Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн шинэ систем нэвтрүүлэх “Улаанбаатар метро” төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах II шатны Багц 1 тендер зарлагдаж, тендерийн материал хүлээн авч байна. Тус тендер нь 2025 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр нээгдсэн I шатны сонгон шалгаруулалтад оролцох сонирхлоо илэрхийлсэн дэлхийн 6 улсын нийт 27 аж ахуйн нэгж, компанийн дунд явагдаж байгаа юм.
Тендерийг EPC+F(Engineering, Procurement, Construction+Financing) нөхцөлөөр зохион байгуулж байгаа бөгөөд гүйцэтгэгч нь инженерийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах, тоног төхөөрөмж нийлүүлэх, барилга угсралтын ажлыг гүйцэтгэхийн зэрэгцээ төслийн санхүүжилтийн тодорхой хэсгийг бүрдүүлэх санал ирүүлэх шаардлагатай. Багц 1-ийн нийт төсөвт өртөгийн 85 хувийг гүйцэтгэгч тал санхүүжүүлэх, үлдсэн 15 хувийг нийслэлийн төсвөөс санхүүжүүлэхээр төлөвлөжээ.
Метро төслийн II шатыг хоёр багц болгон хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Үүнээс Багц 1-ийн тендерийг 2026 оны 5 дугаар сарын 1-ний өдөр нээх бол Багц 2-ын тендерийг 2026 оны дөрөвдүгээр улиралд зарлахаар төлөвлөжээ. Төслийн тендерийн үйл ажиллагааны хүрээнд олон улсын оролцогч байгууллагуудтай онлайн хурал зохион байгуулсан бөгөөд уг хуралд 11 компани оролцож, төслийн санхүүжилтийн шаардлага, Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний явц болон метро төслийн хэрэгжилтийн ерөнхий мэдээлэлтэй танилцаж, сонирхсон асуултандаа хариулт авсан юм. Уг уулзалт нь метро төслийн тендерийн үйл ажиллагааг олон улсын түвшинд нээлттэй, ил тод зохион байгуулах, оролцогч байгууллагуудад шаардлагатай мэдээллийг хүргэх зорилготой байв.
“Улаанбаатар метро” төсөл хэрэгжсэнээр оргил цагт нэг чиглэлд цагт 17,206 хүн тээвэрлэх хүчин чадал бүрдэх бөгөөд авто замын хөдөлгөөний эрчим 10 хувиар сайжирч, дундаж хурд 23.3 хувиар нэмэгдэх урьдчилсан тооцоо гарсан байна. Мөн нүүрсхүчлийн ялгарал жилд 213.6 тонн, азотын исэл жилд 400 тонноор буурах бөгөөд хотын хүрээлэн буй орчинд эерэг нөлөө үзүүлэх юм. Нийгмийн хувьд автобусаар 45 минутад туулах зайг метрогоор 15 минутад туулах боломж бүрдэж, өртөө орчмын бүсэд жижиг, дунд бизнес хөгжих нөхцөл бүрдэхээр байна. Түүнчлэн төслийг хэрэгжүүлэх хугацаанд 700 гаруй түр ажлын байр, ашиглалтад орсны дараа 745 байнгын ажлын байр бий болох урьдчилсан тооцоо гарчээ.

