Wednesday, April 1, 2026

Б.Даваадалай: Засгийн газар баялгийнхаа өгөөжийг  иргэддээ тэгш, шударгаар хүртээж, бодит үр дүн харуулахыг зорьж байна

Date:

Засгийн газраас уул уурхай, эрдэс баялгийн салбарт эхлүүлсэн цэгцрэх хөдөлгөөний хүрээнд стратегийн болон үүсмэл ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тодорхойлох, түүнийг хэрхэн эзэмших, хэрэгжүүлэх асуудлаар урьдчилан тохирч, “Ачит Ихт”, “Энержи ресурс”, “Хангад Эксплорейшн”, “Өсөх зоос” ХХК-тай өнгөрсөн мягмар гарагт хэлцэлд гарын үсэг зурсан. Энэхүү хэлцлийн үр дүн, ач холбогдлын талаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Даваадалайтай ярилцлаа.

-Засгийн газар стратегийн болон үүсмэл орд эзэмшигч зарим аж ахуйн нэгжтэй хувь, эзэмшил, өгөөжийн асуудал дээр ойлголцол, тохиролцоонд хүрч гар барилаа. Хэлцэлд гарын үсэг зурлаа. Энэ үр дүнд хүрэх хүртэл хэр бэрхшээлтэй байв?

-Мэдээж тодорхой цаг хугацаа зарцуулсан. Олон удаагийн хэлэлцээ, техникийн уулзалтуудыг хийсэн. 2025 оны наймдугаар сард баялгийн хулгайтай тэмцэх, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийн дийлэнх хувийг ард түмэнд хүртээх тухай Ерөнхий сайд Г.Занданшатарын 02 тоот албан даалгавар гарсан. Энэ албан даалгаврын дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогтоор ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд талууд 10 гаруй удаа уулзаж, хэлцэл хийснээр өнөөдрийн энэ үр дүнд хүрээд байна. Энэ бол баялгийн өгөөжийг иргэддээ хүртээх, хувь, хэмжээг тогтоох талаар төр, хувийн хэвшлийн хооронд хийсэн хэлцэл амжилттай болсон анхны тохиолдол.  

-Стратегийн ордод тусгай зөвшөөрөл эзэмшиж үйл ажиллагаа явуулж буй бүх аж ахуйн нэгжтэй хэлцэл хийж эхэлсэн үү. Эсвэл энэ дөрвөн компанийг сонгож авч хэлцэл хийсэн юм уу?

-2025 оны есдүгээр сарын 22-нд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар стратегийн орд эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн удирдлагатай уулзаж, хэлэлцээ хийх, хамтран ажиллах талаар санал солилцож, ажлын хэсэгт тодорхой чиглэл өгсөн. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын 16 ордод хайгуулын болон ашиглалтын 81 тусгай зөвшөөрлийг давхардсан тоогоор 41 хуулийн этгээд эзэмшиж байгаа. Эдгээр аж ахуйн нэгжийн төлөөлөл бүгд Ерөнхий сайдын уулзалтад ирсэн. Ерөнхий сайд энэ үеэр газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг иргэн бүрд хүртээх Үндсэн хуулийн зарчмыг хэрэгжүүлэх, бүтээмжтэй, хариуцлагатай, өрсөлдөх чадвартай төр, хувийн хэвшлийн түншлэлд хүрэх, Үндэсний баялгийн санг арвижуулж, Монголын ирээдүйг баталгаажуулах ёстой гэсэн зарчмын гурван байр суурь илэрхийлсэн. Стратегийн орд эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн удирдлагууд Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн тухай болон Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зохицуулалтын хэрэгжилтийг хангах чиглэлээр Засгийн газраас дэвшүүлсэн зорилт, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг дэмжиж хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа энэ үеэр илэрхийлсэн.

Энэ дагуу л Засгийн газрын ажлын хэсэг эхний ээлжид дөрвөн компанитай хэлэлцээний ширээний ард суусан гэж болно. Стратегийн ордуудын өгөөжийг шударгаар хуваарилах яриа хэлцлийн салхийг хагалж, төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад хүчин чармайлт гаргаж, тохиролцоонд хүрч чадсан үндэсний компаниуддаа энэ ташрамд талархал илэрхийлэхийг хүсэж байна.

-Яриа хэлцэл хийхдээ ямар зарчим баримталсан бэ?

-Өнгөрсөн хугацаанд стратегийн ордууд Монголын эдийн засгийн хөдөлгүүр байсан. Одоо ч тийм байна. Гэхдээ ард түмний эрх ашиг, ирээдүйн амьдралынх нь баталгааг хангахын тулд газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг тэгш, шударгаар хуваарилах зайлшгүй шаардлага урган гарч байна. Өөрөөр хэлбэл Үндсэн хуулийн үзэл санааг амилуулах ёстой гэсэн үг. Тиймээс Засгийн газар стратегийн орд эзэмшигч аж ахуйн нэгжүүдээ хэлэлцээний ширээнд урьсан. Хэлэлцээ хийхэд ил тод, нээлттэй, тэгш шударга, хууль дээдэлсэн, харилцан өгөөжтэй хамтын ажиллагаа чухал гэдэг зарчим баримталсан. Ингэж байж нийгмийн хариуцлагатай, нэмүү өртөг шингэсэн, экспортын чиг баримжаатай уул уурхай хөгжинө шүү дээ.

Стратегийн болон үүсмэл орд эзэмшигч дөрвөн компани үр өгөөжийнхөө 60 хувийг ард иргэдэд хүртээх тохироонд хүрчээ. Энэ нь иргэдийн амьдралд хэрхэн ашиг тусаа өгөх вэ. Бодитой өгөөж нь юу байх вэ?

-Стратегийн ордуудын үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх Үндсэн хуулийн заалт шууд хэрэгжиж эхэлнэ. Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасны дагуу стратегийн ордын үр өгөөжийн дийлэнх буюу 50-аас дээш хувь нь ард түмэнд ногдож байх зарчмыг давуулан биелүүлж өгөөжийн 60 хувь нь ард түмэнд ногдож байхаар дөрвөн компанитай тохиролцсон. Стратегийн орд, түүний үүсмэл дээр үйл ажиллагаа явуулдаг болон тусгай зөвшөөрөл эзэмшдэг хуулийн этгээдүүдийн төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоосноор Үндэсний баялгийн сангийн бүрэлдэхүүн хэсэг Хуримтлалын санд төвлөрөх орлого нэмэгдэж, иргэн бүрийн хуримтлалын нэрийн дансанд хуваарилагдана. Ингэснээр иргэд байгалийн баялгийн үр өгөөжийг тэгш, шударга хүртэх нөхцөл бүрдэх юм. Нэрийн дансанд хуваарилагдсан мөнгөө иргэд эрүүл мэнд, боловсрол, орон сууц гэсэн гурван зориулалтаар ашиглах боломжтой. Тэгж хуульчилж өгсөн.

Гэхдээ энэ бол одоохондоо зүгээр л хоосон бичилт, хааяа гаргаж харж байх тоо л биз дээ?

-Яг өнөөдрийн хуулиараа бол тийм. Үндэсний баялгийн санд төвлөрсөн хөрөнгийг 2030 он хүртэл ашиглах боломжгүйгээр хуульчилсан. Тиймээс сая хэлцэлд гарын үсэг зурсныг энэ өнцгөөс нь шүүмжлэх хүмүүс байна. 2030 он хүртэл иргэд Хуримтлалын данс дахь мөнгөндөө гар хүрч чадахгүй, тиймээс стратегийн ордуудын өгөөжөөс ойрын дөрвөн жил юу ч хүртэхгүй гэдэг утгаар нь ингэж хандаж байх шиг байна.

Үндэсний баялгийн сангийн хууль батлагдан хэрэгжиж эхэлсний үр дүн гарч, бодит ахиц, дэвшил бий болж байгаа ч хуримтлалын үр өгөөж нь иргэн бүрд хэзээ, яаж хүрч мэдрэгдэх нь тодорхойгүй байгаа нь үнэн. Засгийн газрын гол зорилт бол байгалийн нөөц, баялгаа улс орон, иргэдийнхээ эрх ашигт нийцүүлэн тэгш, шударгаар хүртээж, бодит үр дүнг харуулах явдал гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар удаа дараа мэдэгдсэн. 2030 он хүртэл сангуудын зарцуулалт хийхээргүй байгаа нь эрүүл мэнд, боловсрол, орон сууц, ипотекийн санхүүжилтийн өнөөгийн бодит хэрэгцээтэй нийцэж байна уу гэдгийг бодлогын түвшинд дахин нягтлах шаардлага байна гэж үзэж байгаа тул ирэх дөрөвдүгээр сарын 15-ны дотор “Зөвлөлдөн шийдье” зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулахаар Засгийн газрын энэ долоо хоногийн ээлжит хуралдаанаар шийдээд байна.

Өнгөрсөн оны есдүгээр сард Ерөнхий сайд Г.Занданшатар стратегийн орд эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг хүлээн авч уулзах үеэр Ирээдүйн өв сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах, тус сангийн хуримтлалыг орон сууцны зээлийн эх үүсвэр болгох боломжийн талаар санал солилцсон. Тухайлбал, АМНАТ-ийн 65 хувийг Ирээдүйн өв санд цуглуулаад хадгалчихаж байгаа юм. Өнөөдөргүй ирээдүй гэж байхгүй. Өнөөдөр иргэдэд энэ сангийн хуваарилалт очих ёстой. АМНАТ бол борлуулалтын орлогоос шууд татдаг хамгийн эрсдэлгүй татвар. Иймд АМНАТ-ийн тодорхой хэсгийг иргэдийн хуримтлалын санд төвлөрүүлэх нь зүйтэй гэсэн санал стратегийн орд эзэмшигч аж ахуйн нэгжүүдээс гарч байгаа.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

БНХАУ-ын шинжлэх ухааны уран зөгнөлт зохиолчдын уулзалт болов

БНХАУ-ын шинжлэх ухааны уран зөгнөлт зохиолчдын уулзалт Бээжин хотноо...

Володимир Зеленський: Төрийн тэргүүнүүдийн түвшинд хэлэлцээ хийх хэрэгтэй

Украин улс ОХУ-тай хийх энхийн хэлэлцээнд нухацтай хандаж байгаа,...

Бортээгийн ордод хөрөнгө оруулж, хамтран ажиллахаар 1 тэрбум ам.долларын санхүүжилтын санал ирлээ

Монгол Улсын Засгийн газар Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд...

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн бодлого тасалдахгүй, Монгол Улс урагшилсаар байх ёстой

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатарын УИХ-ын...