Үнийн өсөлтийн эсрэг авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын хүрээнд нийслэлийн төвийн зургаан дүүргийн 6 цэгт нөөцийн махны өргөтгөсөн худалдаа өнөөдөр 12 цагаас эхлэх гэж байна. Одоогийн байдлаар “Чойбалсан групп” ХХК, “Багануур мах маркет” ХХК, “Агро нэгтгэл трейд” ХХК гэсэн гурван компанийн үйлдвэрээс нийт 15.3 тонн нөөцийн мах дээрх цэгүүдэд хүргэгджээ.
Зургаан дүүрэгт нөөцийн махны өргөтгөсөн худалдаа өнөөдөр 12:00-20:00 цагийн хооронд, маргааш буюу 05 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 10:00-18:00 цагийн хооронд зохион байгуулагдана.
Байршил:
- Баянгол дүүрэгт “Байгаль эх” цогцолборт,
- Баянзүрх дүүрэгт Жуковын талбайд,
- Чингэлтэй дүүрэгт “Алтжин бөмбөгөр” худалдааны төвийн гадна талбайд,
- Хан-Уул дүүрэгт Төв цэнгэлдэх хүрээлэнд,
- Сонгинохайрхан дүүрэгт “Цамбагарав” худалдааны төвийн гадна талбайд,
- Сүхбаатар дүүрэгт “Хангай” хотхоны гадна талбай
Өргөтгөсөн худалдаагаар нөөцийн махыг анх гэрээнд тусгасан үнээр худалдаалах бөгөөд нэг килограмм үхрийн махыг 15,000 төгрөгөөр, хонины махыг 13,000 төгрөгөөр тус тус худалдаална.

