Монгол Улсын санаачилгаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2026 оныг Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил болгон зарласан билээ. Уг олон улсын жилийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Монгол Улсад зохион байгуулж буй Даян дэлхийн малчдын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр “Блью скай” зочид буудалд эхэллээ.
Энэхүү чуулга уулзалтад дэлхийн 102 орны нүүдэлчин, малчдыг байгууллага, иргэний нийгмийн төлөөлөл, их, дээд сургууль, судалгааны байгууллагын 240 орчим зочин, Монгол Улсын 100 гаруй малчид оролцож байна. Эдгээр төлөөлөгчид уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, бэлчээрийн доройтол зэрэг тулгамдсан асуудлаа хэлэлцэн, нүүдлийн мал аж ахуйн тогтвортой хөгжлийг дэмжих Улаанбаатарын тунхаглалын төслийг хэлэлцэн батлах юм. Мөн бэлчээрийн тогтвортой менежмент, нүүдлийн мал аж ахуйн ирээдүй, малчдын оролцоо, мэдлэг, туршлагыг олон улсын түвшинд сурталчлан таниулах асуудлаар санал солилцож байна.
Даян дэлхийн малчдын чуулганы нэгдсэн хуралдааны нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ерөнхий захирлын орлогч, Мал аж ахуй, малын эрүүл мэндийн хэлтсийн захирал Тханават Тиенсин, Монгол дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Яап Ван Хиердэн нар оролцож, үг хэлэв.

Чуулганаас батлахаар төлөвлөж буй “Малчдын тунхаглал”, “Эмэгтэй малчдын тунхаглал”, “Залуу малчдын тунхаглал” нь малчид, түүний дотор эмэгтэйчүүд, залуусын дуу хоолойг олон улсын бодлого, шийдвэр гаргах түвшинд хүргэхэд зорилготой юм. Даян дэлхийн малчдын чуулганаас Нэгтгэсэн үр дүнгийн баримт бичиг, Эмэгтэй болон залуу малчдын тунхаг бичиг, Хамтын ажиллагааны дэмжлэг үзүүлэх тунхаг, Бэлчээрийн менежментийн талаарх бодлогын зөвлөмжүүд, Хамтын ажиллагааны механизм ба сүлжээ, Дэлхийн түвшний танилцуулга ба сурталчилгаа зэргийг батална. Мөн хоёр тунхаг бичгийг Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд танилцуулна.
Даян дэлхийн малчдын чуулганыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран зохион байгуулж байна.
Дэлхий дахинд 200 гаруй сая хүн бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэн амьдардаг. Сүүлийн жилүүдэд дэлхийн өнцөг булан бүрд бэлчээр, тал хээр нутаг уур амьсгалын өөрчлөлт, хөрсний доройтолд өртөж, ган, зуд, үер, ой, хээрийн түймэр зэрэг байгалийн гамшгийн давтамж эрчимтэй нэмэгдэж байна. Мөн мал аж ахуй эрхлэгчид газар эзэмших эрх болон газар ашиглалтад гарч буй өөрчлөлт, зах зээлээс алслагдмал, нийгмийн үйлчилгээний хүртээмж сул байх зэрэг олон асуудал, бэрхшээлтэй тулж байгаа гэж үздэг.
Иймээс манай улс дэлхийн 100 гаруй орны малчдын эрх ашгийг хамгаалах, бэлчээрийн менежмент, ашиглалтыг сайжруулах, экосистемийн тэнцвэрийг хадгалах, хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах зорилгоор 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил болгох тухай” НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолыг санаачлан батлуулсан юм. Манай улсын дэвшүүлсэн “Тал хээрийн санаачилга” нь “Бэлчээрийн тэргүүлэх санаачилга”, “Ус ба газрын нэгдсэн менежментийн санаачилга”, “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтцийн санаачилга” гэсэн гурван чиглэлд тулгуурлана. Эдгээр нь цөлжилт, газрын доройтлыг бууруулах, бэлчээрийн экосистемийг хамгаалах, ус, газрын нөөцийн нэгдсэн менежментийг бэхжүүлэх, байгальд түшиглэсэн хөгжлийн шийдлүүдийг түгээн дэлгэрүүлэх, улмаар тогтвортой хөгжлийн төлөөх олон улсын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зорилготой юм.






