-оос доошгүй хэвийг тус санд төвлөрүүлнэ гэлээ. Сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх олон улсын мэргэшсэн байгууллагыг нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгож, хөрөнгө оруулалтын сангийн хувьцааг олон улсын нэр хүндтэй хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалах бэлтгэлийг ханган ажиллах аж.

Энэ хүрээнд төрийн өмчит компанийн хувьцааг үнэт цаасны анхдагч зах зээлд санал болгохгүйгээр арилжаа эрхлэх байгууллагын бүртгэлд бүртгэх, мөн уламжлалт санхүүгийн хэрэгслийг орчин үеийн дэвшилтэт дэд бүтцийг ашиглан олон улсад гарган арилжаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулаад байна гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан хууль санаачлагч, Монгол Улсын Ерөнхий аудитор болон төсвийн ерөнхийлөн захирагч нараас асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд 2026 оны төсвийн тодотголын төслүүдтэй холбогдуулан УИХ-ын гишүүдээс ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж, хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Владимир Путин: ОХУ Украины асуудлаар хэлэлцээ хийхэд бэлэн

Украины асуудлыг зохицуулах хэлэлцээ эхлүүлэхэд ОХУ бэлэн гэж Ерөнхийлөгч...

Үндэсний баялгийн сангийн шинэчлэл, уул уурхайн салбарын төлөвийн талаар санал солилцлоо

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Төслийн удирдлагын газрын...

Улаанбаатарт газрын тосны агуулахын цогцолбор барихад дэмжин ажиллахаа илэрхийлэв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй...

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарилаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд...