Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны улсын төсвийн төсөл болон дагалдах хууль тогтоомжийн төслүүдийг УИХ-ын нэгдсэн чуулганд танилцуулж, үг хэллээ. Бүрэн эхээр нь нийтэлж байна.
Улсын Их Хурлын дарга,
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Өнөөдөр эгэл олон хүн, айл өрх үнийн өсөлттэй тулгарч, цалин тэтгэвэр, орлого мөнгө нь хүрэлцэхгүй байгаа өндөр хариуцлагатай цаг үед Засгийн газар 2027 оны улсын төсвийн төслөө УИХ-д хэлэлцүүлж байна.
УИХ-ын намрын ээлжит чуулганаа “Оюу толгой” төслийн зардлыг 30 орчим их наядаар бууруулж Хувь нийлүүлэгчдийн гэрээгээ 17 жилийн дараа засаж сайжруулсан сайн мэдээтэй угтлаа. “Оюу толгой”-гоос ногдол ашгаа 10 жилээр наашлуулан ирэх онд авахаар тохиролцсон сайн мэдээтэйгээр улсын төсвөө хэлэлцэн батлахаар цуглалаа. Алдааг засаж, ахиж урагшилсан өнөөдрийн энэ үр дүн бол үе үеийн Засгийн газар, төслийг эхлүүлсэн, үргэлжлүүлсэн Ерөнхий сайд С.Баяр, Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, Сү.Батболд, Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар нарын хамтын хичээл зүтгэл гэдгийг онцлон илэрхийлье. Ажлын хэсгүүдийг ахалсан Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням , Сангийн сайд З.Мэндсайхан, хаанахын хэнээс ч дутахгүй дэлхийн түвшинд эх орныхоо эрх ашгийг хамгаалах чадвартай мэдлэг боловсролтой залуучууд, төрийн албан хаагчдадаа талархал илэрхийлье. Үе үеийн Засгийн газрын гишүүд, УИХ-ын гишүүн О.Батнайрамдал нарын төрийн түшээд, улс, үндэстний эрх ашгийн төлөө үзэл бодлоо илэрхийлсээр ирсэн иргэний нийгмийнхэндээ, хүн бүрд баярлалаа.
Алдаа, оноо аль нь байсан ч алдааг засаж, ахиц дэвшил гарган урагшлахын хэрээр Монголын баялаг-Монголчууддаа илүү үр өгөөжтэй зарцуулах өндөр үүрэг хариуцлага Та биднийг угтаж байна. Монгол Улс мөнгөгүй, бас мөнгөтэйн зовлонд унадаг байх ёсгүйг ухамсарлан дүгнэж, өнөөдрөө маргааштай нь, хүнээ бодож, үр өгөөжтэй, үлдэцтэй зөв зарцуулах хэрэгцээ шаардлага бидний өмнө байна.
Экспорт нэмэгдэж, уул уурхайн орлого өсөлтийн гол цөм болсоор байгаа ч ажлын байр олноор нээдэг, хадгалдаг худалдаа үйлчилгээ, жижиг дунд бизнесийн ашиг орлого багасаж буй сорилт бэрхшээлийн дундуур ирэх оны улсын төсвөө хэлэлцэхээр цуглаад байна.
Дэлхийн байдлыг Улаанбаатарт өөрчлөхгүй нь үнэн боловч, шалтаг тоочин гомдоллож суух эрх бидэнд үгүй. Үнийн өсөлт, түлш шатахуун, эрчим хүчний хомсдолоос олон түмнээ хамгаалахын төлөө өөрсдөөс хамаарах бүхнийг хийх нь Засгийн газар, УИХ-ын үүрэг гэж ухамсарлаж байна.

