“Алим хазсан бүсгүй” …Мянга есөн зуун гучин хоёр оны франц бүсгүй Мари бидний өмнө сууна. Хамгийн сонин нь тэр гартаа iPhone утас барьжээ. Өнгөрсөн зуунд ийм гар утас сураггүй байсан үед шүү дээ. Их зураач Пабло Пикассогийн зурсан Мари Тереза бүсгүй уг нь ном уншиж суудгийг үзэгчид нь сайн мэддэг. Гэтэл одоо… Тэгэхээр тэр гар утсан дээрээсээ цахим ном уншиж байгаа болж таарлаа. Дөнгөж сая уншсанаа дүрслэн мөрөөдөв үү. Их л амар амгаланг олсон мэт харагдана. Ном нь заавал үг, үсгээр бүтсэн биш хөгжмийн эгшигтэй ч байж мэдэх юм. iPhone-оос гарсан холбогч утас дээш явсаар бүсгүйн чихэнд очжээ. Тэгэхээр бүсгүй сонссон аялгуундаа уярсан нь энэ юм болов уу? Өмнөд Солонгосын зураач Ким Донг Кюгийн зурсан “Алим хазсан бүсгүй” хөргийг бид үзэж байна. Пикассогийн бүсгүй алим хазжээ. Гарт нь хазсан алим харагдана. Зураач бодож олсон санаандаа тууштай бат зогсчээ. Зурагны зүүн доод өнцөгт Пикассогийн гарын үсгийг тавьчихсан байгаа нь үүнийг гэрчилнэ. Энэ дүрслэл нь хуучин шинэ хоёр үеийг гайхалтай холбож өглөө. Аугаа Пикассо бүсгүйгээ алим хазсанд огт уурлахгүй. Учир нь тэрээр өөрөө дээд зэргийн хүн явуулагч егөөдөгч байсныг тэрбум тэрбум үзэгч нь мэднэ.
…Галерейн тайлбарлагч ийн урсгаж гарлаа. Хэн гэдэг уран бүтээлчийн ямар зургийг тайлбарлаж байгааг уншигчид төвөггүй мэдэж авлаа. Наян зургаан жилийн тэртээх Мари бүсгүйн хөрөг, таван жилийн өмнөх “Алим хазсан бүсгүй” нэгэн бүтээлд уусан нэгдсэнийг та харж байна. Энэ бол аль нэг томоохон галерейд бус “Алим хазсан бүсгүй” хэмээх дээрх зургаар нэрлэгдсэн номон галерейд уншигч та хөл тавиад буй хэрэг. Хөтөч тайлбарлагч нь Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Ө.Рагчаасүрэн. Түүний гайхалтай уран бөгөөд өгөөжтэй сайхан тайлбарт автаад бичвэрээ шууд л “Алим хазсан бүсгүй”-н тухай яриагаар эхэлчихлээ. Найрамдлын Дархан хотод аж төрөн, уран бүтээлээ туурвин сууж, урлагийн гайхамшигт шидээр дэлхийг тойрон аялж байдаг Ө.Рагчаасүрэн хэмээх энэ эрхэм уран зургийн талаарх бие даасан гурав дахь бүтээл номон галерейгаа уншигчдадаа өргөн бариад байна. Тэрээр өмнө нь дэлхийн сонгодог болон орчин үеийн уран зургийн тухай “Сонсдог галерей” цомог, “Пикассо ирлээ” номууд хэвлүүлэн олны хүртээл болгосон юм.
Харин энэ удаа Ө.Рагчаасүрэн гавьяат дэлхийн шилмэл 111 уран зурагтай номон галерейдаа үзэгч уншигчдаа урилаа. Уран зургаар сэтгэлээ баясгая гэж хүмүүс галерейд очдог. Зохиогч өөрөө уран зургийн галерейн байнгын үзэгч тул хүмүүсийг ийшээ их ирээсэй гэж урин дуудаж байна. Түүний шилмэл уран зурагтай номон галерейн эхний хуудсыг нээнгүүт эрхэм уншигч та Францын Парис хотын Луврын музей эсвэл ОХУ-ын Санкт Петербургийн Эрмитаж, Москвагийн Третьяковын галерей, АНУ-ын Нью-Йоркийн Метрополитенд хөл тавьсан мэт сэтгэгдэл төрж, уран зургийн шидэт ертөнцөд татагдан орох болно. Италын сэргэн мандлын үеэс эхлээд Франц, Голландын уран зураг, Оросын сонгодог реалист зураачдын бүтээлээр дамжин орчин үеийн зураачдын бүтээлүүд энд бий. Леонардо Да Винчи, Пабло Пикассо, Сальвадор Дали, Ван Гог, И.Шишкин, Энди Уорхол, С.Заяасайхан, Анжела Жерих… Хүн төрөлхтний үе үеийн уран зургийн төлөөлөгчид энэ нэгэн номд багтан, таны өмнө шилмэл бүтээлүүдээ дэлгэн байна. “Алим хазсан бүсгүй” уран зургийн номд багтсан 111 шилмэл зураг бүгд хөтөч хөргүүдтэй. Дэс дарааллын хувьд Сэргэн мандалт болон шинэчлэлийн үе, Сонгодог болон импрессионизмын үе, Авангардизм, кубизм, сюрреализм, Орчин үе, Сальвадор Далитай шинэ үе гэсэн таванн бүлэгт хуваагджээ. Номын төгсгөлд дэлхийн уран зургийн түүхийн үе шат, уран зургийн урсгал, чиглэл, төрөл хийгээд дэлхийн шилдэг уран зургийн галерей, музейнуудын тухай мэдээллийг оруулж өгснөөрөө энэхүү ном уншигчдад цэгцтэй мэдээлэл, мэдлэг, мэдрэмж, таашаалыг зэрэг өгнө гэдэг эргэлзэх юмгүй. Энэхүү номон галерейн хөтөч соёлын гавьяат зүтгэлтэн Ө.Рагчаасүрэнгээс сэтгүүлч номынх нь хавтасны зургийн талаар сонирхоход, -Эхний зураг нь орчин үеийн зураачийн бүтээл. Зурган дээр Пикассогийн зурсан 1932 оны Мари бүсгүйн хөрөг харагдана. Сонирхолтой нь түүний гарт iPhone гар утас байгаа. Тэр үед ухаалаг утас сураггүй байсан цаг. Тэхээр хуучин шинэ хоёр өөр цаг хугацааг нэг дор авчирсан сэтгэлгээ зурган дээр илэрч байна. Хажууд нь Хятадын үндэсний гохуа уран зураг байгаа нь өрнө дорнын уран зургийн өнгө аясыг нэгэн доор үзүүлж байгаа юм. -Бүсгүй рүү нисэн ирж байгаа хоёр шувуу ямар утга санаа илэрхийлж байна вэ? -Хоёр шувуу нь их зураач Пабло Пикассогийн гайхалтай үгийн санаа. Пикассо “Уран зураг ойлгоё гэвэл шувуудын жиргээг мэдэр” гэсэн. Ямар ч хүний сэтгэл шувууд жиргэхэд сэргэдэг.Тэхээр хүмүүс оюунаа баясгахын тулд уран зураг үзэх нь хэчнээн сайхан. Шувуу жиргэж байгаа нь хүмүүсийг галерейд ирж уран зураг үз хэмээн урьж байгаа хэрэг хэмээн ярьжээ. Уран зураг үзээд төрсөн сэтгэгдлээрээ эсээ нийтлэлийн галерейг цувралаар бүтээсээр ирсэн энэ эрхэм уран бүтээлч “Галерей нь хүмүүсийн нүдийг баясган сэтгэлийн таашаал өгдөг гэгээн өргөө. Галерейд орж уран зураг үзэх ямар гоё гэж санана. Их зураач Сальвадор Дали “Сэхээрэлд хүрэх зам галерейгаар дайрдаг. Тэнд уулзацгаая” гэсэн юм. Тийм учраас энд хүмүүс их ирээсэй гэж би байнга урьдаг” хэмээн ярих дуртай. Түүний номон галерей хүмүүн таны зүрх сэтгэлд уран сайхны таашаал хайрлаж, оюун ухаанд хөрөнгө оруулалт болно гэдэгт итгэлтэй байна.
Василий Суриков. “Суворов Альпийг давсан нь”. 1899 онд зуржээ. Пьер Огюст Ренуар. “Шүхэр”. 1886 онд зурсан. Василий Суриков. “Суворов Альпийг давсан нь”. 1899 онд зуржээ.
Сандра Боттичели. “Хавар” 1482 онд зуржээ.
Пьер Огюст Ренуар. “Шүхэр”. 1886 онд зурсан.
С.Заяасайхан. “Монгол хатан” 2012 онд зуржээ.