Гэмтлийн улмаас макүшита буюу мэргэжлийн сүмогийн дээрээсээ гурав дахь зиндаанд унаад байсан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ энэ сард өнгөтэй байна. Тэрээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын кюүшюү башёд макүшита зиндаанд өвдөг шороодолгүй түрүүлж жюүрёод дэвшин рикиши болсон юм.
Хацү башёгийн эхний арван өдрийн дараах байдлаар Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ ганц ч унаагүй 10 даваатайгаар зиндаагаа тэргүүлж байна. Түүнчлэн их аваргууд өнжсөн энэ сарын башёд макүүчи буюу дээд зиндааны дээд хэсэгт эрэмбэлэгдсэн өндөр цолтнууд ч тааруухан барилдаж байгаа юм. Арав дахь өдрийн дараах жагсаалтаас харахад озэки Гойэдо долоон даваа, гурван унаатай яваа бол озэъи Такакэйшо өнөөдөр давснаар найман даваа, хоёр унаатай болж тавин хувийн амжилтаа үзүүлжээ. Макүүчи зиндааг есөн даваа, нэг унаатайгаар маэгаширагийн баруун жигүүрийн дөрөв дэх бөх Шодай тэргүүлж байгаа юм.
Дээд зиндаанд барилдаж буй монгол сүмочдоос Тамаваши Б.Мөнх-Оргил өнөөдөр гурав дахь даваагаа авчээ. Тэрээр долоон унаатай болсон тавин хувийн амжилтаа үзүүлэхийн тулд цаашид дахин унах эрхгүй болж байна. Акүмарү С.Тодбилэг өнөөдөр учраадаа унаснаар даваа унаа тэнцсэн бол Кирибаяма Б.Лхагвасүрэн зургаа дахь даваагаа авчээ.