“Эрдэнэс Монгол” нэгдлийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар 2025 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцэн баталлаа. Хурлыг Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр даргалан явууллаа. Хурлын эхэнд “Эрдэнэс Монгол” нэгдлийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай 2025 онд хийж хэрэгжүүлсэн ажил болон 2026 оны зорилтын талаар танилцуулав. Хэдийгээр дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ унаж, геополитикийн асуудал үүсэх зэрэг сорилтууд тулгарч байгаа ч сорилтыг боломж болгох, цаашид тулгарч буй сорилтуудын шийдлийн талаар хувьцаа эзэмшигчдэд танилцуулав. “Эрдэнэс Монгол” нэгдэл өнгөрсөн онд:
- 12,8 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой
- 1,7 их наяд төгрөгийн цэвэр ашигтай
- 4,1 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлж
- 3,4 тэрбум ам.долларын экспорт хийжээ.
“Эрдэнэс Монгол” нэгдэл 2025 онд Монгол Улсын эдийн засагт оруулсан хувь нэмэр:
- Монгол Улсын татварын орлогын 15%
- Монгол Улсын нийт экспортын орлогын 22%
- Гадаад валютын албан нөөцийн 49%-ийг бүрдүүлж байна.
Манай улс дэлхийн бусад орны жишгээр баялгийн менежментийг төрийн өмчит компанийн нэгдсэн удирдлагаар хангаж, холдинг компанийн системээр баялгийн сангаа арвижуулж, одоо болон ирээдүйн иргэддээ өгөөжийг шударгаар хүртээн, стратегийн төслүүдээ хэрэгжүүлж, эдийн засгаа дэмжиж байна. Энэ дагуу “Эрдэнэс Монгол” нэгдэл 2024-2025 онд нийт 1 их наяд төгрөгийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлээд байна.
Үүнээс Хуримтлалын санд 2024 онд 495,6 тэрбум, 2025 онд 507,1 тэрбум төгрөг төвлөрүүлсэн бөгөөд 2026 онд 448,7 тэрбум төгрөг төвлөрүүлнэ. 2024 онд төвлөрүүлсэн мөнгөн дүнгээс 5291 өрх, 2025 онд 5000 өрхөд орон сууцны ипотекийн зээл олгосон бол 2026 онд нэмж 5000 өрхийг ипотекийн хөтөлбөрт хамруулах гэж байна. “Эрдэнэс Монгол” нэгдэл 2025 онд эрчим хүчний салбарт томоохон дэмжлэг үзүүлсэн нь төвийн эрчим хүчний системийг түлшээр хангадаг компаниудын хуримтлагдсан өр төлбөрийг барагдуулсан явдал байлаа. Тухайлбал “Багануур” ХК, “Шивээ- Овоо” ХК-ийн 194,6 тэрбум төгрөгийн хуримтлагдсан өр төлбөрийг барагдууллаа.
Мөн Хархорум хотын ногоон бүсэд 538 мянган мод тарьж, ургуулж байна. Геологи хайгуулын стратегиа тодорхойлж, ховор ашигт малтмалын хөтөлбөрөө батлуулсан зэрэг ажлын талаар Гүйцэтгэх захирал Б.Даваадалай онцлов. “Эрдэнэс Монгол” нэгдлийн хэмжээнд 2026 онд орлогоо өсгөж, экспортыг нэмэгдүүлэн, Стратегийн ач холбогдолтой чухал төслүүдээс сорчилж хөдөлгөн, хайгуулын ажлыг эрчимжүүлж, засаглалын шинэ шатанд гаргахаар төлөвлөн ажиллаж байгааг Гүйцэтгэх захирал Б.Даваадалай хувьцаа эзэмшигчдэд танилцуулав.
Хувьцаа эзэмшигчдийн хурлаас тайлант хугацаанд гаргасан үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцээд “САЙН” гэж үнэлэн баталлаа. Баялгийн өгөөжийг өрнөөс чөлөөлж, төсөл ордуудыг гацаанаас чөлөөлөх ажлыг “Эрдэнэс Монгол” нэгдэл манлайлан хийж хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг Хувьцаа эзэмшигчдэд танилцуулав.

