Friday, May 1, 2026

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

Date:

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр (2026.05.01) Улсын Их Хурлын гишүүн, Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ.

Хуулийн төслийг эдийн засгийн өсөлтийг дэмжихийн зэрэгцээ макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлийг оновчтой удирдах, цаашид үүсэж болзошгүй хүндрэлүүдэд урьдчилан бэлтгэх бодлогын хүрээнд боловсруулсан гэдгийг  Тэргүүн Шадар сайд танилцуулгадаа онцолсон.

Эдийн засгийн өсөлт 2027 онд 5.8 хувь, 2028 онд 6.0 хувь, 2029 онд ойролцоогоор 6.3 хувийн түвшинд хүрэх хүлээлттэй байна. Нүүрсний олборлолт тогтвортой өсөж, дэлхийн зах зээл дээрх бусад түүхий эдийн үнэ өсөх, экспорт тогтвортой нэмэгдэх төлөвтэй байгаа нь уул уурхайн салбарын өсөлтийг дэмжихээр байна. Хөдөө аж ахуйн салбарт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүд үргэлжилж, салбарын өсөлтөд эергээр нөлөөлөх хүлээлттэй байгаа бөгөөд мөн боловсруулах үйлдвэрлэл нэмэгдэх хандлагатай байна гэж байлаа.

Нөгөөтээгүүр, Ойрх Дорнодод үүсээд буй нөхцөл байдлын улмаас шатахууны үнэ өсөж, улмаар үйлдвэрлэлийн зардал нэмэгдэн, аж ахуйн нэгжүүдийн ашиг буурч, дунд хугацаанд хөрөнгө оруулалтын идэвх саарах төлөвтэй байна. Иймд үүсэж буй сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх нь эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалах боломжийг бүрдүүлнэ гэж төсөл санаачлагчид үзсэн байна.

Эдийн засгийн өрсөлдөх чадвар болон өрхийн бодит орлогын өсөлтийг дэмжих зорилгоор инфляцыг тогтвортой, зорилтот түвшинд бууруулах бодлого баримталж байна. Энэ хүрээнд 2027 онд 7.0 хувь, 2028 онд 6.0 хувь, 2029 онд 5.0 хувьд хадгалагдахаар тооцоолсон. Инфляцыг бууруулахад хөдөө аж ахуйн салбарт шинэчлэл хийж хүнсний нийлүүлэлтийг сайжруулах, экспорт, импорттой холбоотой зохицуулалтыг оновчтой хийж, гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх, төсвийн урсгал зардлын тэлэлтийг хязгаарлах зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ гэж Ж.Энхбаяр сайд танилцуулав.

Хуулийн төслийг Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан тусгай шаардлагуудыг ханган боловсруулсан байна. Тухайлбал,

Тэнцвэржүүлсэн орлого: Гол нэр төрлийн эрдэс баялгийн тэнцвэржүүлсэн үнийг олон улсын санхүүгийн мэдээллийн байгууллагуудаас гаргасан үнийн төсөөлөлд үндэслэхээс гадна макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдтэй уялдуулан төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг тооцсон. 

Нэгдсэн төсвийн суурь тэнцэл: Нэгдсэн төсвийн суурь тэнцлийг ДНБ-ий хоёр буюу түүнээс дээш хувийн ашигтай байна гэж заасан. Энэ хүрээнд нэгдсэн төсвийн суурь тэнцэл нь 2027-2029 онуудад дотоодын нийт бүтээгдэхүүний 2 хувьтай тус тус тэнцэж байгаа нь хуулийн шаардлагыг хангаж байна. 

Нэгдсэн төсвийн урсгал зарлагын хэмжээ: Нэгдсэн төсвийн урсгал зарлагын хэмжээ тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний 30 хувиас хэтрэхгүй байна гэж заасан. Энэ хүрээнд нэгдсэн төсвийн урсгал зарлагын хэмжээ (дотоодын нийт бүтээгдэхүүн) ДНБ-ний 30 хувиас хэтрэхгүй байх тусгай шаардлагыг хангаж байна.

Засгийн газрын өр: Засгийн газрын өрийн нэрлэсэн дүнгээр илэрхийлсэн үлдэгдлийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хэмжээг 2027-2028 онд 50.0 хувь, 2029 онд 45.0  хувь байхаар тооцсон нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.4-д заасны дагуу Засгийн газрын өрийн нэрлэсэн дүнгээр илэрхийлэгдсэн үлдэгдэл нь тухайн жилийн оны үнээр тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүний 60 хувиас хэтрэхгүй байх гэсэн хуулийн шаардлагыг хангаж байгаа аж.

Хуулийн төсөл батлагдсанаар Төсвийн хүрээний мэдэгдэл нь Монгол Улсын 2027 оны төсвийн зарлагын хязгаар, 2028-2029 оны дунд хугацааны зарлагын хязгаар төсөөлөл болон Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөл, холбогдох тооцоо, судалгааны үндсэн суурь үзүүлэлт болж, тэдгээрийг боловсруулах нөхцөлийг бүрдүүлн гэж төсөл санаачлагчид үзжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй газраас мэдээлэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Эрдэнэс Монгол” нэгдэл АНУ-ын аж ахуйн нэгжүүдтэй уул уурхайн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

“Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал Б.Даваадалай АНУ-аас Монгол Улсад...

“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр (2026.05.01) Улсын Их...

“Эрдэнэс Монгол” нэгдлийн Хувьцаа эзэмшигчдийн хурал боллоо

“Эрдэнэс Монгол” нэгдлийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар 2025 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцэн баталлаа. Хурлыг Монгол...

Доналд Трамп: Цөмийн хэлэлцээ хийх хүртэл Ираныг бүсэлсэн хэвээр байна

Иран цөмийн хөтөлбөрөөр хэлэлцээ хийхийг зөвшөөрөх хүртэл тус улсыг...